Өгүүллэг: “Амьдрах сайхан, Гоо үзэсгэлэн минь...”

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 23

Тийм шүү. Ямартаа ч аз жаргал зүрх сэтгэлийг бялхтал нь цалгилаагүй ч, амьсгалж байгаагаа мэдрэх ямар сайхан гээч.

Амьсгалж байхдаа, мэдэрч байхдаа бид амьдралын эс ширхэг бүхэнд  өөрсдийнхөө ухаарсан хийгээд уламжилсан хэмжээнд нэр өгдөг.

Од бол уг нь алсын алсын гэрэлт эрхэс, хамгийн ойрхон нь нар. Тэр бол дунд зэргийн л од. Тэнгэрийг зүсэн харвах мөс юм уу чулууг бид солир, сүүлт од гэж ялгадаг. Уг нь нөгөө оддын хэлтэрхий юм уу, орчлонг бүтээх үеийн хог л доо. Хэмжээ бөгөөд аялах замаас нь шалтгаалдаг болохоос...

Агаарт ууршин бөөгнөрсөн усан дуслуудыг бид үүл хэмээнэ. Зангирсан хар нь борооных, задгай цагаан нь гэмгүй гэх мэтээр хорвоо ертөнцийн өнгө солонгорон алагласан бүхнийг олж харж чадна, бид. Мэдээж, Гоо үзэсгэлэнг яахин дурьдахгүй өнгөрч болох.

Амьд бүхэн гайхамшиг хэдий ч, Гоо үзэсгэлэнгээс бусад нь амьдралд гэв гэнэт л ирдэг. Тэгээд юу ч болоогүй юм шиг буцдаг. Гоо үзэсгэлэн харин үлгэр домогт мөнхөрдөг. Амнаас ам дамжин, мөрөөдлөөс мөрөөдөлд, зүүднээс зүүдэнд шингэдэг.

Гоо үзэсгэлэн үхэшгүй, бие нь, хүн нь л үгүй болдог. Нэгэнт л чи Гоо үзэсгэлэн төрсөн бол чамайг мартах хэцүү. Хүй их хорвоогийн түүхэнд хүмүүс үргэлж өөрсдөд нь үгүй Гоо үзэсгэлэнг шагшин бахдаж иржээ. Бас буруу харж муулдаг. Чадвал өөрийн болгох гэдэг. Цаг, минут ч бай хамаагүй...

Эс бөгөөс тэр Гоо үзэсгэлэн өөрийнх нь биш бол түүний төлөө үхэхээс буцахгүй. Тэгээд Гоо үзэсгэлэнг дэргэдээ гинжилчихээд, өөрөөсөө гайхаж асуудаг. Би энэний төлөө үхэхэд бэлэн байлаа гэж үү? хэмээн...

Тийм ч учир Гоо үзэсгэлэн маш харгис. Тэр хууртагдахгүйн тулд өөрөө ч мэдэлгүй сая сая хүмүүсийн халуун амьсгал, бүлээн нулимсыг булаадаг.

Зүгээр л ирээд, зүгээр л буцдаг тэр хүмүүс гомдоллож ч амждаггүй. Юу болоод байгааг ч ойлгохгүй. Тэд уг нь бас өөрийн гэсэн тахих шүтээнтэй ч, жинхэнэ гоо үзэсгэлэн үргэлж хаадын сонгосон тэр л Гоо үзэсгэлэн байдаг. Бүх л цаг үеийн түүх тийм л байсан, хэн ч үүнийг өөрчилж үл чадна.         

Гоо үзэсгэлэн өөрөө тэгш хэм. Бурхад Гоо үзэсгэлэнг бүтээхдээ өөрсдийг нь бид зурдаг шиг тэгш хэмээр урладаг. Хүний зүрх сэтгэлийн гижгийг тэв тэгшхэн, эн тэнцүүхэн зүйлс татдагыг тэд бараг мэддэггүй.

Тэгшхэн байна гэдэг, ямар ч илүү дутуу зүйлгүй гэсэн үг. Илүү хуруу байтугай илүү их үнэтэй чимэг Гоо үзэсгэлэнг үгүй хийж орхидог. Гоо үзэсгэлэнд маяг зохидоггүй. Засаагүй цэнхэр алмааз л хамгийн үнэтэй эрдэнэс байдгийн учир энэ буюу. Уг нь алт мөнгөөр эмжсэн сайхан титэм олон бий, бий.

Тэнцүүхэн байна гэдэг, Гоо үзэсгэлэн цаг хугацаа байдгыг мэддэг байна  гэсэн үг. Хорвоод яаж ирсэн тэгж буцахаа ухаардаг, өдөр ирэх бүр өнгөө алдаж буйгаа анзаардаг ч түүндээ гутарч гунигладаггүй, бусдын харцнаас биш өөрийнхөө зүрх сэтгэлээс үнэнийг хайдаг, төрсөн настайгаа эн тэнцүүхэн байхыг л хэлдэг. Тийм Гоо үзэсгэлэн бусдад гэрэл гэгээ хайрлаж, амьдрах урам зориг итгэл тэмүүлэл нь болдог. Түүнийг олж харсан, ирээд л буцдаг мянга мянган хүмүүс боолын хөдөлмөрөө мартан бодолд автдаг.

Хэрэв хорвоо дээр ийм Гоо үзэсгэлэн дэргэд минь байсныг эртхэн мэдсэн бол гэж...

Хаад л ийм сайхныг хүртэх эрхтэй гэж эндүүрээгүй бол гэж...

Тэгээд хөлсөө арчин инээмсэглэдэг. Гоо үзэсгэлэнг мэдрэх чухам тэр аз завшаан түүнд заяасныг ойлгоод...

Амьдрал ямар сайхан гээч. Яг тэр үед Гоо үзэсгэлэн уйлж байдаг. Би адилхан хүн шүү дээ гэж... 

 

А.Арман 2010/07/12

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top