Нийслэлийн төв талбайд өчигдөр эртний нүүдэлчин монголчуудын амьдрал ахуйг харуулсан үзэсгэлэн гарлаа. Сүүлийн үед малчин айл болгон машин техник, мотоцикльтой болсноор малын бэлчээр ёстой л нөгөө “хөдөөний энэ олон замын хаагуур нь явах вэ ” гэж дуунд гардаг шиг талхлагдаж байна. Сүхбаатарын талбайд тэмээ, үхэр, хайнаг, сарлаг гээд таван хошуу мал “зочилсон” нь гадаадын жуулчдаас гадна хотын залуусын сонирхлыг ихэд татсан явдал боллоо. “Монгол номатик” аялал жуулчлалын бааз, Монголын аялал жуулчлалын холбоо, Нийслэлийн аялал жуулчлалын газраас хамтран тус үзэсгэлэнг зохион байгуулагчид хөсөг тэрэг, эсгий гэр, зэс, гуулин сав суулга, модон эрээн авдар гээд хуучны эдлэл хэрэглэлийг хоёр жилийн турш цуглуулжээ. Түүнчлэн хайнаган шар, үхэр, адуу, ямаа, тэмээнүүдийг орон нутгаас авчирсан нь тэнд цугларсан хүмүүсийн сонирхлыг татаж байлаа. Эдгээрээс хамгийн өвөрмөц нь ямаан тэрэг байв . Хүүхдэд том үхэр унуулах нь аюултай учраас ямаан тэрэг хийсэн, түүхийн ном судрыг сөхөн харваас хаад ноёд хүүхдээ ямаан тэргэн дээр суулгаж явдаг байжээ. Энэ үзэсгэлэнд ирсэн бүх зүйл “Монгол номатик” аялал жуулчлалын баазад байгаа аж. Тус бааз нь хотоос баруун аймаг руу явах замд 55 км зайтай байрладаг гэнэ. “Мишээл экспо” төвд өнөөдөр, маргааш аялал жуулчлалын нэгдсэн үзэсгэлэн болно
Д.Сэндэр Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )