Хятад хэнтэй тулалдах гэж ””дайнд бэлдэж”” эхлэв ээ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 12

Өнгөрсөн долоо хоногг Хятадын тэргүүн Ху Жинтаогийн хийсэн мэдэгдэл Хятадын хөрш орнуудыг өөрийн эрхгүй цочирдуулж орхив. Тэрбээр Ардын чөлөөлөх армийн усан цэргийн флотын удирдлагад "дайнд бэддэх" тушаал өгснийг тэр дор нь гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүрэн авч дуулиан болголоо. Ху Жинтаогайн өгүүлснээр ойрын жилүүдэд "дайн болон үндэсний аюултүй байдлыг бэхжүүлэхэд бэлдэхийн тулд бүхий л хүчээ дайчлан, шинэчлэлтээ дуусгах ёстой" гэнэ. Тэрбээр энэ үгийг 12 дугаар сарын зургаанк өдөр Хятадын цэрэг улс төрийн дээд удирдлагын зөвлөгөөн дээр хэлжээ.

Ухаалаг, болгоомжтой бодлогоороо алдартай Хятадын хувьд Ху Жинтаогийн үг зөөлнөөр хэлэхэд ихэд хачирхалтай мэдэгдэл болсон юм. Гадаадын шинжээчдийн онцолж байгаагаар Ху Жинтаогийн мэдэгдлийг БНХАУ-ын хэвлэлүүд төдийгүй гадны хэвлэлийнхэн нийтлэн гаргажээ. Сэтгүүлчид орчуулгын алдаа гаргасан юм болов уу ч гэж бодогдохоор. Британийн тоймчдын өгүүлснээр нөхөр Ху Жинтаогийн үгийг хятад хэлнээс "зэвсэгт тэмцэл" эсвэл "цэргийн мөргөлдөөн" гэж орчуулж болохоор байсан ч эдний хооронд мөн чанар нь өөрчлөгдөхгүй гэнэ.

Энд өгүүлэхэд сүүлийн жилүүдэд Хятадын цэргийн амбиц ихэссэн нь газар нутгийн маргаантай байдаг хөрш орнуудыг нь төдийгүй АНУ-ыг ч гайхшруулж байгаа юм. Энэ жил Хятад улс агаарын тээвэрлэгч бүтээх хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөлөг онгоцны эсрэг шинэ пуужин бүтээх төсөл дээр идэвхитэй ажиллан, усан цэргийн флотоо шинэчилж байна. Дашрамд дуулгахад Хятадын тэргүүний мэдэгдэл жил бүр болдог Хятад, АНУ-ын дээд хэмжээний уулзалтын өмнөхөн гарсан гэдгээрээ анхаарал татаж байгаа юм. Энэ дээд хэмжээний уулзалтын үеэр Өмнөд Хятадын тэнгис дэх Спратлигийн газар нутгийн маргаантай асуудлыг талууд авч хэлэлцдэг билээ.

Өөрөөр хэлбэл энэ асауудлыг Хятад өөрийн талд ашигтайгаар шийдвэрлэх эрмэлзэлтэй байгаа гэдгээ дээр өгүүлсэн мэдэгдлээр ил тодоор зарлалаа. Эргэн сануулахад урьд нь Хятадын тал Спратлигийн бүлэг арлыг үүнийг БНХАУ-аас гадна Вьетнам, Филиппин, Малайз, Бруней, Тайвань гэсэн улс орнууд "булаацалддаг" Хятадын салшгүй хэсэг гэж мэдэгдэж байсан. Нэгдүгээрт, Өмнөд Хятадын тэнгисээр дамжин Энэтхэгийн далайгаас Номхон далай хүрэх чухал тээврийн харилцаа холбоо явагддаг. Хоёрдугаарт, энэ бүс нутагт газрын тос, хийн асар их нөөц илэрсэн юм.

Өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа Хятадын хувьд нөөцийн асуудал өнөөдөр амин чухал асуудал болоод байгаа. Гэвч АНУ-ын дэмжлэгтэй өрсөлдөгчдийнх нь зүгээс ирэх хандлага луугийн улсад Спратли бүлэг арлыг өөрийн болгоход нь саад болж байгаа гэхэд болно. Энэ тал дээр илүүтэй сөргөлдөж байгаа нь Филиппин болон Вьетнамтай харилцах харилцаан дээр ажиглагдаж байгаа. Хятадын амбиц маргаантай арлуудаас холгүй хийн томоохон орд газрыг ашиглаад эхэлчихсэн Индонезийг ч түгшээж байгаа юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Индонезийн энэхүү орд газар нь хятадууд авах гэж эрмэлзэж байгаа тэрхүү бүсэд ч багтаж байгаа нь асуудал үүсгэж болзошгүй гэнэ.

Гэхдээ "Хятад лууг хазаарлах"-аар тооцоолон улс орнуудын шинэ бүслэлтийг босгохоор оролдож байгаа Нэгдсэн улс илүүтэйгээр түгшиж байгаа юм. Өнгөрсөн 11 дүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Обама Хятадын эсрэг чиглэгдсэн цэргийн хүчний бүлэглэлийн дараагийн эргэлтэнд нэн чухал бааз хэмээн үзэж Австрали дахь Америкийн цэргийн хүчийг эрс нэмсэн нь санаандгүй хэрэг биш. Гэвч сүүлийн үед Ху Жинтаогийн амнаас Америкийн энэхүү үйлдэлд өөрийн гэсэн хариулт өгсөн үгс гарах боллоо. Гэхдээ Хятад АНУ болон түүний хамсаатнуудад сөрөг хариулт өгч чадах уу? Энэ тухай ОХУ-ын Геополитикийн асуудлын академийн дэд ерөнхийлөгч, нэгдүгээр дэсийн ахмад Константин Сивков үзэл бодлоо илэрхийлжээ.

"Одоогоор усан цэргийн флотын хүчин чадлаараа Хятад улс АНУ-ын ард хоцорч байгаа. Хятад ердөө ганц агаарын тээвэрлэгчтэй бол америкчууд 12 атомын агаарын тээвэрлэгчийг ашиглаж байна. Хятадын атомын шумбагч хөлгүүдийн дуу чимээ хэтэрхий их, Америкийн акустик системд мэдрэгдэхээр байдаг бол баллистик пуужингийн үйлчлэлийн хүрээ нь ердөө 1700 километр, тэгэхээр ширүүн цохилт өгнө гэдэг байж болшгүй хэрэг. Гэхдээ ойрын арван жилд хятадууд дутагдлаа засч, энэ тал дээр далайцтай арга хэмжээ авах шинжтэй байна. Нэгдүгээрт, хятадууд хэд хэдэн атомын агаарын тээвэрлэгчийг гаргах гэж байна. Хоёрдугаарт тэд атомын гаумбагч флотоо тоо болон чанарын үзүүлэлтээр нь сайжруулах гэж байгаа.

Одоогийн дуу чимээ ихтэй атомын гаумбагч хөлгүүдийг америкчууд мөрдөөд олчиход хүндрэлтэй, шинэ атомын хөлөг онгоцуудаар солих гэнэ. Түүнээс гадна зэвсэглэл нь эрс хүчирхэгжинэ. Одоо хятадууд найман мянган километрийн үйлчлэлийн тойрогтой тэнгисийн шинэ баллистик пуужинг зохион бүтээхээр чармайн ажиллаж байна. Хэрэв тэд энэ пуужинг зохион бүтээвэл болзошгүй мөргөлдөөнд америкчууд давуу байдалтай байх боломжийг эрс бууруулах юм. Гуравдугаарт, хятадууд байлдааны бусад хөлөг онгоцуудынхаа тоог ч эрс нэмэхээр бэлдэж байна. Энэ бол дэмий хоосон үг биш. Тиймээс америкчууд жил ирэх бүрд Хятадыг тогтоон барихад улам хүндрэлтэй болох юм.

Оросын хувьд энэ нь маш таагүй дохио. Хятад улс хуурай замын цэргийн хүчээ биш харин усан цэргийн флотоо хөгжүүлэхэд дэнчин тавьж байгаа нь ойрын болон дунд хугацааны ирээдүйд хойд хэсэг рүүгээ шилжин, Оросын болон бусад чиглэлд дайралт хийж болзошгүй. Үүнд ч гайхаад байх зүйлгүй. Түүхий эд олж авах нь Хятадын хуюьд амин чухал асуудал болсон. Тиймээс Оросоос газрын тос, хийг өөрт тохиромжтой үнэ цэнээр олж авахыг хичээж байгаа. Гэхдээ энэ нь ч эдийн засгийн өсөлтийг нь харгалзвал хангалтгүй үзүүлэлт. Үүннй улмаас Хятад усан цэргийн флотоо хөгжүүлж дэлхийн өнцөг булан бүрт нэн чухал ашиг сонирхлоо хэрэгжүулэхээр хичээж байгаа юм." хэмээн тэрбээр дүгнэлтэндээ бичжээ.

 

Эх сурвалж: Улаанбаатар таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top