“Шунхлай” групп “Скайтел”-ын том хувьцааг солонгосчуудаас худалдаж авчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 01

Чихэнд чимэгтэй сайхан мэдээ. Монгол хүн Монголын баялгийг ингэж л эзэмшмээр байгаа юм. АПУ-гийн гэдгээрээ олонд танигдсан Ах дүү хоёр бизнесмен Г.Батхүү, П.Батсайхан нар “Шунхлай” группийнхээ суурийг тавьж, бизнесээ эхлүүлж байхдаа машины наймаанд ёстой л хэмх шатаж, юу ч үгүй хоосорч байсан гэдэг. Найз нөхөд нь танихгүй, хөдлөх мөнгөгүй хөгөө чирч явсан тухайгаа даанч тоохгүй ярина даа. Аргагүй, амьдралынх нь хамгийн том ухаарал, амжилтынх нь жинхэнэ түлхүүр тэр алдаа байж таарна. Тиймдээ ч, одоо дэлхий тоохуйц том наймааг гадныхантай хийж чаддаг бизнесменүүд болжээ. Монголын топ 10 компанийн нэг “Шунхлай” групп “Скайтел” компанийн Солонгосчуудын мэдлийн 60%-ийн хувьцааг худалдаж авсан байна. Нөгөө 40 хувийнх нь Монгол эздийг манайхан ерөнхийдөө мэдэх билээ. Одоогоор Скайтелын 60% хэдий хэрийн үнэ хүрсэн нь яг таг тодорхойгүй ч 250 сая доллар буюу 300 тэрбум төгрөг төлсөн гэх сураг гарлаа. Тэр нь хамаа байж уу, Монгол хүн эзэн сууж байгаа хойно. Баяжиж таргалаад, баруун солгойгүй цацаад байгааг нь харахаар муухай Монгол зан хөдөлж муулмаар ч юм шиг. Гэхдээ өөрийн эр бяр, хүч чадлаар өдий зэрэгт хүрч, өдгөө “Скайтел” хэмээх том айлыг Монгол хүний өмч болгож байгааг нь бодохоор “цагаан” атаархал цацаад өнгөрөхөөс өөр зам алга.
 “Скайтел” ХХК-д яг одоо удирдлагын багийн шинэчлэлт буюу бидний хэлж заншсанаар бүтцийн өөрчлөлт ширүүхэн явагдаж байна. “Шунхлай” группээс угшилтай голдуу залуучууд маркетинг, санхүү, хүний нөөцөд давамгайлж эхэлсэн аж. Монголын үүрэн телефоны хоёр дахь том мангас ийнхүү шинэ эзэнтэй болж, шинэ менежмент хэрэгжүүлэхээр ааг омгоо цээжиндээ багтааж чадахгүй оволзож байна.
“Шунхлай” группын бизнесийн түүхийг бага зэрэг сөхье. 1990 оны эхээр бусдын л адил ганзага үүрч эхэлсэн ах дүүс, нефтийн бизнес рүү орсноор огцом түлхэлтийг хийж чаджээ. Тэд “Шунхлай” авто сервисийн үйлчилгээ, автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлж, бензин колонкуудыг хаа сайгүй барьж эхэлсэн юм. Харин 1998 оны эхээр Оросын иргэн Сергей Громовын судсыг атгаж, “АПУ” ХК-ийн хувьчлалд ялалт байгуулж чадсанаар том бизнесийн босго алхсан билээ. Үүний дараа “Шунхлай” группын дэргэд “М Ти Эс“ ХХК-ийг үүсгэн байгуулж “Монгол стандарт” брэнд архи бүтэээж, газар тариалангийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийсэн. Удалгүй Спиртийн үйлдвэрээ ашиглалтанд оруулсан нь нүдээ олов. Гэвч 2007 онд “Энержи Ресурс” төсөлд нэгдэх хүртлээ энэ групп “Скайтел” зэрэг том загаснуудын талаар санах ч хэрэггүй байсан гэдэг нь ойлгомжтой. Хэдийгээр Монголын баялагт хэдхэн хүн эзэн суулаа гэх шүүмжлэлд “Энержи ресурс”-ийн хувьцаа эзэмшигчид өртөж байгаа ч “Скайтел” зэргийг харийнхны өврөөс салгахад зориулах сэтгэл, ухаан хоёр байгаа бол тэднийг дэмжмээр байна.
Үүнээс цааш “Шунхлай”-гийн баг задраагүй ч эзэд нь өөр өөрийн итгэл үнэмшлээр ертөнцийг харж байх шиг. Энэ бүхний суурийг тавьж, дүү нараа зөв залж чадсан Г.Батхүү улс төрийн карьераа үргэлжлүүлэхийг илүүд үзэж, ямагт түүний итгэлийг дааж явсан Батсайханд бизнесийн титмээ эргэлт буцалтгүй шилжүүлжээ. Нийслэлийн Иргэдийн хурлын тэргүүлэгч болсон эмэгтэй дүү Батчимэг нь “АПУ” ХК-иа “тойлж” байна. Харин бага дүү Бат-Эрдэнэ нь Монгол стандарт брэнд, Сэлэнгэ тариа ХХК, трактор комбайн зэргээсээ ялимгүй “зэнзийрхэж” Шунхлайг ерөнхийд нь залуурдан “Скайтел” тийш хөлгийн жолоо эргүүлж буй бололтой. Хэдийгээр тэд “Капитал” гэдэг нэрийг шилэмдэх болсон ч “Шунхлай” бол шунхлайгаараа л үлдэж байна. Тэдний дараагийн алхам “АПУ” ХК-ийн том хувьцаа гэж бизнесийн хүрээнийхэн “мэдэмхийрэх” боллоо. Монгол дахь операциа ерөнхийд нь хумьж байгаа Громовын гэр бүлтэй өсөн дэвжиж байгаа Монголын уул уурхайн хувь эзэмшигчид ойлголцоход маш дөхөм болсон гэж эх сурвалжууд тайлбарлаж байна. Одоо Оросын өмчлөлд байгаа АПУ-гийн 70%-ийг авч чадвал “Шунхлай” групп Монголын номер нэгийн төлөөх өрсөлдөөнд нэг алхам урагшлах юм.
С.Чингүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top