Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

О.Должин | Zindaa.mn
58 минутын өмнө

Цаг уур, орчны шинжилгээний газраас аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж, малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдад сэрэмжлүүлэг хүргэлээ.

Цас орж, цасан шуурга шуурна

Аравдугаар сарын 31-нд Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн зарим хэсэг болон Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн хойд сумдын нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Мөн арваннэгдүгээр сарын 1-нд Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн хойд, Дорнод аймгийн зүүн сумдын нутгаар, 2-нд Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнод аймгийн хойд хэсгээр 0.0-2.0 мм цас орж, цасан шуурга шуурна.

Салхи аравдугаар сарын 30-нд Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар, 31-нд нутгийн зарим газраар, арваннэгдүгээр сарын 1, 2-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Шөнөдөө 24 градус хүртэл хүйтэрнэ

Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байх бол говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх төлөвтэй байна.

Иймд малчид, хадланчид, тариаланчид цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан ажлаа төлөвлөж, малын бэлчээр, өвөлжилтийн бэлтгэлдээ анхаарахыг зөвлөж байна. Түүнчлэн тээвэрчид холын замд гарахдаа цаг агаарын мэдээ, замын нөхцөл байдлыг урьдчилан шалгаж, цасан шуурга, хүчтэй салхины үед аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top