УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх УИХ-ын Аюулгүй байдал, гадаад, бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Болормаа танилцуулав. Танилцуулгад дурдсанаар төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг Монгол Улсад үр өгөөжтэй байх хувилбарыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ өөрөөр тогтоож болох, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг улсын байцаагчаар хянуулж, баталгаажуулан мөрдөх, шаардлагатай тохиолдолд гүйцэтгэлийг олон улсын хөндлөнгийн шинжээчээр хянуулах зэргээр томьёолжээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “татварын орчныг тогтвортой байлгах” гэснийг “тогтворжуулах татварын орчныг тогтоох” гэж өөрчлөхөөр болсон. Гэхдээ тогтворжуулах татварын орчин гэдгээ татварын хувь хэмжээ, элэгдэл, хорогдол тооцох хугацаа, татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацааг ойлгоно гэсэн байна. Энэ заалт нь Монгол Улсын өмнө нь байгуулсан болон ирээдүйд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд нөлөөлнө. Хуулийн төслүүдийн дээрх өөрчлөлт Лондоны арбитрын биржид Монгол Улс татварын маргаантай байгаа энэ цаг үед хэрхэн нөлөөлөх вэ?
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Пүрэвдорж:
-Б.Энхбаяр гишүүн ажлын хэсэг болон Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр энэ талаар зарчмын зөрүүтэй тодорхой санал гаргаагүй. Хэрэв тодорхой санал байгаа бол хураалгахад бэлэн.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:
-Хуулийн төслүүд дэх өөрчлөлт нь Лондоны арбитрын биржид Монгол Улстай холбоотой татварын маргаантай асуудалд “Оюутолгой” компанид давуу байдал үүсгэхгүй. Монголын талын байр суурьт сөрөг нөлөө үзүүлэхгүй.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан:
-“Оюутолгой” ХХК-тай холбоотой татварын маргаантай асуудал нь татварын хувь хэмжээ, элэгдэл, хорогдол тооцох хугацаа, алдагдлыг шилжүүлэн тооцох хугацаатай хамааралгүй. Зөвхөн аргачлалын хүрээнд маргаан байгаа. Өөрөөр хэлбэл, маргах боломжийг бид өргөн хүрээнд задгай тавьсантай холбоотой. Иймд хуулийн төсөлд тусгасан тогтворжуулалтын гурван асуудлын хүрээнд цаашид ярилцахаар зааж өгснөөр асуудал ойлгомжтой, тодорхой болж байна. Бид алдаагаа засаад гадаадын хөрөнгө оруулагчдад эрсдэлээ тооцоолоод гэрээ хийх асуудлыг тодорхой болгож байгаа юм. Харин “Оюутолгой” компанийн хувьд хэзээ ч энэ нөхцөл рүү орж ирэхгүй.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Энэ хуулийг батлахын цаана Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эдийн засгийн томоохон бодлогыг дэмжих, ажлын байр бий болгох, шинжлэх ухаан, инновацын ололтыг нэвтрүүлэх, Монгол Улс гадаад харилцаандаа ямар байр суурь баримталж буйг харуулах гээд олон асуудлыг хөндөж байгаа. Иймд энэ талаар иргэдэд зөв мэдлэг олгох, цаашид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн түлхүү хувийг орон нутагт үлдээхэд анхаарах, ашигт малтмалын салбарт төсөл хэрэгжүүлэгч нь олон нийтийн компани байх, орон нутгийн иргэд тэргүүн ээлжинд энгийн хувьцаанаас авах эрхийг нээх зэрэг асуудалд Засгийн газар анхаарч, бодлого гарган ажиллах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
-Засгийн газрын зүгээс Цөмийн энергийн тухай хуулийн төсөл дээр Монгол Улсын талд аль болох илүү үр өгөөжтэй байлгах тал дээр хуулиа боловсруулж байгаа нь сайн. Гэхдээ АМНАТ-ыг шар нунтгийн үнээс хамаарч есөн хувь хүртэл, суурь нь таван хувь, тусгай төлбөр нь таван хувь гээд нэлээд өндөр тавьсан. Энэ нь бусад улсад байхгүй өндөр хувь гэж олон гишүүн хэллээ. Удахгүй хөдлөх гэж байгаа “Зөөвч-Овоо” төслөөс энэ АМНАТ-ыг төлөх боломжтой гэж нөгөө талаас хэлсэн байж болно. Яг ийм байдлаар хуульд оруулсан тохиолдолд дараа дараагийн хөрөнгө оруулалт дээр хаалт болно гэж харж байна. Цөмийн энергийн тухай хууль хэрэгжээд шар нунтгийг экспортлоод эхлэхээр ураны зах зээл дээр том өрсөлдөгч болно. Энэ удаа УИХ-д орж ирж буй Цөмийн энергийн тухай хууль хөрөнгө оруулалтыг татах тал дээр ямар эрх зүйн орчныг бүрдүүлсэн бэ?
УИХ-ын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Н.Учрал:
-Цөмийн энергийн тухай хуульд 14 жил нэмэлт өөрчлөлт оруулаагүй. Энэ нь Ашигт малтмалын тухай хуультайгаа уялдаагүй байсан. Тийм ч учраас цаашид Монгол-Францын ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг Цөмийн энергийн хуулийн хүрээнд хийе гэсэн зорилготой байгаа. Одоогоос жилийн өмнө Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад айлчлахдаа протоколд гарын үсэг зурсан. Ингэхдээ тодорхой асуудлуудыг шийдсэн. Өсөн нэмэгдэх АМНАТ-ыг 80-90 байвал хэдэн хувиар, 100-110 байвал хэчнээн хувиар нэмж болох вэ гэх зэргийг тусгасан. Мөн тусгай АМНАТ-ыг УИХ шийдэх учраас үүнийг гэрээний хүрээнд яръя. Өсөн нэмэгдэх АМНАТ тусгагдвал хөрөнгө оруулалтын гэрээнд оруулна. Хөрөнгө оруулагч тал ашигтай ажиллах ёстой. Хэт хатуурхаж болохгүй. Хуулиа баталчихвал ард түмэнд хүртээлтэй байлгана. Газрын хэвлийн баялгийг 50+1 байх зохицуулалтыг хийнэ. Өмнөх алдаагаа давтахгүй. Борлуулалтаас нь АМНАТ-аа авах эрх зүйн орчныг бүрдүүлж байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
-Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Франц улстай хамтран атомын цахилгаан станц барина гэсэн. Бид Франц улстай хамтран ажиллахыг дэмжиж байна. Франц улс өөрөө ураны нөөцгүй. Эрчим хүчнийхээ 70 хувийг реакторуудаасаа хангадаг. 2030 он гэхэд дэлхийн цөмийн реакторуудын ураны нөөц 28 хувиар, 2050 он гэхэд энэ нь хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол гаргасан. Гэтэл бид яагаад атомын цахилгаан станц барих асуудлыг орхиод зөвхөн шар нунтаг үйлдвэрлэхийг дэмжээд байгаа юм. Атомын цахилгаан станц барихыг яагаад хуульчлахгүй байгаа юм бэ?
УИХ-ын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Н.Учрал:
-Засгийн газрын 14 мега төслийн хүрээнд Францтай хамтарч "Орано"-гийн хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ гэдэг зорилт дэвшүүлсэн. Өнөөдөр хэлэлцэж байгаа Цөмийн энергийн тухай хуулийн төсөл нь нэг гэрээнд зориулж хэрэгжүүлэх гэж байгаа хууль биш. Эхлээд хууль, эрх зүйн орчныг тодорхой болгох ёстой. Хууль, эрх зүйн орчныг бүрдүүлснээр цаашид олон төслийг хуулийн хүрээнд яваасай гэж байгаа юм. Атомын цахилгаан станц барих асуудлыг заавал хуулиар зохицуулах албагүй. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт зааснаар ураны хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ. Атомын цахилгаан станц барих асуудлыг судална гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Nomin , Munkhbaysgalan 2 ymar adilhan yum be , egch duu 2 u
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
МӨНХБАЯСГАЛАН ХУДАЛДАГТЧИХЖЭЭ. ҮҮНЭЭС ХОЙШ ТҮҮНЭЭС ЮУ Ч ХҮСЭЭД, ТҮҮННД ИТГЭЖ НАЙДААД ХЭРЭГГҮЙ, МОНГОЛЧУУД АА!
ene kheruulch awgai khuuliinkhaa utga aguulgyg ch oilgoogui baina