/Cryings the first word/
Яагаад? “Бүү мэд, мэдсэнийг бүү ав”. Тангадын хараал. “Би юу ч мэдэхгүйгээ л мэдэж байна”. Нэг эрдэмтний үг.
Тэгээд Хүн яагаад уйлдаг вэ?
- Гомдоод
- Баярлаад
Анх төрөхдөө, уучлаарай, үнэхээр анх удаа дэлхий дээр хүн болон төрж байгаа эсэхээ мэдэхгүй байгаа учраас л “анх удаа” гэж хэллээ. Би хэзээ энд байсан бас хэн юу байсан эсвэл хэдэн удаа ирсэн, буцсан эсвэл огт ирж байгаагүй ер нь юуг ч мэдэхгүй учраас л ингэж хэлэв. Анх төрөхдөө гэж...
Юу ч мэдэхгүй хүн л их мэдэхийн дүр эсгэдэг. За тэр яах вэ?
Тэгэхээр би нэг бол баярласан үгүй бол гомдсон үедээ л уйлдаг байх нь. Усны амьтнаас хуурай газрын амьтан болж мэндлэхдээ баярласан болов уу гомдсон болов уу. Бас л мэдэхгүй. Асуултын хариуг хэн өгөх вэ? Бурхан. Үгүй, Тэнгэр түүний хөвгүүд.
Түүнээс хэрхэн яаж асуух вэ? Хүн болж төрөхдөө баярлаж уйлсан уу, гомдоод уйлсан уу гэж...
Тэнгэр бурхад ийм өчүүхэн амьтны асуултанд хариулах юм болов уу? Амь амьдрал дэнжигнэсэн тийм мөчид ч үг байтугай авиа гаргадаггүй биш үү.
Ямар ч байсан ээж минь бас уйлж байсан, намайг төрөхөд. Мэдээж баярлаад. Энгэрт нь наалдах, нүдээ ч нээж чадахгүй, “мөөмөө” ч хөхөж чадахгүй, улаан нялзрай амьтныг тэнгэр бурхдын хайрласан хамгийн сайхан бэлэг гэж бодож байсан. Харамсалтай, би ганцхан тэр удаа л нүднээс тань баярын нулимс унагаж. Баярлаад уйлж байгааг тань ч ойлгоогүй. Тэр байтугай өөрөө ч баярлах гомдохын аль нулимсанд хутгалдаж байгаагаа мэдэхгүй чарлаж байсан. Одоо би таныгаа надаар баярлаж бахархан нулимс унагаасай гэж юутай их хүснэ вэ.
Харин гомдоож бол зөндөө уйлуулсан. Таныгаа, тэр тоолонд анзаарах нь байтугай, харсаан. Хорвоогийн хамгийн муухай мэдрэмж. Зүрх учиргүй савлаж хэм алдаад, цээж рүү нэг юм огшоод ирдэг. Гүнзгий амьсгаа авмаар ч юм шиг чарламаар үгүй бол биенээсээ мулт үсрэн гарч гүймээр. Энэ үед нулимс цийлэгнэдэг.
Тийм байна. Мартаж. Би хайртай хүмүүсээ гомдоосондоо өөртөө гомдож уйлдаг юм байна. Зөвхөн баярлаад юм уу гомдоод уйлах биш. Өөртөө гомдох тэр үед бүх эд эс минь аймаар янгинан өвддөг. Хэдэн тэрбум эс нэгэн зэрэг ёолоход, яахан нулимс урсахгүй байх билээ.
Хоёр нүдний ухархайд байх жижигхэн хүүдийнээс урсан гарч ирэх энэ давсархаг шингэн яг хэрэгтэй үедээ тэр болгон гарч ирэхгүй. Заримдаа түрүүлнэ. Үгүй бол хожимдоно. Хоцорсон үедээ хоёр дахин шорвог байдаг...
Нээрэн яагаад далайн ус, нулимс хоёр давстай байдаг юм бол? Аль аль нь дуусашгүй...
Гашуун ч гэлээ тэр яах аргагүй тайвшруулдаг. Дарсны бөглөө мулт татах шиг дотор онгойлгодог. Эмчилдэг. Нөгөө олон тэрбум өвдөж зовсон эснээс зовоогоод өвтгөөд байгаа тэр “шаналан”-г нь хамж цуглуулан урсгаад гаргадаг байх гэмээр.
Зарим нэг нь нөгөөгийнхөө нулимсыг эмчилгээнд ч хэрэглэж байх шиг. Хэрээг зодож тарчилгаж байгаад нулимсыг нь гаргаж дусаавал нүдний цагаа арилдаг гэх. Аймшигтай.
Хэрэв зарааны бүх өргөсийг нэг нэгээр нь зулгааж хаяад, нулимсыг нь дусаавал хачин гоо сайхан царайтай болно гэвэл...
Зөндөө зөндөө, зүү утас олигтой ч барьж чадахгүй мөрт зүсээ голдог нөхдүүд тэр амьтныг тамлах байсан даа. Ямар азаар зарааны нулимс биш өргөс нь хэл ам хэрүүл бузрыг зайлуулдаг гэсэн домогтой юм. Бусдад гоо үзэсгэлэн бэлэглэх гэж удаан тарчлахгүй “санаа амар” нөгөө ертөнцөд одох болж, хөөрхий тэр “сэгсгэр” хулгана.
Хүүхдээ алдсан ээжийн нулимс - Хамгийн гашуун. Тийм нулимс дуссан газар 10 жил өвс ургамал соёолдоггүй гэдэг. Хөрс нь хүртэл шим шүүсгүй, хорхой шавьж хүртэл дээгүүр нь гардаггүй. Биенээсээ бие ургуулан, аминаасаа амь таслан байж, амьсгалыг нь чагнан, атгахан биеийг нь хэвлийдээ тээн төрүүлсэн үрээ алдсан эхийн нулимсыг чөтгөр ч амсдаггүй гэх. Түй...
Юунд ч итгэж найдаж горьдохоо өнгөрсөн, юунаас ч айж цөхөрч шархирахаа байсан тэр нулимс өөрөө Амьд байдаг. Амьдарч чадаагүй үрийнх нь сүнс хоргодсон байдаг учир тэр нулимс хэзээ ч дуусдаггүй юм гэнэ лээ. Ээжийгээ тайвшруулах гэж асгарсаар л байдаг гэсэн. Ядаж шаналанг нь нимгэлэх гэж. Тэнгэр өршөөг...
А.Армен 2010/07/06
Сэтгэгдэл ( 0 )