Эцэг нь харьд одсон
Эх нь хэвтэрт шаналах
Бяцхан хүү уйлж сууна.
Ээжийнхээ энгэрт эрхлэх эрхгүй
Эдгэж босоод ирээсэй гэж
Шөл чанах гэж шил цуглуулна
Шөнө босож гал түлнэ.
Шаналал хүлээлтээс өөр юу ч амсаагүй
Элэг нь эмтэрч
Элээ сэг зэм зулгаадаг шиг
Энд тэндээс нь зовлон өмөлж
Бүүвэйн дууны зөөлхөн эгшиг
Булбарайхан хацрыг нь гижигдэх үнсэлтийг мартаж
Бужигнасан шороон дунд төөрсөн
Бяцхан хүү уйлж сууна.
Энэ хорвоод хүн болсны учрыг байтугай
Эрхлэн тоглох ёстойгоо ч мэдэхгүй
Эргэх 4 улиралд эргэж ирэхгүй эцгийнхээ хайрыг
Элгэндээ горьдлого болгон тэврээд
Эцсийн буудал дээр эмээж бээрэн зогсох
Бяцхан хүү уйлж байна.
Халтайсан нүүрээ юугаар угаах билээ
Нулимс нь ширгэсэн сайр шиг мөр үлдээж
Харц нь ухсан уул шиг хоосон ангайж
Нар жаргасан ч хаачихаа мэдэхгүй
Намар өвөл, хавар зун
Бяцхан хүү уйлж сууна.
Сэтгэлийг сэмэрхий гэр шигээ гэж бодно.
Амьдралыг ёроолгүй нүх гэж андуурна.
Сайн сайхан нь саарал утаанд халхлагдаж
Аавыгаа инээгээд орж ирэхийг
Атгахан зүрхнийхээ хэмнэлээр хүлээх
Элэг нь эмтэрсэн хүү ээжтэй уйлж сууна.
Эцэг нь харьд одсон
Эх нь хэвтэрт шаналах
Бяцхан хүү уйлж сууна.
2011/02/20
Сэтгэгдэл ( 0 )