Хүн төрөлхтөний их баяр цэнгэл “Лондон-2012” зуны XXX наадам өчигдөр хаалтаа хийлээ. Энэ олимпод Монголын 29 тамирчин спортын долоон төрөлд өрсөлдөж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж чансаагаараа 56-д эрэмбэлэгдэв. Манай тамирчид медалийн чанараа ахиулж чадаагүй ч медалийн тоогоороо түүхэндээ байгаагүй олон медаль хүртсэн юм. Дэлхийн 205 орны 10 мянга гаруй тамирчдын өрсөлдөөнөөс шигшигдэж 302 багц медалийн эзэд тодорсноос медалийн тоогоороо АНУ 46 алт, 29 мөнгө, 29 хүрэл медаль хүртсэнээрээ нэгдүгээрт, Хятад 38 алт, 27 мөнгө, 22 хүрэл медальтайгаар хоёрдугаарт, эзэн орны тамирчид буюу Англичууд 29 алт, 17 мөнгө, 19 хүрэл медаль хүртсэнээр гуравт бичигдсэн юм.
Олимпийн наадмын сүүлийн өдөр буюу өчигдөр боксын 52 кг-ын жингийн алтан медалийн төлөө ДАШТ-ий мөнгөн медальт, МУ-ын гавъяат тамирчин Н.Төгсцогтын тоглолтыг үзэхээр Монгол хүн бүр амьсгаа даран хүлээж байв. Тэрээр 2010 оны Сингапурын өсвөрийн анхдугаар наадам болон энэ жилийн Пан Америкийн наадмын аварга Кубын боксчин Робейси Рамирек Карразанатай тулалдаж, 14:17/ 5:6, 4:4, 5:7/-гоор ялагдаж мөнгөн медаль хүртсэн юм.
Олимпод Монгол Улсаа төлөөлж оролцож буй 29 тамирчнаа Монголчууд зүрх сэтгэлээрээ уухайлан дэмжиж байв. Олимпийн наадамд тав дахь удаагаа оролцож буй Бээжин-2008 олимпийн дэд аварга, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Х.Цагаанбаатар, Б.Наранбаатар нарыг ганзага дүүрэн ирнэ хэмээн найдаж байсан ч Лондонгийн тэнгэр тэдэнд хатуухан байв. XXX Олимпийн наадмын гурав дахь өдөр Монголын тамирчдын Олимпийн медалийн буухиан салхийг хагалаад зогсохгүй оролцсон тамирчдадаа урам зориг хайрлан жүдо бөхийн 73 кг-ын жинд ОУХМ С.Ням-Очир хүрэл медаль хүртсэн. Түүний энэхүү медаль энэ удаагийн Олимпийн анхных байгаад зогсохгүй булган сүүлтэй байж, төрийн далбаагаа Лондоны тэнгэрт мандуулсаар байв.
Үүнээс гурван хоногийн дараа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Олимпийн анхны аварга Н.Түвшинбаяр алтын дайтай мөнгөн медаль хүртсэн. Хэрэв тэрбээр хагас шигшээ барилдаанд БНСУ-ын бөхтэй барилдах үедээ хөлөндөө бэртэл аваагүй бол олимпийн хошой алтан медалийн эзэн болох байлаа. Ямартай ч Н.Түвшинбаяр маань олимпийн алт мөнгөн медалийн эзэн болж Монголын спортын түүхэнд амьд домог боллоо. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Монгол Улсын анхны дэлхийн аварга, гавъяат тамирчин С.Батцэцэг жиндээ хүрэл медаль хүртэж чөлөөтийнхний 32 жил хүлээсэн олимпийн медалийг авчирсэн анхны эмэгтэй тамирчин боллоо.
Үүний дараа Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ Олимпийн боксын рингнээс хүрэл медаль хүртсэн. Хэдийгээр Олимпийн XXX наадмаас манай тамирчид хүсэн хүлээж байсан алтан медалийг авч ирж чадаагүй ч хоёр сая 700 мянган хүн амтай Монголын тамирчид таван медаль хүртэнэ гэдэг маш том амжилт юм. Олимпийн тэнгэрт эх орныхоо нэрийг дуурсгаж, төрийнхөө алтан соёмбот далбааг тавантаа мандуулсан Олимпийн медальтнуудаараа монгол түмэн бахархаж, омогшиж байна. Монголынхоо баг тамирчдыг 2016 онд Бразилийн Рио Де Жанейро хотод болох Олимпийн наадмаас авч чадаагүй алтан медалиа авч ирнэ гэдэгт Монголын ард түмэн итгэлтэй байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )