С.Батболдын сэдсэн барууны стандарт хөрөнгийн биржээр дамжин нэвтэрч эхлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 12

            Хувьцаа гэж юу вэ, дансаа хэрхэн нээлгэх вэ, ашиг орлогоо хэдийд хаанаас авч болох, 536 ширхэг хувьцаа хэдэн төгрөг хүрэх бол гэхчилэн толгой эргэм түмэн янзын асуултад хариу олохоор монгол хүний тархи тооны машин шиг ажиллаж эхэлснийг энэ өдрүүдэд анзаарч болно. Хүн бүр нэр дээрээ Таван толгойн хувьцаатай болсон нь эх орны баялгаас эрх тэгш хүртэх итгэлийг лавшруулж, сайн мэдэхгүй шинэ ойлголтуудыг сайтар лавлах хэрэгцээ шаардлагыг бий болгов. Зэрэгцээд шахам Монголын хөрөнгийн зах зээлийг дэлхийн жишиг стандартаар хөгжүүлэхээр Лондоны хөрөнгийн биржтэй түншилж эхэлсэн нь дансан дахь хувьцаагаа бариад дэлхийн зах өөд тэмүүлэх итгэл тэмүүллийг бадрааж байна. Лондоны хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах үеэр Ерөнхий сайд С.Батболд “Улаанбаатар-Лондон-Торонтогийн 24 цагийн арилжааны бүсэд холбогдон олон улсын санхүүгийн зах зээлд гарах боломж нээгдлээ” хэмээн хэлсэн юм. Санхүү, хөрөнгийн зах зээл гэгчийг монголчуудын олонх телевизийн дэлгэцнээ жирэлзэх толгой эргэм олон тоогоор дүрсэлж, төсөөлөхөд бэрх тэр ертөнцөд нэвтэрнэ гэдэгт итгэхэд ч бэрх байсан цаг саяхан. Тэгвэл өнөөдөр хөгжилтэй орнуудын иргэд шиг гэрээсээ, гар утаснаасаа хөрөнгийн биржтэй холбогдож, арилжаа наймаа хийх алтан боломж бий болгохын төлөөх Ерөнхий сайдын үг хий хоосон зэрэглээ мэт сонсогдохгүй байна. Тэр тусмаа хөрөнгийн зах зээлийн хамгийн таатай бүс гэгддэг Англи, Канадын аварга сүлжээнд 24 цагийн турш холбогдсон шигээ хувьцааны арилжаа хийж суух тааламжит ирээдүйн төлөө уриалж, чиглүүлж, ажил хэрэг болгож байгаа нь олзуурхууштай хэрэг билээ. С.Батболд Ерөнхий сайд болонгуут хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээр зорихдоо амжилтад хүрсэн бусад орны бэлэн туршлагыг хэрэгжүүлэхээр шамдсан юм. Тэр нь хөрөнгийн зах зээл, үнэт цаасны арилжааг эдийн засгаа өсгөх, тэтгэх хөшүүрэг болгож чадсан барууны орнуудын туршлага стандартыг нэвтрүүлэх байв. Тэгвэл Лондоны хөрөнгийн биржийн үйл ажиллагаа С.Батболдын барууны стандартыг нутагшуулах санаачлагын бодит эхлэл болон нэвтэрлээ гэж хэлж болох юм. Стандарт гэдгийг хамгийн энгийнээр хэлбэл, бидний өдөр тутмын амьдралын хэрэглээг чанар, үр дүн, аюулгүй байдлын баталгаагаар хангадаг хэм хэмжээ юм. Лондоны багийн тусламжтайгаар Монголын хөрөнгийн биржийн менежмент сайжирч, үнэт цаасны арилжаа хийх орчин үеийн систем, дэд бүтцийн сүлжээ нэвтэрч, шинэ техник, технологиор тоноглогдох юм. Бүгдийг европ стандартаар хийх нь мэдээж. Европын холбооны дэргэдэх Европ стандартын хороо барилга байгууламж, хэрэглээний бараа бүтээгдэхүүн, цахилгаан эрчим хүч, байгаль орчин, эрүүл, аюулгүй байдлын хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, мэдээлэл, харилцааны технологи, материал үйлдвэрлэл, үйлчилгээний салбар гэхчилэн асар өргөн хүрээнд стандарт мөрдүүлж ажиллах үүрэг хүлээдэг. Хил хязгааргүй даяарчлагдаж байгаа ертөнцийн салшгүй нэг хэсэг болсон мэдээлэл, харилцааны технологи дунд е-бизнесийн салбар онцгой байртай, бусдын нэгэн адил тогтсон стандарттай. Лондон, Торонтотой Монголын иргэн Дамба гэрээсээ холбогдох нь е-бизнесийн цар хүрээг илтгэж байгаа хэрэг билээ. Ийм сүлжээ, тийм өргөн далайцын баталгаа нь Европын өндөр хөгжилтэй орнуудад мөрдөж, жишиг дүрэм болж тогтсон стандарт юм. Лондоны Хөрөнгийн биржийн Ерөнхийлөгч ноён Хавер Роле “Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран Монголын Хөрөнгийн биржийн өндөр хурдны платформд холбогдож, арилжаанд хямд өртгөөр, урт хугацаанд, үр ашигтай оролцон, хөрөнгийн захаас бодит өгөөж хүртэх боломж бүрдэнэ”хэмээх үгийг Монголын хөрөнгийн захыг дэлхийн жишигт хүргэхээр гэрээ байгуулах үедээ хэлсэн юм. Нэгэнт тогтож, хэм хэмжээ, жишиг болсон стандарт үйл ажиллагаагаар дэлхийн санхүүгийн төв Лондонтой холбогдож Европ, цаашлаад Торонтогоор дамжин Хойд Америкийн зах зээлд гарах е-бизнесийн гарааны хонхыг ийнхүү цохилоо. Иргэн Дамбыг Лондон, Торонтотой холбогдох бэлтгэлээ базааж байх зуур Монголын уул уурхайн ордуудын хувьцааг дэлхийн зах зээлд гаргаж, хөрөнгө босгох ажил аль хэдийнэ гараанаас гарч, үр ашгаа өгөх нь тодорхой. “Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монголын орд газрыг барьцаалан хөрөнгө босгож болоод байхад бид өөрсдөө яагаад хийж чадахгүй байгаа юм бэ” гэсэн Ерөнхий сайд С.Батболдын асуултын ард үүнийг даруйхан хийх эрчим оргилсон билээ. Таван толгойн хувьцааг дэлхийн зах зээлд гаргаж, хөрөнгө мөнгө босгох ажлын бэлтгэл хангагдаж  байгаа нь энэ эрчмийн оргилсон нэг хэсэг болж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд яагаад ...? гэсэн шаралхуу асуултын эзэд нь Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн Хөшөөтийн нүүрсний орд газрын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Mongolia Energy Corporation Limited”, Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Оюу толгойн ордыг эзэмшигч “Айвенхоу Майнз” компаниуд юм. “Mongolia Energy Corporation Limited” нийт 6,1 тэрбум ширхэг хувьцаа гаргаж, 27,0 тэрбум хонгконг долларын санхүүжилт босгосон бол, “Айвенхоу Майнз” 424,9 сая ширхэг хувьцаа гаргаж, 5,6 тэрбум канад доллар олсон гэдэг билээ. Торонто, Лондон, Хонгконг, Нью-Йорк, Австралийн хөрөнгийн биржүүдэд манай уул уурхайн ордын нийт 20 орчим компанийн хувьцаа арилжаалагдаж байгаа гэсэн тоо баримт бий. Дэлхийн хөгжингүй орнуудын жишгээс харахад санхүүгийн зах зээл дэх хөрөнгө оруулалтынхаа 50 илүү хувийг хөрөнгийн зах зээлээс босгодог аж. Гэтэл манайд энэ үзүүлэлт дөнгөж дөрөв, таван хувьтай яваа нь хөрөнгийн зах зээлийн хөгжил мөлхөх биш, бараг л зогсож байгаа мэт юм. Гэхдээ удахгүй ийм мөлхөлт дурсамж төдийхөн үлдэж гэж байна. Блүүмберг хэмээх бизнес, санхүүгийн мэдээллийн агентлагийн дэлгэцээр жирэлзэн урсах тоон цифрүүдийг уншиж ойлгох мэдлэг монголчууд бидэнд үнэндээ хомс. Гэхдээ хөрөнгийн биржийг хөгжилд хөтлөх Лондоны баг сургалт явуулах баазтай, жишиг стандарттай. Үүнийгээ монголчуудтай харамгүй хуваалцах тул бидний тархи оюун тоон цифрүүдээс ч хурдан гялалзах цаг айсуй.


“Монголын үнэн” сониноос. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top