“Монгол Дерби” олон улсын морин уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 21

Их Британи, Умард Ирландын Вант улсын “Адвэнтурист”, Монголын “Тэнгри Холдинг” компанитай хамтран зохион байгуулдаг “Монгол Дерби” морин уралдааны тэмцээн энэ сарын 10-19-ны хооронд дөрөв дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уралдааны журам нь морьтонгууд Монголын тал нутгаар, хагас догшин морьдоор уралдаж, өөр хоорондоо 40 км-ийн зайтай өртөөгөөр өртөөлж, морио сэлгэх журмаар уралддаг аж. “Монгол Дерби”-д нь 7-8 хоногийн туршид, 1000 км замыг туулан, өөрсдийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг дайчлан өрсөлддөг байна. Энэ жилийн уралдаанд нийт 13 орны 34 тамирчин оролцсон бөгөөд дэлхийн зэрэглэлтэй тамирчид ч өрсөлдсөн юм. Дэлхийн хамгийн холын замын морин уралдаан болох “Монгол Дерби”-д Ирландын мэргэжлийн морин спортын тамирчин Донел Фахи тэргүүлжээ. Тэрээр хэлэхдээ “Би энэ бүгдийг дууссан гэхэд маш их баяртай байна. Энэ миний амьдралдаа туулж байсан хамгийн хэцүү долоон өдөр байлаа. Дуусашгүй урт өдөр шөнүүд байсан ч бүхэлдээ бол үнэхээр гайхамшигтай мэдрэмж байсан. Энэхүү тэмцээн дэлхийн хамгийн хэцүү уралдаан байгаад зогсохгүй надаас маш их тэсвэр тэвчээр шаардсан, хэцүү зүйл байлаа. Тэр их сэтгэлийн хат, өдөр болгон цааш үргэлжлүүлэх сэтгэлийн тэвчээр гээд л. Гэхдээ миний амьдралдаа хийж байсан зүйлүүдээс хамгийн сайхан нь байсан юм шүү” гэж байлаа.

“Монгол Дерби”-гийн дүрмэнд зааснаар оролцогч морьтон бүр доод тал нь 1000 еврогийн хандивыг Монгол Дербигийн албан ёсны хандивын байгууллага болох Монгол улс дахь Мерси Корпс байгууллагад өгөх ёстой аж. Энэхүү хандивын мөнгийг Монголын алслагдсан хөдөө орон нутгуудад хэрэгжих төслүүдэд зарцуулах юм байна.

“Монгол Дерби”-гийн захирал Кэти Виллингс хэлэхдээ “Монголд зохиох болсон хамгийн гол, чухал зүйл бол морины чанар, морийг хүндэтгэх хүндлэл юм. энэ бүхэн монгол моринд байдаг учраас энэ тэмцээнийг үүн дээр үндэслэж зохиосон юм. Нөгөө талаас Монгол хүмүүсийн зочломтгой зан үнэхээр их тус болдог, яагаад гэвэл тухайн морин өртөөний айл байсан ч гэсэн, зам дайралдсан зүгээр айл байсан ч гэсэн хамаагүй уралдаанд оролцож байгаа хүмүүст тусалж байгаа сайхан зан нь тус болсон. Жишээлбэл тухайн морьтон дараагийн өртөөндөө орж чадахгүй байлаа гэхэд гадаа хонох шаардлагатай болдог. Тиймээс замд тааралдсан ямар нэгэн айлд очоод хонох гэсэн юмаа гээд очход сайхан хүлээж авдаг. Мянган км мориор аялахад Монголын газар нутаг маш их хэрэг болдог. Яагаад гэвэл Монгол орон өөрөө маш олон өвөрмөц газруудтай. Морьтонгууд аялаад явахдаа элс талаар явж байна, ой модон дундуур, ус туулах зэрэг янз бүрийн замаар явж байгаа нь уралдааныг маш сонирхолтой болгодог. ”

“Аравгар хээр” холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэнтэй тэмцээний талаар цөөн хором ярилцлаа.

 

-Яагаад энэ тэмцээнийг зохион байгуулах болсон бэ? Гол зорилго нь юу вэ?

Эзэн Чингисийн бий болгосон өртөөний систем дээр тулгуурлаад дэлхийн хамгийн холын зайн уралдааныг бий болгьё гэсэн санааг тодорхой хэдэн хүмүүс санаачлаад энэ уралдааныг бий болгосон түүхтэй. Анхны уралдаан 2009 онд зохион байгуулагдсан. Зорилго нь Монгол орны эртний уламжлалт өртөөг ийм байсан гэж дэлгэж үзүүлэх. Мөн энэ уралдаанаар дамжуулаад Монголын ард түмний ёс заншил, уламжлал, үндэсний соёлыг дэлхийн улс оронд болон тэмцээнд оролцож байгаа гадныханд таниулах гол зорилготой.

-Энэхүү тэмцээний онцлог өмнөх жилүүдийнхээс ямар байна вэ?

Энэ жил өмнөх жилүүдийг бодвол тамирчдын тоо олон болсон. Дээрээс нь тэдний өөрийнх нь бэлтгэл маш сайн болж байна. Цаашдаа дэлхийн хэмжээний морь унадаг хүмүүс энд оролцдог болжээ.

-“Монгол Дерби” олон улсын морин уралдааны тэмцээнд насны хязгаар заасан байгаа юу?

Заагаагүй. Энэ тэмцээнд 64 настай хамгийн хөгшин оролцогч ч  байна. Чөлөөтэй ямарч насныхан орсон байгаа, хамгийн залуухан нь 18 настай оролцогч ч байна.

-Дараа жилээс энэ морин уралдааныг хэрхэн зохион байгуулах вэ?

Яг уламжлал ёсоороо зохион байгуулна. Английн энэ компани өөрөө тэмцээнд оролцогчдоо бүртгэж олж авдаг. Интэрнэт буюу веб сайтаар чөлөөтэй нэг зар тавиад оролцохыг хүссэн тамирчдыг хүлээн авдаг.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top