-Зөвшилцлийн Засгийн газар бодитой, түүхэн шийдвэрээ танилцууллаа-
2011 оны гуравдугаар сарын 31. 12.20 цагийн үе. Монголчууд бид хоёр сая 739 мянга, 341-үүлээ болов. Хамтарсан Засгийн газар үр дүнтэй ажиллаж буйг энэ хүмүүсийн дийлэнх олонх нь хүлээн зөвшөөрдөг. Итгэдэг. Гэхдээ бүр том бэлэг хүлээж байсан юм. Сайн чанарын нүүрсээрээ дэлхийд тэргүүлэх нөөцтэй Тавантолгойгоос монгол хүн бүр хувьцаа эзэмшинэ гэсэн зүйлийг зарим маань үлгэр мэтээр төсөөлж байсан нь нууц биш. Цөөнгүй улстөрч, намынхан ч тэгж ойлгуулахыг хичээж байлаа. Харин зөвшилцөж байгуулсан Засгийн газар амласан юм. Өгнө өө гэж. Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд, Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг нар хэвлэлийнхэн бужигнасан Төрийн ордны мэдээллийн төвд түүхэн шийдвэрээ танилцуулахаар орж ирлээ. Их хүлээлтийг ийн биелүүлж, сюрприз барив.
Монгол Улсын иргэн бүр Тавантолгойн орд газрын эзэн мөн гэсэн түүхэн шийдвэрийг Засгийн газар гаргалаа. 15 тэрбум ширхэг хувьцааны 10 хувийг буюу 1.5 тэрбум ширхэг хувьцааг нийт иргэнд хуваахад нэг хүнд 536 ширхэг хувьцаа ногджээ. “Стратегийн орд газруудаа ээлж дараатай эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн баялгаас олох орлогыг иргэн бүртээ шударга, тэгш, хүртээмжтэй хуваарилах цогц асуудлын нэг хувьцааны талаар Засгийн газар ээлжит болон ээлжит бус хуралдаанаар удаа дараа нухацтай хэлэлцэн шийдвэр гаргалаа” гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэвлэлийн хурлыг нээж хэлэхдээ мэдэгдлээ. Хувьцааны сураг дуулсан олон түмэн нэгж хувьцааны үнэ хийгээд зарж борлуулах эсэхийг ихэд сонирхдог юм. Энэ талаар Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хэлэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын зах зээлд арилжиж эхлэх үед нэгж хувьцааны үнэ тодорхой болно. Компанийн ажил, ялангуяа олборлолт, нүүрсний экспорт жигдэрч, зам, төмөр зам, ус, эрчим хүчний хангамжийг шийдэж, угаах-баяжуулах үйлдвэрийн ажил эхэлсний дараа хувьцааны үнэ бодит байдлаар тогтох хүртэл иргэд хувьцаагаа зарж, борлуулах эрхгүй. Энэ нь иргэдээ эрсдэлээс хамгаалж байгаа хэрэг” гэлээ.
“Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил тунгалаг, ил тод, нээлттэй, ойлгомжтой байх бөгөөд явцыг Засгийн газар сар, улирал бүрээр тогтмол мэдээлнэ. Харин хувьцаа эзэмшигч иргэн өөрөө хариуцлагатай байж, хяналтаа тавин, компанийн ажил ямар шатандаа явж байгааг мэдэж байх ёстой, энэ боломжийг ч иргэн бүртээ хувьцаа эзэмшүүлснээр бүрдүүллээ. Цэнхэр, ягаан тасалбарын ач тусыг иргэд сайн ойлгоогүйгээс үр шимийг нь хүртэж чадаагүй. Энэ алдааг давтахгүйн тулд хөрөнгийн зах зээл гэж юу болох, энэ талаарх иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зэрэгт төр, засаг анхаарна, иргэд ч өөрсдөө хичээх хэрэгтэй” гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн тэмдэглэв. Монголын иргэн бүр хувьцааг нь эзэмшиж байгаа Тавантолгой төслийг дэлхийн жишигт хүрсэн, дэд бүтэц зэрэг салбарт ирээдүйд хэрэгжих төслүүдэд үлгэр жишиг болохуйцаар хэрэгжүүлнэ гэдгийг С.Батболд, Н.Алтанхуяг нар хэлж байна.
Хувьцааг иргэдэд эзэмшүүлэх зохион байгуулалтын ажлыг Төрийн өмчийн хороо, Улсын бүртгэлийн газар, Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар, хэлтэс хариуцна. Ингэхдээ хувьцаа эзэмшигч гэснийг баталсан тусгай тэмдэглэгээг Хүний хөгжил сангийн дэвтэрт баталгаажуулах юм байна. Ийнхүү байгалийн баялгаа ашиглах, түүний дотор уул уурхайн салбарын хөгжлийн орлогоос ард иргэддээ хуваарилах, хишиг, хувь хүртээх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гол цөм асуудал биеллээ олж, иргэн бүртээ хувьцаа эзэмшүүллээ. Цаашид хөрөнгө оруулагчид болон олборлолтын ажил гүйцэтгэгчийг шалгаруулах, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, гадаад, дотоодын хөрөнгийн биржэд хувьцааг нь арилжаалах бэлтгэлээ хангах зэрэг шат дараатай олон ажил хийнэ гэж Ерөнхий сайд болон Тэргүүн шадар сайд нар хэлж байна.
Монголчууд баялагтаа эзэн байх их хувь заяа зөвхөн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эзэмшсэнээр дуусчихгүй. “Эрдэнэс МГЛ” хэмээх төрийн өмчит толгой компанийн мэдэлд стратегийн өөр олон орд бий. Тавантолгойн 536 ширхэг хувьцааг 2011 оны гуравдугаар сарын 31-нээс өмнө төрсөн монгол хүн бүр эзэмшинэ. Түүхэн шийдвэр зарласан өнөөдрөөс хойших хугацаанд зөвхөн Нийслэлийн хэмжээнд хоногт 100-120 шинэ монгол хүн мэндэлсэн байх учиртай. Жилдээ манай Монголын гэр бүлийн гишүүн 60 мянга орчмоор өсдөг гэж байгаа. Ийм статистик мэдээ байдаг юм билээ. Тэднийг хоосон үлдээлээ гэж ярих хүн байж мэдэх юм. Хойч үе маань бас биднээс ялгаагүй “Эрдэнэс МГЛ”-ийн хувьцаа эзэмшинэ гэж Тавантолгойн Ажлын хэсгийн ахлагч, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ярьж байна лээ. Ерөнхий сайдыг Тавантолгойтой холбож хардсан асуулт хэвлэлийн хурлын үеэр бас л сөхөгдөв. Тэрбээр “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа энэ талаарх хангалттай тайлбар-няцаалтыг хийсэн байдаг. “Монгол Улсын Засгийн газар эрх ашгийн зөрчилгүйгээр нээлттэй тунгалаг зарчмаар ажиллана. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч монгол хүн бүр өөрийнхөө компанийн үйл ажиллагаа, хувьцааны зах зээлийн ханшны өсөлт, бууралтыг бүрэн хянах бололцоотой” гэдгийг энэ удаа ч хэлэв. “Тавантолгойн цаана дахиад 50 толгой бий” гэж миний бие нэгэнтээ бичсэн юм. Алт сандайлсан гуйлгачин гэж муухайгаар чичлүүлж явсан цаг ард үлдэв. Тавантолгойн төсөлд оролцох эхний шалгуурыг даваад буй компаниудтай хийх хоёр дахь хэлэлцээрийг ирэх долоо хоногт эхлэх юм байна. Амласандаа хүрдэг Засгийн газар, амны хишигтэй ард түмэндээ баяр хүргэе. С.Батболд, Н.Алтанхуяг нараас сурвалжлагчид сонирхсон зүйлээ асуув.
-Энэ бол түүхэн шийдвэр. Гэхдээ түүнийг дагасан сөрөг талыг хэрхэн тооцож байгаа вэ. Аж ахуйн нэгжид эзэмшүүлэх хувьцааны сургаар компани худалдаж авах явдал гарах болсон. Тэр хэрээр компанийг худалдах ханш өсөж байгаа. Энэ байдлыг Засгийн газар анхаарч байгаа юу?
С.Батболд:-Засгийн газар нээлттэй, тунгалаг байх зарчмаар ажиллах болно. Долоо хоног бүрээр холбогдох байгууллагууд үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд мэдээлэл өгч байхыг үүрэг болгосон. Аж ахуйн нэгжүүдэд зөвлөхөд ямар нэгэн таамаглал, сонирхлоор алдаатай үйл ажиллагаа бүү явуулаарай гэж хэлэх байна. Өнөөдрийн түүхэн шийдвэр бол иргэн бүртээ хувьцаа эзэмшүүлэх асуудал юм. Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдэд хувьцаа эзэмшүүлэх асуудал эцэслэн шийдэгдээгүй байна. Олон компани худалдаж аваад, тэр хэрээр илүү хувьцаа эзэмших зүйл байхгүй шүү. Нэг хүн 32 компани бүртгүүлсэн явдал ч байна. Зориуд анхааруулмаар байна. Засгийн газар шударга ёсыг баримтална. Энэ талаар ирэх долоо хоногоос Засгийн газар мэдээлэл өгнө.
Н.Алтанхуяг:-УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол бий. 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө Монгол Улсад бүртгэгдсэн аж ахуйн нэгжид Тавантолгойн 10 хувийг худалдана. 53-54 мянган компани байгаа юм билээ. Энэ тооцоогоор нэг аж ахуйн нэгжид 27-28 мянган ширхэг хувьцаа ногдохоор байгаа. Хувьцааг хэдэн төгрөгөөр үнэлэхээ Засгийн газар хараахан шийдвэрлээгүй байна. Компани худалдаж аваад олон хувьцаа эзэмшинэ гэж байгаа нь хууль бус явдал шүү.
-Тавантолгойг хэсэгчилж ашиглахгүй гэсэн УИХ-ын тогтоолыг яагаад зөрчөөд байна вэ?
С.Батболд:-Засгийн газар хуулийн хүрээнд ажиллаж байгаа. УИХ-ын тогтоолыг зөрчөөгүй. Өгсөн үүргийг ягштал биелүүлж байгаа. Тавантолгойн тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс МГЛ” дангаараа эзэмшдэг учраас нэг өмчлөлд байгаа гэсэн үг. Цаашдаа ч байх болно.
Н.Алтанхуяг:-Ашигт малтмалын томоохон ордуудыг эзэмших төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХК бий. Оюутолгойн 34 хувийг эзэмшдэг. “Эрдэнэс Тавантолгой” ХК-г эзэмшдэг. Тавантолгой гэсэн нэг нэр байгаа болохоор хольж хутгаад байдаг бололтой. Түүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. УИХ-ын тогтоолыг Засгийн газар зөрчөөгүй.
Го.ЭНХТӨР
Сэтгэгдэл ( 0 )