“Таван толгойг бүгдэд нь өгье. Хятадуудыг гомдоохгүй, Оросуудыг нулимахгүй, Япон, Солонгосыг мартахгүй, хүний эрх чөлөөг тунхаглаж чадсан Америкийг орхихгүйгээр төрсөн өдрийн бялуу хуваадаг шиг Монголын төр Таван Толгойг 6 хуваачихвал яасан юм бэ? Өнөөдөр энэ бодлого тодорхойлж байгаа гэгдээд байгаа МАН юун жаахан юмны араас гүйдэг юм. Тэрний оронд их гүрнүүдэд болзол тавьж шантаажлаад олон улсын мэдээлэл үйлчилгээний том оператор улс болж чадвал бид улсын хөгжлийг тодорхойлно, олон ч асуудлаа шийднэ. Ингэсэн цагт дэлхийн хөгжилтэй орны нөхдүүд биднийг хараад инээж бөхөлзөх нь гарцаагүй” гэж хэлсэн удаатай. Түүний үг хэн хүнд наалдацгүй сонсогдож байв. Гэтэл Базарсадын хүүгийн зөв болж таарах гээд байна. Эрх баригчид зургаа битгий хэл түүнээс ч олон улсын хамтарсан консерциумд өгөх нь тодорхой боллоо.
“Эрдэнэс Таван Толгой” ХК Тавантолгойн ордыг ашиглахдаа баруун, зүүн Цанх хэмээн хоёр хэсэгт хуваасан. Зүүн цанх дээр хөрс хуулалтын ажил хийгдэж, энэ жилээс эхлэн нүүрс ачиж эхэлнэ. Энэ хэсгийг өөрөө эзэмшиж, олборлолт хийнэ гэсэн үг. Олборлолтыг олон улсын стандартын дагуу хийхийн тулд гэрээт олборлогч буюу оператор компанийг сонгох болж, тендер зарласан. Тендерийн материал хүлээн авах хугацаа 3-р сарын 27-нд дууссан. Гэрээт олборлогчийн сонгон шалгаруулалтанд БНЭУ-ын “MESCO steel”, ХБНГУ-ын “BBM Operta”, Австралийн “Macmahon” гэсэн гурван компани саналаа ирүүлсэн. Шалгарсан компани нь уурхайн үндсэн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж, жил бүр уулын ажлын төлөвлөгөөний дагуу хөрс хуулалт, олборлолт хийх менежментээ хариуцах юм. Оператор компани энэ сарын сүүлчээр тодорно. Эдгээр компаниудын ард Хятад, Америк, Английн үндэстэн дамнасан уул уурхайн акулууд нуугдаж байна.
Харин баруун Цанхийг олборлох, тээвэрлэхээс гадна үйлдвэр, станц, дэд бүтэц барих потенциалтай хөрөнгө оруулагчид гэрээний дагуу эзэмшүүлэх юм. Баруун цанхаас олсон ашгийг манай улс, хөрөнгө оруулагч хоёр хуваана гэсэн үг. Үүнийг манайхан Стратегийн хөрөнгө оруулагч хэмээн нэрлэж байгаа бөгөөд тендерт 15 компани саналаа ирүүлснээс Хятадын "Шинхуа Энержи", Японы "Мицүй" болон Орос, Солонгосын хамтрал, АНУ-ын "Пибоди Энержи” гэсэн гурван консорциум тунаж үлдсэн. Гэтэл эдгээр гурав нь цаанаа олон улс орны нэгдлийг агуулж байна. “Шинхуа Энержи” гэхэд л Орос, Америкийн компаниудтай хэлцэлд орж эхэлсэн тухай мэдээлэл байна. Гэтэл Мицүй болон Орос, Солонгосын хамтарсан консерциум дээр Хятадын томоохон компани ороод ирж. Бүр сонирхолтой нь эрх баригчид энд үлдсэн гурван консерциумд нэгдэж орох нь зүйтэй гэсэн санал гаргажээ. Энэ бүхнээс харахад Таван толгой олон улсын нэгдэл болсон томоохон консерциумд очих нь тодорхой боллоо.
Үүний муу гэж байхгүй. Дэлхийн шилдэг технологи, техник орж ирнэ. Хамгийн гол нь өрсөлдөөнийг бий болгож байгаа нь сайн хэрэг. Харин манай хэдэн дарга хахууль хусаад эхэлбэл энэ томчууд Монголыг хялбархан залгичихна шүү гэдгийг л санаж явцгаая.
Стратегийн хөрөнгө оруулагчид өрсөлдсөн нийт 15 компанийн нэрс:
1. БНХАУ-ын “Shenhua Energy” болон Японы “Mitsui & Co” компанийн консорциум
2. Монголын “Монголын Алт” групп
3. Люксембургийн “ArcelorMittal”
4. БНХАУ-ын Өвөрмонголын “Yitai” групп
5. АНУ-ын “Peabody Energy”
6. ОХУ-ын “Ен Плас”
7. Австралийн “Fortesque Metals”
8. Бразилийн “Vale”
9. Оросын төмөр зам, Японы консорциум болон БНСУ-ын консорциумуудын нэгдэл •Оросын төмөр зам (РЖД) • Японы консорциум o “Itochu” o “Sumitomo” o “Sojitz” o “Marubeni” • БНСУ-ын консорциум (“KORES”-ээр ахлуулсан БНСУ-ын 11 компанийн нэгдэл консорциум)
10. БНЭУ-ын “Mesco Steel”
11. БНЭУ-ын “International coal venture”
12. Монголын “Монголын авто замын нэгдэл” консорциум
13. Австралийн “Xstrata coal”
14. БНХАУ-ын Өвөрмонголын “Erdos Chenglong Coal investment”
15. Монгол, БНХАУ-ын “Signum Industrial” багтаж байна.
Ө.Мэргэндүү. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )