П.Наранбаяр: Орос III сургуулийн Удирдах зөвлөлийг шинэчилнэ

2024 оны 11 сарын 16

Боловсролын сайд П.Наранбаяраас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.


-Орос III сургуулийн захирал Ж.Соронзонг анхан шатны шүүхээс ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан. Гэсэн ч түүнийг дахин Орос III сургуулийн захирлаар томилно гэх мэдээлэл байгаа. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Энэ мэдээллийг би өөрөө ч сонсоогүй юм байна. Орос III сургууль бол Боловсролын яамны харьяа, хоёр улсын Засгийн газар хоорондын сургууль. Удирдах зөвлөлийг нь шинэчлэх ажил явж байгаа. Үүн дээр Орос улсын төлөөллийн саналыг авахаар хүргүүлсэн.

-ОХУ-ын талаас Ж.Соронзонг дахин захирлаар нь ажиллуулах үүрэг өгч, шахалт үзүүлсэн гэх мэдээлэл байна?

-Албан ёсоор ийм хариулт огт ирээгүй.

-2025 оны төсөв батлагдсан, ирэх жил боловсролын салбарт хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ. Ирэх жил хэчнээн сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орох вэ?

-Шинээр гэдэг ойлголтыг шинээр газрын зураг дээр байршуулж байна гэж ойлговол шинэ сургууль, цэцэрлэг байхгүй. Он дамнаж, хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээ буюу сургууль, цэцэрлэгийн барилгуудыг дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Үүнд нийт 152 орчим байгууламж бий.

-Багшийн орон тоог нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Монгол Улсын Засгийн газраас зургаан багц арга хэмжээг баталсан. Энэ хүрээнд ажлаа хийгээд явна. Ер нь багшлах боловсон хүчнийг хөгжүүлэх, тасралтгүй хөгжлийг нь хангах, багшийн ажил дээр илүү чадварлаг хүмүүсийг урьж ажиллуулах тогтолцоонд илүү анхаарч байгаа.

-Боловсролын салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэх боломж хэр байгаа вэ?

-Цалин, мөнгө нэмэгдүүлэх асуудлын тухайд ярьвал боловсролын салбар 100 мянга орчим ажилтантай. Энэ бүгдийн цалинг нэг дор нэмнэ гэвэл төсөвт хүндрэл үүснэ. Тэгэхдээ аль болох нэмэхээр ажиллаж байна. Түүний зэрэгцээ нэмэгдлийг ямар байдлаар олгохыг салбарынхаа дундын хувьсах зардлын хүрээнд шийдэх ямар боломж байна вэ гэдэг тооцоог хийж байгаа. Хувьсах зардал нэмэгдээд, урсгал зардал 88 хувьтай байгаа. Үүнд хүүхдийн дотуур байрны хоолны мөнгө бас багтана. Мөн сургууль, цэцэрлэгт жил тутамд 17 мянга орчим хүүхэд нэмэгддэг.

-Багш бэлтгэх 45 хоногийн сургалт шүүмжлэл нэлээн дагуулсан. Энэ ажил юу болж байна вэ?

-Багшлах хүмүүс нь Монголын болоод гадаадын сайн сургуулийг 80 хувиас дээш үнэлгээтэй төгссөн хүмүүс байх ёстой. Хүмүүс буруу ойлгоод нийгэмд нэлээдгүй шүүмжлэл өрнөсөн. Угтаа бол математикийн чиглэлээр их сургууль төгссөн математикч, физикч, химич нарыг багшлах арга барилын сургалтад богино хугацаанд сургаад гэрээгээр багшаар ажиллах л систем шүү дээ. Түүнээс биш үндсэн багш биш. Тэр хүмүүс ч үндсэн ажилтай. Хамгийн гол нь багшлах дур сонирхолтой байх ёстой. Ийм л хүмүүсийн асуудлыг ярьж байгаа. Үнэндээ тийм ч олон хүн биш, дээр дурдсан зургаан багц арга хэмжээний нэг гэж ойлгож болно.

-Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Одоохондоо бэлтгэл ажлууд хангагдаад явж байна. Энэ бол нарийн сургалт.

-Монгол Улсад боловсролын систем учир дутагдалтай, үзэж байгаа хичээл нь олон, чанаргүй байна гэх асуудал хөндөгддөг. Тэгэхээр хичээлийн тоог цөөлөх, чанаржуулах чиглэлд ямар ажил хийж байна вэ?

-Олон улстай харьцуулахад дундаж түвшинд л байгаа. Та бүхэн харьцуулаад харах хэрэгтэй. Харин бага сургуульд хичээлийн хөтөлбөрийг цөөлөх ёстой. Бид бүхэн хөтөлбөрөө шинэчилж байна. Сурах бичгээ шинэчилж байна. Бага сургуульд ойролцоогоор 7-9 хичээл үзэж байгаа.

-Боловсролын салбар хамгийн олон сайд солигдсон салбар. Сайд нь солигдохоор дагаад боловсролын систем нь солигддог асуудал байдаг. Тэгэхээр одоо хэрэгжүүлж эхэлж байгаа ажлуудыг тогтвортой, урт хугацаанд үргэлжлүүлэх чиглэлд хэрхэн анхаарч байна вэ?

-Төрийн залгамж чанар гэж байх ёстой. Боловролын багц хууль өнгөрсөн 2023 онд л шинэчлэгдэж батлагдсан. Энэ багц хуулийн хүрээнд бид тухайн ажлыг үргэлжлүүлэн, хэрэгжүүлж байна. Хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэл сайд солигдохтой ямар ч хамаагүй. Боловсролын ерөнхий хууль дотроо 10 жил тутам шинэчлэнэ гэдэг заалттай болсон. Яг арав дахь жил нь тохиож байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(66.181.178.81) 2024 оны 11 сарын 16

ANUSDI80955877

0  |  0
zzzz(103.212.116.98) 2024 оны 11 сарын 18

khuuchin zakhiral soronzong dakhin tawikh kheregtei , yamar zarchimtai , sain zakhiral we gedgiig surguuliin etseg ekhchuud l medekh baikh

0  |  1
Top