Шүлэг: Атаархал

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 29

Д.Болдхуяг

 Гашуун дурлал өөрөө

Амтат хагацлын үр үү...

 

Үргэлж уншмаар санагдана

Хэн нэгэн намайг хорино

Үе үехэн сөхөхгүй бол

Өөр албин урин дуудна

 

Уншлаа уншлаа гээд

Гуниг зовлонгоо огоорч

Аз жаргалыг эдлэхгүй

Үймээнт хорвоогоос тонилж

Амарлингуй буйдад зорчихгүй

 

Үнэн мөнийг олж

Шунал тачаалаа тэвчихгүй

Өчигдрийн ядмаг хуулбар шиг

Бахь байдгаараа л үлдэнэ

 

Түүнийг би мэддэг ч

Тэсвэр алдан уншдаг

 

Илүү дутуу гоёлгүй

Шонгийн мод шиг хэрнээ

Соронзон уруултай

Шүлэг чинь

 

Мөнгөн хөлтэй аалз болж

Зоо нуруугаар мацан

Хуйхны арьсыг хуулахад

Цахилгаан сандал жирэлзэнэ

 

Эмэгтэй эрэгтэй хүн

Ижил гэдгийг мэдэрнэ

Эрэгтэй эмэгтэй хоёрын

Ижилгүй талыг ч анзаарна

 

Ахуй орчин өөрөө

Дотоод ертөнцийн хэсэг үү...

 

Өндрөөс хөл алдан

Гүн ангал руу халих шиг

Аугаа байгалийн өмнө

Арчаагүй гэдгээ мэдрэх шиг

 

Ахиад дээр нь

Ам цангана...

Нүүдлээс хоцорсноо ухаараад

Атгаг бодол төрнө

 

Өнийн заналт дайсан

Өөрийн минь дотор байна уу...

 

Тамхиа эрж гараа сарвайна

Гарсан гэдгээ сая санана

Босоод хоёр нэг алхана

Буцаж ирээд номыг чинь хаана

 

Энэ содон мэдрэмжүүд

Биеийн чинь нэг хэсэг үү

Бие гэдэг маань өөрөө

Сэтгэлийн чинь хугас уу

 

Сайн оюутын үр

Үзэл бодлыг хэмхчин

Гал ноцоох нь энэ үү...

 

                         Хөх хот 2010 он

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top