Н.Алтанхуяг: Төрийн өмчийн хороог Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд шилжүүлэхээр тогтлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 15

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр МАН болон “Шударга ёс” бүлгийн хуралдаанд сууж тодруулга өгсөн юм. Түүнийг “Шударга ёс” бүлгийн хуралдаанаас гарахад нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар цөөн асуултад хариу авлаа.

-"Шударга ёс" эвслийн зүгээс зарим яамдын чиг үүргийн талаар Ерөнхий сайдтай ярилцаж, тохиролцох нь зүйтэй гэж ярьж байсан. Энэ асуудлаар тантай ярилцав уу, ямар шийдэлд хүрэв?
-Би "Шударга ёс" эвслийн бүлэгт орж Засгийн газрын бүтцийн талаар ярилцлаа. Хийх ажлынхаа талаар ч нэлээд ярилцсаны эцэст бидэнд санал нийлэхгүй ажил бараг алга. Төрийн өмчийн хороо гэдэг агентлагийг хэнд харьяалуулах вэ гэдгээр нэлээд ярилцлаа. Үндсэндээ Ерөнхий сайдын өргөн барьсан бүтцийг "Шударга ёс" эвслийн бүлэг хүлээн авч зөвшөөрлөө.

-Тэгэхээр Төрийн өмчийн хороог хаана харьяалуулахаар тохиролцов. Хуучин бол Ерөнхий сайдын харьяанд байсан?
-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд шилжүүлье гэж тогтлоо. Энэ саналыг Ерөнхий сайдын зүгээс оруулсан. "Шударга ёс" эвслийн зүгээс Төрийн өмчийн хороог шинэчлэх нь зөв. Тиймээс Төрийн өмчийн хороог задлаад үүрэг чиглэлийг нь бусад харгалзах яаманд шилжүүлье гэсэн санал гаргалаа. Тэгэхээр аль нэг сайдад харьяалуулж бичээд сайдыг нь томилсны дараа задлая гэж тогтлоо. Ингээд хуучнаар Ерөнхий сайдын харьяанд үлдээгээд Засгийн газраа байгуулсны дараа задлая гэж "Шударга ёс" эвслийн бүлэг хэлж байна.

-Сайд нарын нэр албан ёсоор тодорч байна уу?
-Эхлээд Засгийн газрын бүтэц бүрэлдэх ёстой. 16 яамтай, 19 сайдтай байна гэсэн бүтэц эцэслэж батлагдсаны дараа аль яамны сайд нь хэн байх вэ гэдгийг тогтох байх. Мэдээж ИЗНН, "Шударга ёс" эвслийн бүлгийнхэнтэй зөвшилцсөний дараа Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө.

-Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ямар агентлагуудыг багтаахаар болов?
-Хуучин уламжлалт асуудлууд бий. Дээрээс нь бид газрын харилцааны асуудлыг Ерөнхий сайдын мэдэлд өгье гэж үзсэн. Яагаад гэвэл, хот, дүүрэг, аймаг сум гээд засаг захиргааны нэгж болгон газар олгож байна. Тиймээс үүнийг салбарын дагуу олгоё гэж ярилцаж байна. Тухайлбал, эрчим хүчний чиглэлээр Эрчим хүчний яам нь олгодог, аялал жуулчлалын чиглэлээр тэр яам нь олгодог байх нь зөв гэж үзэж байгаа юм. "Шударга ёс" эвслийн бүлгээс усны бодлогыг Ерөнхий сайдад харьяалуулах нь зөв, энэ чиглэлийн бодлогыг нэг мөр болгоё гэж байгаа юм. Энэ бүхнийг Ерөнхий сайдад харьяалуулна гэдэг маань Ерөнхий сайд газар олгодог, ус зарцуулдаг байна гэсэн үг биш шүү. Ерөөсөө бодлогыг нь нэг мөр болгоё л гэж байгаа юм. Мөн ирэх аравдугаар сараас тендерүүдийг яамд зарлахаа больсон. Үүнийг Шадар сайдын мэдэлд шилжүүлэхээр боллоо.

-Асуудлыг хэзээ нэг мөр болгож, ажлаа жигдрүүлэх вэ?
-Ардын намын бүлгээс намайг орж ирээч гэж байна. Би тийшээ орж энэ асуудлаа танилцуулна. Тэдний байр суурийг сонирхоно. Ардчилсан намын бүлэг бол энэ асуудлыг дэмжсэн. "Шударга ёс" эвслийн бүлгийнхэн ч мөн асуудлаа ярилцлаа. Ингээд тогтчихвол Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулаад, дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top