Монголчууд хэрэлдсэн хоёр хүнийг хоёуланг нь буруутан хэмээн хэлцдэг. Энэ нь цаанаа их учиртай байж. Тухайн хэрүүл хийгч хоёр хүний нэг нь нөгөөдөхөөсөө хэдэн хувь илүү бурууг үүрэх вэ гэдэг нь буруугийн хэмжүүр болдог ажээ. Одоо цагт энэ тухай зарим нь бодохоо бараг больж дээ. Хэн нэгнийхээ дээр гарах гэж хамаг муу үгээ барах юм. Ялангуяа манай улс төрчдийн дунд энэ нь илүү тод харагдана. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эргэн тойронд болж буй үйл явдлууд ихэнхдээ хүмүүсийн хэрүүлээр дүүрэн байх нь сонин. Хэрүүл хар хэл амыг өөртөө соронз адил татдаг бололтой, мань хүн. Саяхан түүнтэй хамт дөрөө харшуулсаар улс төрд хөл тавьж эхэлсэн С.Молор-Эрдэнэ гэдэг залуу нэгэн сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр Н.Энхбаярыгаа газар доогуур ортол муулж өгч. Нөгөөдөх нь ч муулуулахаас аргагүй амьтан юм, чаавас. Алдарт авлигын “Загалмайлсан эцэг” хэмээх “цол” зүүсэн болохоор нь хүмүүс түүнд бүр ч дургүй байдаг биз. Гэхдээ сайн зүйл байдаг л байх, түүнд. Харин улс төрчийнх нь хувьд ярьж буй тул сайн бүхнийг нь түр мартахаас яахав. Улс төрч байна гэдэг бол бүхэл бүтэн нэг улс гүрний нийт ард түмний хүсэл тэмүүллийн илэрхийлэл болдог юм чинь, том хариуцлага үүрэг учиртай. С.Молор-Эрдэнэ түүнд их гомдсон бололтой юм аа, янз нь. МАХН гэсэн нэр, бэлэг тэмдэгийн төлөө шүүхэд дуудагдаж, МАХН-ынханд олон сарын турш шоглуулсон гэнэ. Ийм хүнд үед нь н.Энхбаяр залуу “улс төрч” С.Молор-Эрдэнэд нэг ч удаа анхаарал хандуулаагүй юм байна. Ханилгаагүй л эр юм, нөхөр Н.Энхбаяр. Хамгийн сонирхолтой нь С.Молор-Эрдэнэд Н.Энхбаяр нь сайрхаж ярихдаа “Би өглөө бүхэн шинэчлэгддэг” гэжээ. Шинэчлэгдэх гэдгийг тэр ямар утгаар хэлснийг залуу улс төрч нь ам халсан яриандаа тодорхой хэлсэнгүй. Гэхдээ үүнийг багцаалж ядах ч юу байхав. Улс төрөөр амьсгалж буй өнөөгийн Монголд шинэчлэл хэмээх утга бүхий үг хэрэглэх нь моод болсон юм чинь. Ийм үгэн хавчуургатай юм ярьж л байвал ухаантай, жинхэнэ эх оронч мэт харагддаг гэж Н.Энхбаяртангууд төсөөлдөг биз. Үүнээс гадна бас өөр нэг зүйл ажиглагдаад байна, тэдний хэрүүлээс. Н.Энхбаяр улс төрийн эрх мэдлээ эргүүлж авах гэж үхэн хатан тэмцэж байгаа. Нойр нь ч хүрэхээ больсон биз. Улс төрийн өндөрлөгт дахин хүрэх том эрх ашиг түүнийг араас нь хатгаж байна. Ард түмний эрх ашиг биш шүү, цэвэр хувийн эрх ямбын төлөөх хүсэл тачаал нь ингэж зовоогоод байх болж. Тиймээс тэр өглөө бүхэн өөр өөр юм бодож сэрдэг болов уу. Өнөө өглөө Ерөнхийлөгчийн сэнтий, маргааш нь УИХ-ын даргын суудал гэх мэтээр “шинэчлэгдэж” байгаагаас зайлахгүй. Ингэж “Шинэчлэгдэж” буй төсөөлөлдөө тэр урьдын элдэв “но”-той явдлуудаа хэрхэн дарж авахаа харин тооцоолж чадах хүн. Ямартаа л утга уянгын их бичиглээч Сэнгийн Эрдэнэ баавай өөд болохын өмнө “Н.Энхбаяр холын бодолтой улс төрч биш, холын шуналтай хүн юм” гээд санаа алдаж суухав. Түүний энэ үг монголчуудын сэтгэлд гүн хоногшиж дээ. Хүн бүр л ийнхүү хэлснийг нь өнөөдөр дурсаж байна.
Улс төрөөр хөөцөлдөж яваа С.Молор-Эрдэнийг энд 100 хувь буруутгах зүйлгүй ч олонд сургамжтайг нь бодоод хэдэн юм хэлэхгүй өнгөрч болохгүй байх. Тэр угийн муу нэр, луу данстай Н.Энхбаярыг анхнаасаа дагаж навсалзах хэрэггүй байсан юм. Хүнээ олж нөхөрлөж чаддаггүй хүнийг ард түмэн таалдаггүй. Түүнтэй адилхан “Би Н.Энхбаяраас илүү өндөр мэдлэгтэй. Баабартай цэц булаалдвал би ялна” гэсэн юм яриад гүйж яваа нь намар оройн төөрсөн болжморын ангаахай шиг өрөвдмөөр юм. Аргагүй л галзуу барын аман гараа хийхээс буцахгүй залуу халуун насын аагаар омогшиж буй бололтой. Ер нь иймэрхүү алдаа гаргадаг залуус өнөөдөр гудамжаар дүүрэн болжээ. Тэд сав л хийвэл улс төрийн талаар чалчиж байна. Уудаг архи, татдаг тамхи, хоол унд нь цөм улс төрийн хачиртай тул өөр яалтай ч билээ.
Соёлтой улс төрчид бол бие биерүүгээ тэр нь тэр намд худалдагдсан, тэндээс ирсэн тагнуул, туршуул гэх мэтийн инээдтэй юм ярьдаггүй. Тэгвэл Н.Энхбаяр С.Молор-Эрдэнэ рүү Ардын намын гар хөл болсон этгээд гэсэн байдлаар дайрсан нь түүний нэгэн өглөөний гажиг “шинэчлэлт” буюу хуучин коммунист хэв маягийн сэтгэлгээн дундаа л эргэлдэж буй хэрэг юм.
Эдгээрээс эргэцүүлэхэд С.Молор-Эрдэнэ үнэхээр боловсролтой, өндөр соёлтой залуу бол тэртээ тэргүй улс төрийн хог шаар болсон Н.Энхбаяр, М.Энхсайхан, С.Баяр, Б.Жаргалсайхан, У.Хүрэлсүх өөр хэн байдаг билээ дээ, тэр новшуудаас хол явах хэрэгтэй байж дээ. Тэгвэл ард түмэн түүнийг илүү тодоор олж харах байсан юм. Гэхдээ одоо арай оройтоогүй байх.
С.Молор-Эрдэнийн зүтгээд байсан МАХН, МАН гэх хоёр нам одоо аль нь анхдагчаа тогтоох гээд үйлээ үзэж байна. Түүх нь нэг, өмч нь нэг, хар мөр нь ижилхэн, коммунист угшил нь нэг болохоор арга ч үгүй болов уу. Ард түмнээ гишүүнчлэлээр нь хувааж аваад хооронд нь талцуулан “байлдуулж” байгааг харахаар өр өмрөх шиг болж, үндэсний хагарал бутрал нүдэнд тусахыг яана. Үүнийгээ эдгээр намын удирдлагууд том улс төр хийж байна хэмээн хөөрцөглөж байна. С.Молор-Эрдэнэ ийм эмгэнэлт үзэгдлийг философич хүний хувьд хамгийн түрүүнд мэдрээд энгийн ухамсрын түвшинд хүмүүст ойлгуулах ажлыг санаж сэдэж чадаагүй болохоор “Дэндүү жижигхэн эр юм” гэхээс өөр юу хэлэхэв. Үндэстэн үндэстнээрээ үлдэх гол зүйлүүдийн нэг нь намын гишүүнчлэлгүй улс төрийн систем юм байна шүү.
Тиймээс С.Молор-Эрдэнэ, Н.Энхбаяр нарын “Монголын мэдээ” зэрэг сониноор хийгээд байгаа хэрүүл бол хэн хэнд нь 50 хувьтай үлдэх “муу хүн” гэсэн тодотгол ажээ. Магадгүй Монголын улс төрд илүү олон жил хар мөр татуулсанаараа Н.Энхбаяр бүр 80 хувь дээгүүр “Муу” эр болж ч мэднэ. Өөрөөр хэлбэл тэдний хэрүүл ийнхүү улс төрийн ялзралын зөвхөн нэг талыг л хэлээд байгаа юм шүү дээ. Төрийн эрх баригчдыг шүүн хэлэлцэх мөч иргэн хүнд нэг л өдөр ирдэг. Тэр цагт ухаарсан ард түмэнтэйгээ хамт зогсож байхыг улс төр гэдэг болов уу. Өөрөөр хэлбэл тэр торгон ашгинд иргэн бүр луйварчдыг төрөөс зайлуулж чадах хэмжээний ухааралтай болсонх байх нь тун чухал. Үүний төлөө ажиллах тухайгаа ярьсан бол С.Молор-Эрдэнийг олон түмэн хүрээлэх байлаа. Тэр даанч чадсангүй. Чадах ч үгүй юм шиг байна.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )