COP17-ын Санхүүжилтийн өдрийн хүрээнд “Монголын бэлчээрийн тогтвортой хөгжилд санхүүжих боломжтой шийдлүүдийг танилцуулах нь” (Greenlab-Pitching bankable solutions for Mongolia’s rangelands) хөрөнгө оруулалтын онцлох арга хэмжээ Цэнхэр бүсэд болж байна. Уулзалт хэлэлцүүлгийг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан нар үг хэллээ.
Сайд Ц.Идэрбат хэлсэн үгэндээ, Монгол Улсад сүүлийн 70 жилд дундаж температур 2.4 хэмээр дулаарч, ган, зудын давтамж ойртон, бэлчээрийн доройтол хурдацтай явагдаж байна. Гэвч өнөөдөр бид алдагдал, эрсдэлийн тухай ярихаас илүүтэй шинэ боломж, шийдлийн тухай хэлэлцэхээр энд ирсэн. Улс төрийн амбиц, бодлогын зорилтыг институцийн хөрөнгө оруулалт татах боломжтой, санхүүгийн хувьд өгөөжтэй төслүүд болгон хувиргах цаг нь болсон хэмээн онцлов. Мөн тэрбээр өнөөдрийн арга хэмжээнд бэлчээрийн доройтлын үндсэн шалтгааныг арилгах холимог санхүүжилт (Blended Finance)-ийн “Цөөн боловч чанартай мал”, Санхүүгийн шинэлэг хүртээмж, Үндэсний чанар, гарал үүслийн баталгаажуулалт: “Хариуцлагатай нүүдэлчин” гэсэн гурван багц шийдлийг хөрөнгө оруулагчдад танилцуулж байгааг дурдаж, институцийн хөрөнгө оруулагчид, хөгжлийн санхүүгийн байгууллагууд болон олон улсын түншүүдийг “Үндэсний ногоон лабораторийн Хөрөнгө оруулагчдын сүлжээ”-нд албан ёсоор нэгдэж, бодит хамтын ажиллагааг эхлүүлэхийг уриаллаа.
Энэхүү арга хэмжээний үеэр “Үндэсний Ногоон Лаб” платформын 2026 оны хөтөлбөрт шалгарсан 15 төслөөс найман баг бэлчээр хамгаалал, газрын нөхөн сэргээлт, хөрсний эрүүл ахуй, тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ болон технологид суурилсан шийдлүүдээ олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд, бодлого боловсруулагчид болон COP17-ийн төлөөлөгчдөд танилцуулж байна.
Төсөл бүр таван минутын хөрөнгө оруулалтын танилцуулга хийж, мөн арга хэмжээний оролцогчидтой асуулт, хариулт өрнүүлж байгаа бөгөөд эдгээр төслийг бодит хөрөнгө оруулалт, стратегийн түншлэл болон олон улсын санхүүжилтийн боломжуудтай холбох зорилготой.
“Үндэсний ногоон лаб” нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар байгуулагдсан бөгөөд Монголын бизнесийн зөвлөл болон Байгалийн өв сан гол хэрэгжүүлэгч байгууллагаар нь ажилладаг. Хөрөнгө оруулагчид болон төсөл хэрэгжүүлэгчдийг холбох үйл ажиллагааг явуулдаг юм.

Сэтгэгдэл ( 0 )