-Үзэгчдийн хувиар киночдод илгээх ил захидал-
“Өнгөрсөн таван жилийн хугацаанд Монголын кино урлаг үсрэнгүй хөгжсөн. Тодруулбал, “Холливуд”-ын төвшинд дөхөж очсон гэж ойлгож болно” хэмээн нэгэн залуу кино найруулагч ярьсныг олж уншлаа. Үнэхээр өнгөрсөн таван жилийн хугацаанд Монголын кино урлаг үсрэнгүй хөгжсөн үү гэвэл бас тийм биш ажээ /үзэгчийн хувиар шүү/.
Харин тэдгээр “түүхий” бүтээлийг үзэгчдэд хүргэдэг театруудын хувьд үсрэнгүй хөгжсөн дүр зураг харагдана. Зөвхөн Улаанбаатар хотод “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” зэрэг олон улсын стандартад нийцсэн үзвэрийн газар нээгдсэн нь сайшаалтай. Гэвч эдгээр кино театрт гарч буй бүтээл нь бүтээл бус сонирхогчийн эвлүүлэг мэт зүйл гарч байгаа нь үнэхээр харамсалтай. Ингэж хэлэхийн учрыг шилдэг гэсэн тодотгол зүүгээд байгаа доорхи жишээ татсан дөрвөн киноноос харж болно.
“БИ ЧАМД ХАЙРТАЙ-2″ БУЮУ 93 МИНУТЫН РЕКЛАМ
Нэр – “Би чамд хайртай-2″
Үргэлжлэх хугацаа – 93 минут
Найруулагч – Б.Баатар
Бүгээсэн продакшн – “Hero” энтертайнмент
Ивээн тэтгэгч байгууллага -”Модерн Номадс”, “Юнител” групп
“Би чамд хайртай-2″ киноны ерөнхий найруулагчаар ажилласан Б.Баатар “G энтертайнмент”-аас найруулагчийн гараагаа эхэлсэн нэгэн билээ. Улмаар “G”-гээс өрх тусгаарлаж өөрийнхөө нэрээр “Hero” энтөртайнментийг үүсгэн байгуулсан. “G”-д байхдаа бүтээсэн хэд хэдэн клип нь урлагийнхны дунд түүнийг “од” болгосон гэхэд хилсдэхгүй. Харин зориг гаргаж хийсэн “Би чамд хайртай” киноны хоёрдугаар анги үзэгчдийн сэтгэлд төдийлөн хүрч чадаагүй юм.
Учир нь 1985 онд И.Нямгаваагийн зохиолоор Б.Балжинням найруулагчийн бүтээсэн “Би чамд хайртай” киног давж чадаагүй нь хоёрдугаар ангийн сөрөг пиар болжээ. Зарим үзэгчид “Хоол идсэн ч “Модерн Номадс”, утсаар ярьсан ч “Юнител” энэ хоёроос өөр байгууллага Монголд байдаггүй юм уу” хэмээж байсан нь голыг нь олоод хэлчихсэн хэрэг. Энэ яриа салхинд хийсч амжаагүй байхад зохиолыг нь бичсэн зохиолчийн ойрын хүний яриа “чинжүү”-гээр хачирлав.
Тэрбээр “Зохиолыг нь бичүүлье гэж ирэхдээ хэдэн байгууллагын танилцуулга, хэвлэмэл сурталчилгааг авчирч “10 минут тутамд нэг байгууллагын реклам хоёр минут орох ёстой шүү” гэж үүрэгдээд явсан гэсэн. Тэгэхээр цэвэр рекламны кино болж байгаа биз дээ” хэмээсэн нь үнэхээр харамсалтай. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр Монголын кино урлаг дээрх эрхмийн хэлсэнчлэн үсрэнгүй хөгжилд бус тэсвэрлэшгүй мөхөл рүү уруудаж байгаа юм биш үү.
Уг нь “Би чамд хайртай” киноны хоёрдугаар анги гарах сургийг олон үзэгчид алга ташин хүлээж авсан. Дээр нь авьяастай, чадвартай запуу найруулагч Б.Баатарын бүтээл гэхээр чансаатай кино болох байх хэмээн үзэгчид төдийгүй аптан үеийн киночид хүлээж байсан нь мэдээж. Даанч тэдний хүлээлт, итгэлийг хэдэн байгууллагын сурталчилгаа болгож хувиргаснаар /товчоор хэлбэл 93 минутын реклам/ салхинд хийсгэчих юм.
“ПОМОГИТЕ HAM-II” /ХУВААРЬГҮЙ НИСЛЭГ/ БУЮУ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ХОШИГНОЛ
Нэр – “Помогите нам-2″ /Хуваарьгүй нислэг/
Үргэлжлэх хугацаа – 90 минут
Найруулагч – Ш.Даваадорж
Бүтээсэн продакшн – “Zaya-SH” студи, “Wisdom” продакшн
Ивээн тэтгэгч байгууллага – “Uptown” сэтгүүл
“Помогите нам” киноны нэгдүгээр анги үзэгчдийг үнэхээр байлдан дагуулсан. “Сайн кино болжээ”, “Аргагүй л шилдэг зураглаачийн хүү юм даа” хэмээн хүмүүсийн ярьж байхыг бишгүй л сонссон. Олон хүмүүсийн ингэж ярихыг сонсоод өөрийн эрхгүй тус киног үзэх гэж “Тэнгис”-ийг зорьж билээ. 1990-ээд оны эхэн үеийн Монголын ганзагын наймаачдын амьдралыг харуулсан сайн бүтээл болжээ.
Кино зохиол, зураг авалт, компьютер график, эвлүүлэг, хөгжим гээд бүх л зүйл нь хоорондоо цаавуугаар наасан мэт эвцэлдэж байсан. Харин “Помогите нам-2″ буюу “Хуваарьгүй нислэг” нэртэй хоёрдугаар ангийг тэсч ядан хүлээж, гарсан даруйд нь үзэв. Нэг-дүгээр ангид тоглосон жүжигчид бүтэн бүрэлдэхүүнээрээ оролцсон хоёрдугаар ангийн эхний 30 минут дараагийн үйл явдлын хүлээлтийг өөрийн эрхгүй төрүүлнэ.
Гэвч өрнөл хэсэг, төгсгөл нь өнгөц, кинонд ажилласан уран бүтээлчдийн баг энэ киногоороо үзэгчдэд юу хэлэх гээд байгаа нь тодорхойгүй болж эхлэв. Ийм сэдлийг үзэгчдэд төрүүлсэн нь тус киноны хар пиар болж байлаа. Онгоц нь сүйдэж яах учраа олохгүй хэсэг хүмүүс эзэнгүй гэрт эзэн сууж, хээр талд хэд хоногийг өнгөрөөнө. Эндээс л кино ямар ч үйл явдалгүй болж эхэлнэ. Нэг үгээр хэлбэл үзэгчдийг уйдааж эхэлсэн гэсэн үг.
Уг нь найруулагчаэр нь ажидласан Ш.Даваадоржийн аав нь алтан үеийн киночдын мундаг төлөөлөгч. Төрийн шагналт, кино зураглаач Л.Шаравдорж гэхээр Монголд танихгүй хүнгүй. Хослол зургийн жинхэнэ мастер түүний хүүгийн бүтээсэн эхний кино амжилт олсон ч тус киноны хоёрдугаар анги зүгээр л хэнд ч хэрэггүй хошигнол болжээ. Удахгүй киноны гуравдугаар анги гарах сураг дуулдсан. Нэгдүгээр анги шигээ сайн бүтээл байгаасай гэж олон үзэгчид тэсч ядан хүлээж суугаа.
МОНГОЛЧУУДЫН БҮТЭЭСЭН СОЛОНГОС “ФРАНЦ ҮНСЭЛТ”
Нэр – “Франц үнсэлт”
Үргэлжлэх хугацаа – 95 минуг
Найруулагч – Г.Анхбаяр
Бүтээсэн продакшн – “Young” энтертайнмент
Ивээн тэтгэгч байгууллага – “Киа” моторс
“С1″ телевизийн “Showbiz” нэвтрүүлгээр олонд танигдсан залуу найруулагч Г.Анхбаярын хоёр дахь дэлгэцийн бүтээл нь “Франц үнсэлт”. Түүний анхны кино нь “Надтай гэрлээч” хэмээх залуусын хайр сэтгэлийн сэдэвтэй кино байсан. Тус бүтээлээрээ үзэгч, кино судлаачдаас өндөр үнэлгээ авсан нь хоёр дахь уран бүтээлийнх нь ташуур болсон. Гэвч “Франц үнсэлт” киног үзээд буруу зүг рүү нь ташуурдчихсан юмуу даа гэх бодол төрснийг нуух юун.
Өрсөлдөгч хоёр компанийн “босс”-ын хүүхдүүд санамсаргүйгээр бие биедээ хайртай болно. Улмаар дампуурах шахсан “босс”-ын хүү улам өргөжин дэвжиж байгаа өөр нэгэн компанийн “босс”-ын охины гэрт нүүж орсноор нууц төлөвлөгөөг нь олж авна. Ингээд л үйл явдал цааш хөвөрнө дөө. Хөврөхдөө орой болгон монголчуудыг зурагтаас нь салгахаа байсан Солонгос цувралын үйл явдалтай тун чиг төстэй.
Товч бөгөөд хатуухан хэлэхэд солонгос киноны гурван ангийг нийлүүлээд хийчихсэн гэлтэй. Ийм байх нь арга ч үгүй биз. Учир нь “Киа” моторс компани ивээн тэтгэсэн юм билээ. Кинон дээр гарч байгаа дүрүүд бүгд цоо шинэ “Киа” маркийн автомашин хөлөглөнө. Ямарваа нэгэн уран бүтээл туурвихад хөрөнгө мөнгөний асуудал чухал байх нь гарцаагүй.
Гэхдээ бүхэл бүтэн уран сайхны киног нэг байгууллагын сурталчилгаа болгож болохгүй биз дээ. Энэ киноны гол пиар нь “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа. Уг нь үзэгчдийн зүгээс боломжийн үнэлгээ авсан ч мэргэжлийн жүжигчид ойшоогоогүй. Ямар сайндаа л УДЭТ-ын нэг жүжигчин “Жүжиглэх гэж хэлбэрдчих юм байна л даа” гэж толгой сэгсрэх вэ дээ.
Төгсгөлд нь сануулж хэлэхэд орой бүр телевизээр гарч байгаа солонгос цувралын хямдхан санаа Монголын кино урлагийг хөгжилд хөтлөхгүй л байх даа.
АРАЙ ДӨНГҮҮР НЬ “РАШААНТЫН-18″
Нэр – “Рашаантын-18″
Үргэлжпэх хугацаа – 92 минут
Найруулагч – Ш.Даваадорж
Бүтээсэн продакшн – “Zaya-SH” студи
Санхүүжүүлэгч – УГЖ Т.Баясгалан
“Ай миний хаяг Рашаантын 18…” хэмээн “Хонх” хамтлагийн уянгалаг дуунаас санаа авч хийсэн кино. Тус киноны гол санаа нь нийгмийн дээд, доод давхаргад өссөн хоёр залуу санаандгүй учирснаар хайр сэтгэлийн холбоотой болно. Улмаар гэр бүлээ хүний халаас ухаж тэжээдэг залуу /”X-tuts” хамтлагийн жүжигчин Батаа/ хараагүй болно.
Түүний хараагүй болох шалтгааныг тавьсан чинээлэг айлын охин хулгайч залууд сэтгэл алдарна. Өнгөц харахад бас л нэг солонгос сериалын хувилбар мэт. Гэхдээ өнөөдрийн монголчуудын амьдралыг инээдэмтэй бас эмгэнэлтэй хэлбэрээр үзүүлсэн нь энэ киноны ололттой тал юм. Киноны зохиолч, найруулагчаар Ш.Даваадорж ажилласан байна.
Дээр дурдсан “Помогите нам-2″-ын хажууд уран бүтээл болжээ хэмээн кино судлаачид үнэлсэн байдаг. Тогтож үзсэн хүнд бол хүүхдийн гэмээр алдаа гарч байсныг дурдах нь зөв байх. Тус кинонд гол төлөв мэргэжлийн жүжигчид тоглосон нь бусад киноноос ялгарах онцлог болсон нь мэдээж. Өнөөдөр Монголд хийгдэж буй уран сайхны киноны талаас илүү хувьд нь мэргэжлийн бус дуучин, загвар өмсөгч, мисс сэтэртэй хүмүүс тоглож байгаа нь уран бүтээлийг чанаргүй болгож байгааг эрхэм киночид маань анзаарахгүй л байх шиг.
Юутай ч сүүлийн таван жилийн хугацаанд хийгдсэн кинонуудаас арай дөнгүүр нь /үзэгчийн хувиар/ “Рашаантын-18″ болжээ.
Өдөр шөнөгүй зурагтаар сурталчилж киноныхоо аль өөдтэй, өнгөлөг хэсгийг реклам болгодог киночдын дүр төрх үзэгчийн нүдээр ингэж л бууж байна. Би кино судлаач хүн биш л дээ. Гэхдээ л “дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй” монгол зан маань хөдлөөд орчин цагийн киночид, киноны тухай ийн үзэглэлээ. “Театрт кино үзэж буй үзэгч үзсэн киноноосоо таашаал авч, ямар нэгэн сэдлийг олж гарвал тэр жинхэнэ уран бүтээл” гэж “Холливуд”-ын алдарт найруулагч Стивен Спилберг хэлсэн байдаг юм билээ. Түүний хэлснээр Монголын кино урлагийг дүгнэх юм бол хөгжих бус дороитоод баих шиг. Дэлхиин хэмжээний кино бүтээж, дэлхийд өрсөлдье гэвэл дэлхийн дайтай сэтгэж, ертөнцийн дайтай бүтээх хэрэгтэй биз ээ.
Түүнээс биш солонгос сериалын гурван ангийг холбож бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээж эсвэл ивээн тэтгэгч байгууллагынхаа сурталчилгааг 90 минут гаргаснаар Монголын кино урлаг дэлхийд өрсөлдөхгүй л дээ. Энэ удаа “Тэнгис”, “Өргөө”, “Срёмбо” кино театруудаас хамгийн их ашиг олсон дөрвөн киног сонгон авч бичлээ. Эдгээрээс гадна “Татар ажиллагаа”, “Гоёлын даашинз”, “Намрын синдром” зэрэг бүтээлүүд кино театруудад гарсан цагаасаа ашиг орлогоороо тэргүүлсэн байх юм. Төгсгөлд нь орчин цагийн кино урлагийг бизнес болгон хөгжүүлж байгаа уран бүтээлчдэд монголоороо сэтгэж, монгол кино хийгээсэй гэж хүсэн ерөөе.
Т.Зүрх
Эх сурвалж: “Unen.mn”
Сэтгэгдэл ( 0 )