Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёота”, “Хонда” компаниуд дэлхийн зах зээлээс автомашинуудаа эргүүлэн татаж эхэлжээ. “Хонда” компани АНУ, Канадын зах зээлээс нийт 2.7 сая автомашиныг эргүүлэн татаж байгаа бол “Тоёота” компани дэлхийн зах зээлээс 3.4 сая автомашиныг эргүүлэн татаж эхэлжээ. Хоёулаа аюулгүйн дэртэй холбоотой асуудлаар ийм алхам хийж байна.
“Хонда” компанийн хувьд 1996-2003 онд үйлдвэрлэсэн Хонда маркийн хэд хэдэн загвар болон Acura маркийн загварын автомашинууд хамрагдаж байгаа бол “Тоёота” компанийн Corolla (2011-2019), Matrix (2011-2013), Avalon, Avalon Hybrid (2013-2018) маркийн автомашинууд зах зээлээс татагдаж байна.
Эдгээр компаниуд “Takata” компанийн аюулгүй дэрийг ашигладаг бөгөөд ослын үед аюулгүйн дэр задрахгүй эсвэл буруу задрах эрсдэлтэй байгаа аж. Японы “Takata” компани 2014 онд дуулианы төвд орж байжээ. Мэргэжилтнүүдийн тогтоосноор, тус компанийн үйлдвэрлэсэн аюулгүйн дэр ослын үеэр задрахгүй хагарч эсвэл автомашины салонд буй хүмүүс рүү төмрийн хэлтэрхий цацах аюултай аж. Энэ доголдлоос болж дэлхий даяар нийт 23 гаруй хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж байжээ. Тухайн үед 100 сая гаруй автомашиныг эргүүлэн татаж байсан бөгөөд 2017 онд тус компани дампуурсан байна.
Сэтгэгдэл ( 0 )