Манай аврагчдын хатуужлыг японууд сайшаажээ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 25


    Цунамид нэрвэгдсэн Сандэй хотод эрэн хайх, аврах ажиллагаа явуулсан манай Онцгой байдлын ерөнхий газрын аврах тусгай ангийн 12 албан хаагч эх орондоо ирсэн билээ. Газар хөдлөлтөөс үүссэн цунамигийн улмаас хамгийн ихээр хохирсон Мияги мужийн Сандэй хотын Норита тосгонд манай аврагчид эрэн  хайх, аврах үйл ажиллагаа явуулсан юм. Аврагчдын гол үүрэг нь амьд хүн олох байсан боловч очсон газар газарт амьд хүн байх ямар ч боломж байгаагүй учир ОБЕГ-аас аврагчдаа татах шийдэлд хүрчээ. Аврагчид гамшгийн өөр бүсэд очиж ажиллах санал тавьсан ч Японы Гадаад хэргийн яам Монголын аврах багт талархсан учраас буцахаар болсон байна. Мөн Сандэй хотоос 100 км-ийн зайд байдаг Фүкүшима атомын цахилгаан станцаас алдаж буй цацрагийн идэвхжил ийм шийдэлд хүрэхэд давхар нөлөөлсөн байна. Гамшгийн голомтод манай аврагчид Тайванийн аврагчдын хамт баг болж дөрөв хоног ажиллахдаа гурван цогцос нуранги дороос гаргажээ. Хэдий хүнд бэрх, эмгэнэлт газар руу явсан ч гэсэн манай улсын аврагчдын хатуужлыг Японы Гадаад хэргийн яам сайшаажээ.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top