Малчид “Хаан банк”, хятад эздийн малыг маллаж байна.

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 25



Өнгөрсөн жилийн зуданд малчдын ихэнх нь малаа барсанаас  амьжиргааны гол эх үүсвэрээсээ салж  амьдралын түвшин  доошилсныг хэн хүнгүй мэдэж байгаа.  Зудыг далимдуулан зарим  аж ахуйн  нэгж, хятад иргэд нилээд хөлжөөд авсаныг нуух юун. Сүүлийн үед монголын мал сүрэг хоёр хэсэгт хуваагдсан гээд хэлчихэд хилсдэхгүй. Ялангуяа өр зээлэнд баригдсан ихэнх малчдад  “ХААН” банкны барьцаанд малаа тавих нөгөө хэсэг нь хятадуудад худалдах гэсэн хоёр замаар явахаас өөр аргагүй болжээ. Төр засаг  малчдын амьдралыг дээшлүүлэх талаар ганц нэг төсөл хэрэгжүүлсэн нь  хэдхэн тооны хүмүүсийн халаасыг дүүргэсэнээс хэтэрсэнгүй.  Уншигч та Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймгуудад хятад малчид бий боллоо гэж дуулбал гайхах байх. Эдгээр аймгуудын малчид үндсэндээ “ХААН”  банк , хятад эздийн малыг маллаж байна гэж болно. Учир нь ядарсан ихэнх малчид  “ХААН” банкны зээлийн хүүг төлөхийн тулд хятадуудад малаа маш хямдхан худалддаг аж.  Өөрөөр хэлбэл нэг хонийг 9000-10000 төгрөгөөр, нэг ямааг 6000-9000 төгрөгөөр  тооцож  хятадуудад худалдан “ХААН” банкны өрийг арай ядан дардаг явдал газар авч байна.  Хятадууд бүр давраад хоттой хонь, азаргатай адуу, тугалтай үнээг үл ялган маш хямд үнээр худалдан авцгааж  ихэнх тохиолдолд хятад малчнаар малаа маллуулдаг шинэ төрлийн тогтолцоо говь нутагт үүссэн гэхэд хилсдэхгүй болжээ.  Харин хятадын жижиг гарын наймаачид худалдаж авсан малаа хуучин эзнээр нь маллуулах сонирхолтой бөгөөд хөлсөнд нь бага хөлс амладаг ч хоногийн хоолоо арай ядан залгуулдаг малчид  үг дуугүй толгой дохидог  аж.  Ийнхүү Дорнод болон монголын өмнөд хэсгийн  мал сүргийн ихэнх  нь Хаан банк,  хужаа малчдын гарт ороод дуусаж байна.  Тэд  худалдаж авсан малаа өөрсдийн танил монгол хүмүүсийн нэр дээр болгож  тооллого шалгалтыг  амархан давдаг гэнэ.  Бид  мал сүргээ  харийнханд алдаад эхэлбэл юун нөгөө үндэсний аюулгүй байдал. Гадныханд  хамаг нандин бүхнээ элсэн цаг лугаа урсгаж байгаагаа төрийн толгойд сууж байгаа түшээд минь мэдэж байна уу?  “Хэл, хил, мал” гуравтайгаа байвал хэн баян монгол баян”  
Д.Жаргалсайхан. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top