Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын гүйцэтгэл 30%-д хүрснийг албаны хүн мэдээллээ. Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны(УБЗАА) тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Ц.Ариунбаяр хэлэхдээ “Ногоон нуур орчмын 85 нэгж талбарыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 77 нэгж талбарыг чөлөөлсөн. Одоо найман ААН-тэй тохиролцоонд хүрч, тохижилтын ажил эхэлнэ. УБЗАА-наас газар шороо, суваг, шуудууны ажлыг гэрээт байгууллагаар гүйцэтгүүлж байгаа бол Хаан банк нийгмийн хариуцлагын хүрээнд 4.6 га талбай дээр тохижилтыг хийх юм. Цэцэрлэгт хүрээлэнг 2027 оны гуравдугаар улиралд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна” гэжээ.
Нийтдээ 4.58 га талбай бүхий тус цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламж, гүйлтийн болон дугуйн зам, авто зогсоол, задгай театр, 3х3 сагсан бөмбөгийн талбай, хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон тоглоом, дасгалын талбай зэрэг олон нийтэд зориулсан орчныг төлөвлөжээ.
Тус цэцэрлэгт хүрээлэнг нийслэлийн өсвөөр хоёр жилийн хугацаанд тохижуулах бөгөөд нийт төсөвт өртөг нь 16.5 тэрбум төгрөг юм байна. Үүнээс энэ онд л гэхэд 5.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгажээ.

Сэтгэгдэл ( 0 )