Увс нуурт 22 настай эрэгтэй живж амиа алджээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.07.20-2026.07.26) нийслэлийн найман дүүрэг, 14 аймгийн 26 суманд аюулт үзэгдэл, ослын 67 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа.

Нийт дуудлагын 44 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь хүчтэй салхи шуурга, хоёр нь газар хөдлөлт, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Тухайлбал, Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн "Увс нуурын хөвөө" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 35 км, сумын төвөөс зүүн зүгт 60 км/-т өдрийн 21:30 цагийн орчимд, иргэн Ж.Б /22 настай, эрэгтэй/ Увс нуурын усанд осолдсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:35 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газраас Увс нуурын эргийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, иргэн Б /22 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагаа зохион байгуулжээ. Улмаар өнөөдөр 06:55 цагт Увс нуурын эргээс дотогшоо зүүн урд зүгт 300 метрийн зайд, 7 метрийн гүнд живж нас барсан байсныг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top