Б.Баасандорж: Б.Энхбаярыг сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэх тов тодорхойгүй байна

Б.Цог | Zindaa.mn
2025 оны 10 сарын 02

Ерөнхий сайд Г.Занданшатар ХЗДХ-ийн сайдад Б.Энхбаярыг томилох шийдвэр гаргаад байгаа ба УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103.1-т "Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах, түүнтэй холбогдуулан шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулах тухайгаа УИХ-ын даргад мэдэгдэж товыг тогтоолгоно" хэмээн заасны дагуу их хуралд танилцуулахаар болсон. 

Тэгвэл дээрх танилцуулга хэзээ явагдах талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос тодрууллаа. 

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдаас 2025 ны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай албан бичгээр өчигдөр Монгол Улсын Их Хуралд саналаа ирүүлсэн. Үндсэн хуулийн 39.4-д “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэж заасан байдаг. Үүргээ биелүүлж байж, эрхээ эдэлдэг.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах үүрэгтэй. Энэ хоёр үүргээ хэрэгжүүлж байж, эрх нь хэрэгждэг. Энэ эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд бичгийг УИХ-д ирүүлсэн. Танилцуулахаар ирүүлсэн танилцуулгыг Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцэнэ.

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тов байхгүй. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар ээлжит болон ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл тогтоодог. Тэр тусмаа тухайн долоо хоног бүр Байнгын хороо, Дэд хороо, Түр хороо, Хянан шалгах хороогоор ямар асуудал хэлэлцэхийг товлодог. Энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын тов гарчихсан. Товын дагуу чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хуралдаад, Хөдөө аж ахуйн тухай хууль, Хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Үдээс хойш дэд хороо, ЭЗБХ, ТБХ-ны хамтарсан хуралдаантай. Одоогоор дээрх асуудал товд ороогүй байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top