2026–2027 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн Төв аймгийн төвд математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн “Эрдэмт ирээдүй” ахлах сургууль үйл ажиллагаагаа эхлүүллээ.
640 хүүхдийн суудалтай тус сургууль нь бага, дунд, ахлах боловсролыг нэгтгэсэн цогцолбор хэлбэрээр байгуулагдсанаараа онцлог юм. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд шинээр 11 төрөлжсөн ахлах сургууль үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа аж.
“Эрдэмт ирээдүй” сургуульд сурагчид математик, физик, хими, байгалийн ухааны чиглэлээр гүнзгийрүүлэн суралцахын зэрэгцээ лабораторид туршилт, судалгаа хийх боломжтой. Энэ хүрээнд хими, физик, байгалийн ухааны лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар ажиллаж байгаа юм.
Мөн 11, 12 дугаар ангийн сурагчдад зориулсан ухаалаг кабинет байгуулж, сургалтын орчныг шинэчилжээ. Түүнчлэн сурагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Кембрижийн хөтөлбөрт суурилсан англи хэлний тэнхим байгуулж, Төв аймгийн 14 суманд Филиппин улсын 13 багш ажиллан, орон нутгийн багш нартай хамтран хичээл зааж байна. Энэ хүрээнд 400 орчим хүүхдийг зуны сургалтад хамруулжээ.
Төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоо нь сурагчдад өөрийн сонирхол, авьяас, ирээдүйн мэргэжлийн чиглэлд нийцүүлэн хичээлээ сонгож, ахлах ангиасаа гүнзгийрүүлэн суралцах боломж олгох зорилготой. Ингэснээр их, дээд сургуульд элсэн суралцах академик бэлтгэлээ эртнээс хангахаас гадна гадаадын их, дээд сургуулиудад 2+2, 3+1 зэрэг хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцах боломж бүрдэх юм.
Сургуулийн дэд бүтцийн хүрээнд дотуур байрны асуудлыг шийдвэрлэж, 200 автомашины зогсоол байгуулсан бөгөөд хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүд суралцах боломжтой хүртээмжтэй орчныг бүрдүүлжээ.







Сэтгэгдэл ( 0 )