Монгол Улс дахь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яам нь Энэтхэг–Монголын эрүүл мэндийн хамтын ажиллагааны төв болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Энэтхэг рестораны хамтран оролцоотойгоор “International Tourism Mart (ITM) 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож, Энэтхэгийн аялал жуулчлалын олон талт боломжийг сурталчлан таниулж, хоёр орны аялал жуулчлал болон иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явууллаа.
Монголын Аялал жуулчлалын холбооноос зохион байгуулсан тус үзэсгэлэн 2026 оны аравдугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотын “Мишээл Экспо” төвд болжээ.
Элчин сайдын яамны оролцоо нь Энэтхэгийн гурван гол чиглэл болох эмнэлгийн аялал жуулчлал, баялаг уламжлал бүхий үндэсний хоолны соёл, аялал жуулчлалын олон талт чиглэлүүдийг онцлон сурталчилснаараа ач холбогдолтой байв.
Эмнэлгийн аялал жуулчлалыг сурталчлах хүрээнд Энэтхэг Улсыг чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, орчин үеийн дэвшилтэт эмнэлгийн тоног төхөөрөмж, уламжлалт анагаах ухаан болон эрүүлжүүлэх үйлчилгээний чиглэлээр олон боломж бүхий улс гэдгийг танилцууллаа.
Энэтхэг–Монголын эрүүл мэндийн хамтын ажиллагааны төвийн оролцоо нь хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмчилгээ, оношилгооны зорилгоор харилцан зорчих боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байв. Одоогоор Монгол Улсын олон зуун иргэн төрөл бүрийн өвчний эмчилгээ хийлгэх зорилгоор Энэтхэг Улсыг зорьж, тус улсын “Энэтхэгт эмчлүүлье” (Heal in India) санаачилгын хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээ авч байна.
Түүнчлэн Энэтхэгийн Элчин сайдын яамнаас тус улсын аялал жуулчлалын өргөн боломжийг сурталчилж, Буддын шашны мөргөлийн алдартай газрууд, түүхэн дурсгалт байгууламжууд, соёлын өв, байгалийн үзэсгэлэнт тогтоц, оюун санаа болон бие махбодыг эрүүлжүүлэх аяллын төрлүүдийг танилцуулжээ.
Эдгээр аялал жуулчлалын бүтээгдэхүүн, чиглэл нь Монголын аялагчдад Энэтхэгийн соёл, шашин, түүхтэй танилцахаас гадна амралт, сувилал, эрүүл мэндийн аялал жуулчлалын олон төрлийн боломжийг нээж байгаагаараа онцлог юм.



Сэтгэгдэл ( 0 )