Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргана гэдэг тухайн үндэстэнд юу, юунаас илүү эрхэм зүйл. Их амжилт мэдээж хэрэг их төлөөсөөр олдоно. Чухам иймийн тул улс үндэстнүүдийн хөлбөмбөгийн холбоод өндөр үнэ төлөөд ч хамаагүй чадварлаг дасгалжуулагчтай гэрээ байгуулах сонирхолтой байдаг юм. Англи, Бразил Герман, АНУ энэ жил дасгалжуулагчдаа их үнэ төлж байна. Хамгийн гайхмаар нь Узбекистан улс шигшээ багийн дасгалжуулагчдаа өндөр цалин өгч байгаа юм.
10. Рональд Куман /Нидерланд/
Жилд 2.6 сая фунт

Нидерландын ард түмэн их сонин улс. Берт ван Марвек 2010 онд улбар шаруудыг шигшээ тоглолтод шалгаруулсан ч чухам Нидерландын гэх онцлогтой хэв маягаар тоглуулаагүй гэж шүүмжилж байв. Роналд Куман энэ их дарамтыг дааж давах, яг тэр хүссэн хэв маягаар нь тоглуулах бүрэн чадвартай дасгалжуулагч. Йоханн Кройфын удирдлагад Барселонад зүтгэж байсан тэрээр энэ хэмжээний туршлагатай болгосон ч байж мэднэ. Хэдийгээр энэ жил Нидерландын шигшээ баг харьцангуй сул бүрэлдэхүүнтэй байгаа ч амжилт гаргах магадлалтай гэж олон нидерландчууд харж буй.
9. Марсело Бьелса /Уругвай/
Жилд 2.61 сая фунт

Бьелсагийн хувьд гурав дахь улсаа дасгалжуулан ДАШТ-нд оролцох гэж байна. Тэрээр 2002 онд Аргентины шигшээ багийг, 2010 онд Чилийн шигшээ багийг удирдаж байлаа. Уругвайн шигшээ багийн чадамж, орсон хэсгийг нь харвал хэсгээсээ торох юмгүй гарахаар харагдаж буй. Сонгон шалгаруулалтад тэд Аргентин болон Бразилийн шигшээг буулган авч түүхэн ялалт байгуулсан. Тийм ч учраас ДАШТ-нд оролцож буй. Гэхдээ ДАШТ-ний өмнө нөхөрсөг тоглолт хийхгүйгээр шийдсэн нь олон хүнийг гайхшруулаад байна. Тэрээр Уругвайг удирдаж эхэлснээс хойш 20+ тоглолтод оролцож, 50-60%-д нь ялалт байгуулсан. Муугүй л амжилт.
8. Лионел Скалони /Аргентин/
Жилд 2.61 сая фунт

Дэлхийн аварга гэх эрхэм цолыг хамгаалж энэ удаагийн ДАШТ-нд оролцож буй багийн дасгалжуулагч гэхэд даруухан байгаа биз. Аргентинийн шигшээ ДАШТ-нд оролцох хүртлээ дасгалжуулагчийн хувьд ихээхэн буруу сонголт хийж байлаа. Санхүүгийн асуудалтай энэ улсын шигшээ багийг удирдана гэдэг амаргүй. Магадгүй бүх зүйл сайхан байсан бол Лионел Скалонни энэ шигшээг удирдахгүй ч байж мэдэх байсан. Ямар ч гэсэн шөвгийн наймд хүрэх бүрэн чадамжтай шигшээ бол Аргентин.
7. Дидье Дешам /Франц/
Жилд 3.31 сая фунт

Энэ жил ДАШТ-ний финалд зогсож байж мэдэх л баг. Магадгүй Платини, Зиданаас хойш шинэ алтан үе дээрээ явж буй баг бол Франц. Дидье Дешамын хувьд Францын дасгалжуулагчийн хувиар оролцож буй сүүлийн ДАШТ. ДАШТ дуусаад тэр ямар ч амжилт үзүүлсэн байлаа шигшээ багаа орхино гэдгээ зарлаад байна. Хоёр ДАШТ дараалан финалдсан энэ баг бүрэн нөөц бололцоотой гэдгийг сонгон шалгаруулалтын шатанд хангалттай харуулсан.
6. Роберто Мартинез /Португал/
Жилд 3.5 сая фунт

Бельгийн шигшээ багийн алтан үед удирдаад байнд ч үгүй банзад ч үгүй орхисон нь Мартинезийн хувьд маргашгүй үнэн. Өнгөрсөн жил Португалийн шигшээ Үндэстнүүдийн лигт түрүүлсэн. Гавьяа нь яалт ч үгүй түүн дээр яригдах ёстой. Одоо Португалийн шигшээ яг торгон ирэн дээрээ байна. Хагас хамгаалалтын шугам болон хамгаалалт дэлхийд яригдах хэмжээний ур чадвартай тоглогчдоор дүүрэн. Магадгүй түүний авч буй цалин Португал улс ямар ихийг хүлээж байгаа вэ гэдгийг хангалттай нотлох байх.
5. Фабио Каннаваро /Узбекистан/
Жилд 3.5 сая фунт

Төв Азийн таван улсаас ДАШТ-нд оролцож буй анхны улс нь Узбекистан. Хэд, хэдэн тоглогч нь европын топ лигүүдэд тоглож байгааг харахаар энэ улс сүүлийн жилүүдэд энэ салбартаа ямархан хэмжээний хөрөнгө оруулж байгаа вэ гэдэг нь харагдана. Италийн шигшээ багийн хамтаар төвийн шугамд гайхалтай тоглож 2006 оны ДАШТ-нд түрүүлэхийн зэрэгцээ, дэлхийн шилдэг хөлбөмбөгч болсон түүнээс Узбекүүд их зүйл хүсэж буй.
Сонгон шалгаруулалтад Тимур Кападзегийн удирдлага дор гайхалтай тоглолт үзүүлсэн ч дарийн утаа үнэрлэн, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байсан туршлагатай нэгнийг авах нь дээр гэж үзэн Каннаварог их үнээр авчирсан. Магадгүй оносон шийдвэр ч байж мэдэх юм.
4. Юлиан Нагельсманн /Герман/
Жилд 4.2 сая фунт

Дөч ч хүрээгүй Нагельсманн үеийнхнээсээ хамгийн өндөр цалинтай дасгалжуулагч юм. Шигшээ багт дуудагдсан Нойероос ч залуу гэж бодохоор ямархан ур чадвартай вэ гэдэг нь харагдана. Түүний тактикийн шинэлэг арга барилын ачаар Хоффенхайм, Лайпцих, Баейрн Мюнхен зэрэг клубуудэд ажиллах боломж олгосон. Бундеслигийн гигантыг удирдаад олигтой амжилт үзүүлээгүй ч бусад багуудад өөрийгөө нотлон харуулсан нь үнэн. Тийм ч учраас тэрээр 2028 оныг хүртэл Германы шигшээг удирдахаар болсон билээ.
3. Маурисио Почеттино /АНУ/
Жилд 4.53 сая фунт

АНУ энэ жил том амбицтай орж ирж байгаа. Тэмцээнийг зохион байгуулагч гэдгээрээ шууд эрхээ аваагүй бол сонгон шалгаруулалтаас ч гарч ирэхэд бэрхтэй байсан байж мэднэ. Хэд, хэдэн удаа нөхөрсөг тоглолт хийхэд том шигшээ багуудад хожигдсон. Харин түвшин ижил багуудтай алалцсаар л байдаг. Тэр бол АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн түүхэнд хамгийн өндөр цалинтай дасгалжуулагч. Зохион байгуулагч улс хэсгээсээ гарч болох ч хасагдах шатанд тун амаргүй өрсөлдөгчид хүлээж байгааг санахад илүүдэхгүй.
2. Томас Тухель /Англи/
Жилд 5.06 сая фунт

Гаррет Саутгейтийн удирдлагад Английн шигшээ өнгийг олсон. Шөвгийн дөрөвт хүртэл шалгарч байлаа. Английн шигшээ түүнийг залгамжлагчийг сонгохдоо гайхмаар сонголт хийж Герман мэргэжилтнийг авчирсан билээ. Тэрээр Аваргуудын лигт хоёр финалдаж, нэгт нь цом өргөсөн Тухель том тэмцээнд юу хийхээ мэднэ. Залуу тоглогчидтой учраа амархан ололцдог гэдгээрээ алдартай Тухелийн арга барил чухал гэж үзсэн учраас Английн хөлбөмбөгийн холбоо түүнд ийм хэмжээний цалин санал болгосон байх.
1. Карла Анчелотти /Бразил/
Жилд 8.28 сая фунт
Домогт дасгалжуулагч Дон Карло жагсаалтыг ийнхүү тэргүүллээ. Аваргуудын лигт таван удаа түрүүлж, Европын топ таван лигт бүгдэд нь цом хүртсэн энэ аварга дасгалжуулагч замналынхаа төгсгөлийг гайхалтай хийхийг зорьж байгаа. Гэхдээ тэр төрөлх Итали биш Бразилын шигшээ багийг сонгосон нь анхаарал эрхгүй татна. Дэлхийн аваргад түрүүлэлгүй 24 жил болж буй энэ баг сүүлийн жилүүдэд уналтад орсон. Амжилт, ялалтаар ч цангасан. Ядаж байхад энэ жилийн шигшээн бүрэлдэхүүн ороо бусгаа байна. Гэхдээ тэр сэтгүүлчдэд “ямар ч гэсэн учрыг нь олно” гэдгээ амласан. Бразилын хөлбөмбөгийн холбоо ч түүний арга барилд сайшаалтай хандаж байгаагаа илэрхийлээд буй. Ямар сайндаа түүний гэрээг 2030 он хүртэл сунгаж байхав дээ.
Сэтгэгдэл ( 0 )