Зарим дуу зүрхэнд үлддэг...

З.Тэмлүүн | Zindaa.mn
58 минутын өмнө

Зарим дууг бид зүгээр л сонсдог. Харин зарим дуугаар амьдралаа дурсаж, хайртай хүмүүсээ санаж, залуу насаа эргэн тэмтэрдэг… Тийм дуу, тийм дуучдын нэг нь уянгын дууг амин зүрхнээсээ амилуулдаг дуучин Т.Дэлгэрмөрөн билээ.

Дээгийгийн хоолойгоор эгшиглэсэн дуунууд хайр дурлалын илэрхийлэл, нөхөрлөлийн хэлхээс, хагацал гунигийг зөөллөсөн аялгуу байж чаддаг.   

“Эргэж битгий хар”, “Дурлахгүйгээр үнсэлцье” эгшиглэхэд хэдэн арван жилийн өмнөх залуу нас, анхны хайр, мартагдаагүй учрал, сэтгэлд үлдсэн хүмүүс өөрийн эрхгүй дурсамжид хөвөрдөг...

Урлаг гэдэг зөвхөн тайзан дээр дуулахын нэр биш. Энэ бол цаг хугацааг даван үлдэж, хүний сэтгэлд амьдрахын нэр. Т.Дэлгэрмөрөн олон жилийн уран бүтээлийн замналдаа эстрадын дуунаас эхлээд үндэсний өнгө аястай уран бүтээлүүдээрээ ч сонсогчдын сэтгэлд өөрийн орон зайг бүтээж ирсэн уран бүтээлч.

Амьдралын замд ирсэн алдаа оноо, баяр гуниг, уналт босолт бүхэн хүнийг өөрчилж, ухааруулж, дотроос нь төлөвшүүлдэг. Харин жинхэнэ уран бүтээлчийн үнэ цэн нь тэр бүхний эцэст ч сэтгэлээсээ дуулж, түүнийг сонсдог хүмүүстэй дуу хөгжмөөрөө холбогдож чаддагт оршдог биз ээ. Ердөө маргааш түүний дууг амьдаар сонсож, нэгэн цагийн дурсамжаа сэргээж, сэтгэлээ хөглөх онцгой мөч ирэх гэж байна. Энэ үдэш бид зөвхөн дуу сонсоод өнгөрөхгүй. Магадгүй анхны хайраа, хамтдаа дуулж явсан найзуудаа, дахин ирэхгүй залуу насаа, сэтгэлийнхээ гүнд хадгалсан нандин бүхнээ эргэн дурсах биз ээ.

Нэгэн цагт бидний сэтгэлд хүрч байсан дуунууд өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүйг мэдрэх аз жаргалтай байдаг. Учир нь жинхэнэ дуу цаг хугацаатай хамт хуучирдаггүй, харин дурсамжтай хамт улам үнэ цэнтэй болдог.

Тийм ч учраас дуу аялгуугаар дамжуулан дурсамжтайгаа уулзах нэгэн үдшийг Дээгий бидэнд бэлэглэхээр шийджээ. Тийм ээ, заримдаа бид дууг зүгээр л сонсдог. Харин зарим дуу зүрхэнд үлдэж, зарим дуу хоолой цаг хугацааг даван амьдардаг… 

Монголын рок, поп урлагийн нэгэн үеийн дурсамж, мянга мянган хүний сэтгэл зүрхэнд хоногшсон “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн урлаг, аялгуу, мэдрэмжийг ойроос хуваалцах болзоот үдэш маргааш тохионо. Зүрхэнд үлдээсэн түүний дууг хамт дуулъя...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top