13 дугаар зуунд зорчсон тэмдэглэл

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 04

Цонжин болдог дахь Чингис хааны хөшөөт цогцолбороос Төв аймгийн Эрдэнэ сумын төвд хүрч, орчноосоо үл ялгагдам өнгөтэй, адууны дэл сүүлэн хиур бүхий модон самбарыг хайж оллоо. Самбарт “13 дугаар зуун Үндэсний цогцолбор” гэж кирилл монгол болон уйгаржин монгол үсгээр бичжээ. “20км” гэж бичсэн жижиг модон тэмдэглэгээ ойролцоо харагдах нь цогцолбор хүртэлх зайг заасан нь тэр байх гэж бодлоо. Цэнхэр дээр цагаанаар “Өвөржанчивлан” гэж бичсэн тэмдэглэгээ яг дэргэд нь харагдана. “Жиип сервис” компанийн жолооч Бямбаа микро автобусныхаа километрийн заалтыг нойллоод хөдөллөө. Ойролцоогоор гурван километр орчим яваад байтал замд нутгийн мотоциклтой залуу тааралдав. Түүнээс зам асуухад, “Яг энэ замаараа яваарай” гээд бараг л зурах шахам зааж өгөв. Холгүйхэн жижиг модон тэмдэглэгээ харагдах нь сум хэлбэртэй байх аж. Бидний харж буй талд ямар ч бичиг байхгүй тул машинаасаа буугаад нөгөө талаас нь харлаа. 17км гэж бичжээ. Бид зөв замаар явж байгаа бололтой. Нүдэнд шууд тусахааргүй жижиг хэмжээтэй, анхаарал татахааргүй, нэлээд онгож гандсан модон тэмдэглэгээнүүд байх тул анх удаа ирж буй туршлагагүй хүн олж харахад хэцүү. Гэвч иймэрхүү тэмдэглэгээ байдаг гэдгийг бидэнд компанийн менежерүүдийн хэн нь ч хэлээгүй билээ.
Улаанбаатараас 96 километр зайд байх тус цогцолборт хүрэхийн тулд Чингис хааны хөшөөт цогцолбор байрлах Цонжин болдогийн яг дэргэдүүр явж өнгөрдөг. Бид өмнө нь төөрч будилж, машинаа чирүүлж буцсанаасаа хойш долоо хоногийн дараа хоёр дахь удаагаа илүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр ирж байгаа нь энэ. Өртөө улаач, харуулын отогт хуучин танил залуу угтаж авлаа. Тэрээр биднийг таньж, инээмсэглэж байна. “Ойрд хүн ихтэй, хүнсний хангалт нэмэгдэж ирээгүй байгаа учир хоолгүй ваучер бичнэ” гэж хэлж биднийг сандаргаад авав. “Арай ч дээ, ирэх болгонд нэг асуудалтай байж болохгүй ш дээ” гэж байж хоолны зардал орсон 26,000 төгрөгийн ваучераа бичүүллээ. Харин 0-6 насны хүүхэд үнэгүй, 6-12 настай хүүхэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, 12-оос дээш насны хүүхэд насанд хүрэгчдийн тарифаар үйлчлүүлдэг гэнэ. Гадаадын иргэний хувьд бас л ялгаварлагдсан тарифтай бөгөөд 62,000 төгрөгөөр цогцолборыг үзэж, хоолны зардал нэмэгдвэл 72,000 төгрөг төлдөг ажээ. Жолоочийг отог руу оруулсангүй. Тусдаа мөнгө төлөх ёстой гэсэн тул жолооч “үзэх шаардлагагүй” гэж хэлээд гадаа хүлээхээр болов.  “Энд зам зуур байдаг хөдөөгийн цайны газруудын менежмент энд хэрэгтэй юм байна даа” гэж бид ярилцаж байлаа. Учир нь хөдөөгийн цайны газруудад үйлчлүүлэгч авчирсан жолооч үнэгүй хооллох эрхтэй байдаг нь сайн менежмент болж орлогыг нь нэмэгдүүлдэг. Тэгвэл энд тодорхой тооны үйлчлүүлэгч авчирсан жолооч цогцолборыг үнэ төлбөргүй үзэж яагаад болохгүй гэж. Хоолныхоо мөнгийг бол төлдөг л юм байгаа биз. Бид ямар ч байсан жолоочийн хоолны мөнгө 10,000 төгрөгийг төлж, ваучер дээрээ нэмж бичүүллээ. Ингээд Өртөө, улаач, харуулын отгийн танилцуулгыг сонсож эхлэв.

ӨГӨДЭЙ ХААНЫ ӨВ
“Монгол мориор 30-32 километр замыг туулж дараагийн өртөөн дээр унаагаа сольж довтолгосоор мэдээ, мэдээллийг долоо хоногийн дотор эзэнт гүрний өнцөг булан бүрт хүргэж чаддаг байсан” хэмээн тайлбарлагч бидэнд танилцууллаа. Өртөөг анх байгуулсан Өгөдэй хааны нэрийг дурьдахаа ч мартсангүй. Бидний орж үзсэн хамгийн том өргөө нь Өртөөний ноёны өргөө гэнэ. Сархинаган тоонотой, дөрвөн баганатай энэхүү өргөө ил гал түлэхэд утаа нь шууд тооноороо гардаг онцлогтой аж. Гэрийн хойморт Монгол төрийн хар, цагаан сүлдийг залсан байх бөгөөд сүлднээс адис авахыг зөвшөөрдөг юм байна. Энд мөн монгол цэргийн хуяг дуулга өмсөж зургаа татуулах боломжтой тул манайхан төд удалгүй баатар эрчүүд болон хувирав. Бидний хувьд хүнд жинтэй санагдсан хөө хуяг, дуулга, сэлэм тэргүүтэн “загвар” тул хөнгөн жинтэйд тооцогддог аж. 13 дугаар зууны үеийн монгол баатрын хөө хуяг, дуулга, хувцас хэрэглэл, зэр зэвсэг нь нийтдээ 50-70 орчим килограмм жинтэй байсан тухай бид тайлбарлагчийн ярианаас сонслоо. Биднийг ийнхүү зургаа татуулан баясч байх зуур дараагийн хүмүүс олноороо ирсэн тул бидэнд зориулсан танилцуулга үүгээр дууссан юм. Бид тайлбарлагчид талархал илэрхийлээд Урчуудын отгийг зорив.
Уул өөд өгссөн тод замаар зүүн гар талаа барин явсаар хадны дунд нууцлагдмал байрлах Урчуудын отогт хүрлээ. Модон тавцан, шат, цамхаг зэрэг алсын бараа харах, бас нуугдах ч зориулалттай болов уу гэмээр байгууламжуудыг хийж, модон тавцан дээр гэрүүдээ барьсан нь өвөрмөц харагдах энэ орчинд биднийг эртний загварын дээлээр гоёсон гэр бүлийнхэн угтаж байв. Отгийн төв хэсэгт байх гэрт биднийг урьж, боорцогоор дүүрэн тавагтай идээгээр дайллаа. Гэрийн тавилга, эд хэрэгслүүд нь эртний хийцтэй харагдана. Урчуудын отог нь 13 дугаар зуун Үндэсний цогцолборын хамгийн анхны отог юм байна. 2006 онд байгуулагдаад бусад бүх отгийнхоо тавилга, хувцас хэрэглэлээс эхлэн “бүгдийг” хийсэн урчуудын ажил одоо ч дуусаагүй нь илт. Хамгийн сүүлд 2008 онд Харуулын отог байгуулагдсанаар цогцолбор зургаан отогтой болсон гэж эзэгтэй бидэнд ярилаа. Урчуудын отогт дархан, мужаан, оёдолчид ажилладаг гэнэ. Гэрүүд бортогон тоонотой, бургасан унь, ханатай, уран зурагт гардаг шиг дүр төрхтэй байх нь үнэхээр 13 дугаар зуунд ирчихэв үү гэж бодогдохоор байсан билээ.
Гэрийн эзэгтэй бидэнд арвайн гурил хийдэг технологио бодитоор нь үзүүлэв. Тээрмийн бул чулууг уулын ар, өврөөс нэг нэгээр нь сонгож авдаг байна. Уулын арын чулууг эр чулуу, өврийн чулууг эм чулуу гэх ба эр чулууг дор нь эм чулууг дээр нь байрлуулдаг бөгөөд арын чулуу чийг ихтэй, өврийн чулуу чийггүй хуурай байдаг учир арвайг тээрэмдэж арвайн гурил гаргаж авахад тохиромжтой байдаг ажээ.
Өртөө, улаач, харуулын отогт манай багийнхан баатар эрсийн дүрд хувирч байсан бол Урчуудын отогт эртний монголчуудын төрөл бүрийн хувцсыг өмсөж, түүхэн киноны гол баатрууд болон өөрчлөгдлөө. Үнэхээр таалагдсан шүү. Яг энэ үед цаг хугацааны машинд суугаад аялсан мэт сэтгэгдэл төрж байсан нь гайхалтай. Учир нь бид тэрхэн мөчид энэ цаг үеэс өөр ертөнцөд амьдарч байлаа. Гэвч дараагийн зочид автобус автобусаараа ирсэн тул бидний явах цаг болов. Бидэнтэй хамт зургаа татуулсан эртний бяцхан хүүхэд, бидэнд үйлчилсэн гэр бүлийнхэн нууцлагдмал ертөнцдөө гар далласаар үлдлээ.

ТАТА ТУНГА-ГИЙН ӨРГӨӨ
Номын өргөө нь Урчуудын отгоос хол биш ажээ. Биднийг угтсан залуу бүсгүй аялал жуулчлалын чиглэлээр их, дээд сургууль төгсөөд энд ажиллаж байгаа гэнэ. Тата Тунга-гийн өргөө болон монгол бичгийн түүхээс бидэнд сонирхуулан ярьж, өргөөнд зочилсон хүн бүрийн нэрийг муутуу цаасан дээр уйгаржин монгол бичгээр бичиж өгсөн нь ихэд таалагдав. Зөвхөн номонд л нэр дурьдагддаг үнсэн самбар дээр үг бичиж үзсэн маань бидний хувьд гэнэтийн бэлэг байлаа. Хоймрын ширээн дээрхи тэрэг, морь, тэмээ, цагаан шонхор бэрс, хангарьд ноён, “бар”хүү-ыг сийлбэрлэн хийсэн жинхэнэ монгол шатар анхаарал татаж, гурван толгойтой морин хуур хараа булаасан 13 дугаар зууны бичиг номын ертөнц сэтгэлд дулаахан дурсамжийг үлдээлээ.
Малчны отогт цагаан идээгээр дайлж угтсан нь сайхан байсан ч, малаа ариутгаж байхтай нь таарсан учир удаан тогтоход хэцүү байсан. Жуулчид химийн бодисын үнэрээс зугтан, ам хамраа дарчихсан автобус руугаа гүйлдэж байв. Керолин хэмээх энэ бодисын үнэр монголчуудын хувьд танил ч гадныхны хувьд аглаг зэлүүд талд учирна гэж бодоогүй зүйл болох нь илт. Бидний хувьд ч таатай байсангүй. Уг нь малчин айлуудаар орж, тэмээ, морь унаж үзэх сонирхол их байсан ч бас л удаан байж чадсангүй. Энэ ариутгалын ажлаа орой хийж болоогүй юм байх даа хэмээн ярилцсаар тэмээ унуулах хүнийг нь хүлээн зогслоо. Удалгүй европ маягийн хувцастай ариутгал дээр ажиллаж байсан малчин ирж тэмээгээ сөглөв. Тэмээ нь маш их ядарсан, нүднээс нь бөөн... Үргэлжлэлийг эндээс уншина уу

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top