Гял цал болсон уужим өрөө. Тэрбумтан зөөлөн буйдан дээр хөлөө жийн сууж, тансаг сархад зооглож, түүний эргэн тойронд хүүхнүүд эргэлдэнэ. Хуруугаа хөдөлгөх төдийд л дагуулууд нь гүйн ирж, “Танд юу хэрэгтэй вэ?” хэмээн бөхөлзөнө. Шинэхэн танилцсан амраг хүүхэн нь хүзүүг нь үнэрлэж, тун нялуунаар “Хайраа би өнөөдөр хуримын бөгж үзээд. Чамд аль нь таалагдахыг мэдэхгүй болохоор 10 хос бөгж авчихлаа. Чи хар даа” хэмээн арван хуруугаа гозолзуулж байлаа. Үнэндээ тэр хүүхэн арван бөгж авна уу? Зуун бөгж авна уу? Түүнд хамаа ч байсангүй. “Би өнөөдөр эмчтэй шатар тоглох ёстой байхаа” хэмээн босч ирэхэд бүгд л “Эмч ирчихсэн таныг хүлээж байгаа” хэмээн мартсан зүйлээ санасан мэт дуу алдацгаав. Тэрбумтан эмчийг тун их шүтдэг нэгэн. Өөрөөс нь ахимаг насны буурал өвгөн шатар барин орж ирэхэд Тэрбумтаны дагуулууд бүгд өрөөнөөс гарч, залуухан шинэхэн амраг нь эргэн эргэн харсаар далд оров. Тэрбумтаны санаа сая л нэг амарч, эмчийг урдаа урьж суулгаад ширээн дээр шатар өрж, “За та ямар мэдээтэй ирэв дээ” хэмээн өвгөний өөдөөс яг л гуйлгачингийн нүдээр горьдлого тээн харж байлаа. Эмч санаа алдснаа “Хүү минь одоо ямар ч найдвар байхгүй. Чи үргүй гэдэг нь нэгэнт тогтоогдчихсон шүү дээ. Доноруудаас үр авч, шилжүүлэн суулгахаас өөр ямар ч арга байхгүй гэдгийг би чамд олон удаа хэлж байна. Чи өөрөө л сайн бод” хэмээн зөөлхөн хэлснээ чимээгүй болчихов. Тэрбумтан юу ч дуугарсангүй. Мөнгөөр бүхнийг хийж болдог гэж бат нот итгэчихсэн энэ эр бүхэл бүтэн хорин жил өөрийнхөө үр хүүхдийг үлдээх гэж яаж ч оролдоод дийлсэнгүй. Сүүлчийнх нь горьдлого тасарч байгааг сонсоод цочин давхийлээ. Яагаад ч юм тэр эмчид гэнэт уур нь хүрч эхлэж байгааг мэдрэв. “Та боддоо. Би энэ их хөрөнгийг донор нэртэй тэр хэний ч мэдэхгүй хүний хүүхэд, бас мөнгөнөөс нүдээ ухаад өгөхөөс ч буцдаггүй энэ хүүхэн хоёрт үлдээчихээд явах хэрэг үү? хэмээн хашгирснаа гэнэтхэн айсан мэт үүдрүүгээ эргэж харав. Өрөөнд эмч Тэрбумтан хоёроос өөр хэн ч байсангүй. Эмч дуугүйхэн санаа алдаж, “Хөрөнгөө хэнд үлдээх юэ? гэдэг чинь чиний л асуудал. Харин үр хүүхдийн тухайд бол яах ч аргагүй. Чиний үрийн шингэнийг би ямар олон газар шинжилгээнд өгч, ямар олон эм тариа, бэлдмэл эрж хайсныг чи мэдэж л байгаа” гэснээ чимээгүй болчихлоо. Тэрбумтан гэнэтхэн аймаар тайван болчихов. “Тиймээ. Энэ хөрөнгө мөнгийг босгох гэж би бүх насаараа зүтгэсэн. Энэ одоо хэнд хэрэгтэй юм. Би бүгдийг нь өөрөө үрж дуусгачихаад үхнэ” хэмээн тун шийдэмгийн хэлэв. Эмч үнэндээ юу ч хэлж чадсангүй хий л ам нь ангалзаж байлаа. Тэрбумтаны ааш авир огцом өөрчлөгдөж, тансаг хоол үнэтэй хувцас, чамин унаа тэргэнд мөнгө хайрлахаа байв. Гутлынхаа үдээсийг хүртэл алтаар чимэглэж, дуучид, бүжигчид цуглуулан найр наадам хийж, гадаадаар аялж, үнэндээ хөлгүй цэнгэлд тансаглаж байлаа. Дагуулуудтайгаа тусгай онгоц захиалан далайн эргээр аялж, мөнгийг цаас шиг базаж шидэж байсан ч тэр нэг ч хүн өглөг өгөхийг хүссэнгүй. Ажлаа ч бүрмөсөн орхив. Гэвч хэмжээлшгүй баялаг гэж байх биш. Өдрөөс өдөрт түүний хураасан хумисан баялаг нимгэрч, тэр хэрээр тэрбумтаныг дагаж явсан дагуулуудын тоо цөөрөөд л байлаа. Хамгийн түрүүнд залуухан амраг бүсгүй нь түүнийг хаяад явчихав. Гэхдээ тэр зүгээр явсангүй. Тэрбумтаны мөнгөөр авахуулсан хувцас гоёл чимэглэл нь гэхэд л хэдэн арван хайрцаг болж, гар цүнхнээс өөр хогшилгүй ирсэн бүсгүй гучин машин ачаатай төрхөмдөө буцсныг Тэрбумтан сонины хуудаснаас л хараад өнгөрөв. Гэхдээ баян хүнд амраг мундах биш болох л байлгүй хэмээн бодож нэг их тоосон ч үгүй. Үнэндээ Тэрбумтан мөнгөө дуусахыг, бас тэр өдөр үхэхийг хэмжээлшгүй их хүсэж байгаагаа л мэдэж байлаа. Нэг өдөр тэрээр санхүүгийн ажилтнаа дуудаж дансандаа гуравхан сая төгрөг үлдсэнийг мэдээд инээмсэглэж байлаа. Тэрбумтан хамгийн сүүлийн удаа эмч өвгөнтэй л уулзахыг хүсэж байлаа. Эмч ирлээ. Улам ч хөгширч бууралтсан өвгөн эмч шатараа барин чимээгүйхэн орж ирэв. Тэрбумтан хэргээ бүтээчихсэн хүн шиг инээдээ нууж ядан өвгөний зүг харж “Би хөрөнгөө үрээд дуусчихсан. Одоо надад 3 сая төгрөг л байна.” гэхэд өвгөн гайхсан янзтай түүний тансаг харш, чамин тавилгатай өрөөг харж байлаа. Тэрбумтан “Аль эрт зарчихсан. Түрээсийнх нь хугацаа удахгүй дуусна. Би танд өөрт үлдсэн 3 сая төгрөгөө өгье. Намайг үхүүлээд аль. Оршуулгын товчооныхон миний хойчийн ажлыг даах болно. Тансаг оршуулга болно. Та ирнэ биз дээ” хэмээн тун бардам аясаар хэлэхэд эмч өвгөн царайгаа үрчийлгэн дуугүй л түүнийг ширтэж байлаа. Тэрбумтан өвгөнийг үг хэлэхийг хүлээж цөхөв. Аргаа барсандаа “Чи миний хэлсэн үгийг сонсохгүй байна уу” хэмээн хашгирав. Эмч цочин давхийснээ “Энэ гурван сая төгрөг таныг үхүүлэхэд хүрэхгүй шүү дээ” хэмээн шивнэж байлаа. Түүний энэ үгэнд тэрбумтан цочин давхийв. “Юу гэнээ. Тэгээд хэд хэрэгтэй юм” хэмээн хашгирахад эмч “Та үр хүүхэдтэй болох гэж хэдийг зарцуулснаа бод доо. Хүн хийх гэж зарцуулсан мөнгөнөөс илүү их мөнгө хүн устгахад зарцуулдаг юм” гэснээ чимээгүйхэн гараад явчихав. Тэрбумтанд үнэндээ хэлэх үг олдсонгүй. Амиа хорлох гэж хэд хэдэн удаа оролдсон ч чадсангүй. Хамаг хөрөнгөө үрж дууссан хөөрхий Тэрбумтан өвгөрч хөгширсний эцэст гудамжны буланд нэг л өдөр алгаа тосоод сууж байна гэж зүүдэлсэн ч үгүй.
Хөшиг хаагдлаа. Үзэгчид нижигнэтэл алга ташиж, Тэрбумтан хөшигний өмнө гарч ирэв. Гэвч тэр нүдээрээ хоёр хүүгээ л хайж байлаа. “Хэтэрхий орой болчихож. Одоо ч автобус зогсчихсон доо. Гэрт түлээ байхгүй. Хоёр хүүгээ тэврээд унтахад даарна гэж л байхгүй. Харин хоол хийх юм юу ч үлдээгүй. Ядаж аяга цай чанаад өгчих юмсан. Цахилгааны мөнгөө төлөөгүй болохоор тог тасалчихсан яадаг юм билээ. Нялх амьтад өлсөж байгаа даа” хэмээн бодож зогссон ч тэр арын сандлаас аавруугаа гүйж байгаа хоёр хүүгээ хараад хачин их хөөрч догдолж байлаа. Сая л Тэрбумтан бардам ихэмсэг болон хувирч, түүний нүд хайраар гэрэлтэж, нүүрэнд нь аз жаргал тодорч байлаа… |
Сэтгэгдэл ( 0 )