УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.06.19/ хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.
ТАЗ-ын гишүүнд Б.Төгсцэнгэл, Л.Золзаяа, Ц.Амартөгс нар нэр дэвшээд байгаа бөгөөд энэ сарын 10-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар сонсгол явуулж, гишүүд хаалттай хуралдаж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшигч Б.Төгсцэнгэлийг тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзсэн бол нэр дэвшигч Л.Золзаяа, Ц.Амартөгс нарыг тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаагүй гэж үзсэн юм.
Нэр дэвшигчдийн намтар:
- Ц.Амартөгс 1976 онд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай.Эдийн засагч мэргэжилтэй, төрийн удирдлага болон бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, төрийн албанд 25 жил (дэс түшмэлийн албан тушаалд 8.8, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 12, тэргүүн түшмэлийн албан тушаалд 4.7 жил) ажилласан туршлагатай, үүнээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хэлтсийн дарга, газрын орлогч дарга, газрын дарга, Төрийн албаны зөвлөлд хэлтсийн дарга, Ажлын албаны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна буй аж.
-Б.Төгсцэнгэл 1978 онд Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 47 настай. Эрх зүйч мэргэжилтэй, хуулийн магистрын зэрэгтэй, төрийн албанд 15 жил (Ахлах түшмэлийн албан тушаалд нйам, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 5.5, тэргүүн түшмэлийн албан тушаалд нэг жил) ажилласан туршлагатай, үүнээс УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн шинжээч, референт, Хууль зүйн үйлчилгээний хэлтэс, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны референт, зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд өдгөө УИХ-ын Тамгын газрын Дотоод хяналтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч албан тушаалыг хашиж байгаа аж.
-Л.Золзаяа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 48 настай. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлага, олон улсын худалдааны магистрын зэрэгтэй. Төрийн албаны албанд 23 жил 9 сар ажилласан туршлагатай, үүнээс Тагнуулын ерөнхий газарт ахлах ажилтан, тасгийн дарга, газрын орлогч дарга, АТГ-т ахлах мэргэжилтэн, Гадаад харилцааны яаманд, БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газарт Консул, Тэргүүнээр ажиллаж байсан. Ерөнхийлөгчийн Тамгын газарт Хуулийн бодлогын газрын ахлах референтээр ажиллаж буй юм байна.
Сэтгэгдэл ( 0 )