Иргэн та 5000 ам.долларын өртэй гэдгээ мэдэх үү

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 30

Сангийн сайд Ч.Улааны хэлснээр Монгол Улсын нэг иргэн 3-5 мянган ам.долларын өртэй гэнэ. Монголчуудын олонхи нь цалин, байр, орон сууцны зээлтэй, малчид нь малаа банкны барьцаанд тавьчихсан ийм хүнд үед ядаж байхад улс маань бидний өмнөөс өр тавьчихаж. Энэ мөнгийг бидний үеийнхэн төлдөггүй юм аа гэхэд үр хүүхдүүд минь их өрийн барьцаанд орох нь. Яваандаа энэ бүхэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл яригдах вий дээ.

Үүгээр ч зогсохгүй улсын төсвийн өр 750 орчим тэрбум төгрөгт хүрчихээд Сангийн яамныхан яах учраа олохгүй сандарч суугаа гэнэ. Энэ оны төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасалдаж. Гэвч орлого бүдүүлэх боломж тун хомс.

Дэлхий нийтэд зэс, нүүрсний үнэ унаад төсөвт орлого оруулах гол салбарууд алдагдал хүлээж ч мэдэхээр болж. Энэ онд 30 сая тонн нүүрс экспортлох ёстой ч одоогоор 10 сая орчим тонныг гаргаад буй гэнэ. Ядархад яр гэгчээр эдийн засаг хүндхэн энэ үед дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаад хэрэг алга. Энэ оны төсөвт суусан зэсийн үнэ тооцоолж байснаас 30 орчим хувиар унажээ гэсэн үг. Эдгээрээс болж төсвийн орлого саатаж орхив. Төсөвтэй холбоотой таагүй мэдээ үүгээр дуусахгүй. Өмнөх Засгийн газар "Хүний хөгжил сан"-гийн мөнгөө сонгуулиас өмнө өгөхөөр Монголбанкнаас 220 тэрбум төгрөг зээлчихэн. Ингэхдээ бүр хууль зөрчин байж ийм үйлдэл хийсэн. Анхнаасаа л хэл ам дугуулж хийсэн энэ зүйл нь өнөөдөр халаад, буцлаад дэврэхдээ тулсан төсөвт бөөн дарамт учруулах боллоо. Учир нь, Монголбанкнаас зээлсэн энэхүү 220 тэрбум төгрөгийг энэ ондоо багтаан төлөх ёстой. Гэтэл улсын төсөвт нэг ч төгрөг алга. Улсын данс улайсан гэсэн үг.

Өмнөх Засгийн газрын хийсэн балаг үүгээр зогсохгүй их ээ. Монгол Улсыг "Хөгжлийн банк"-тай боллоо гээд сүр дуулиантай зүйл хийсэн дээ. Гэвч Монголыг хөгжүүлэх "Хөгжлийн банк" өнөөдөр элгээрээ мөлхөж байгаа эдийн засгийг хөдлөх ч тэнхэлгүй болгож орхиж.

Учир нь, "Хөгжпийн банк"-ны хөрөнгийн эх үүсвэрийн хүүг төсвөөс гаргаж байгаа. Ингэхдээ өдөрт л 90 мянган ам.долларын зарлага гарах болсон. Ингэхдээ "Хөгжлийн банк"-ны жилийн хүүнд жилд 36 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарч. Уг нь, "Хөгжлийн банк" Монголд бий болох томоохон бүтээн байгуулалтын ажпыг санхүүжлэх учиртай. Гэвч энэхүү бүтээн байгуулалтын төсөл нь бэлэн болоогүй байгаа юм. Тиймээс өдөртөө ийм хэмжээний мөнгө зүгээр урсгаад байгаа гэж ойлгож болно.

Ийнхүү Сангийн сайд Ч.Улаан данс нь улайссан яам хүлээж авчээ. АН-ынхан Сангийн яамаа айлд өгчихөөд араас нь хэл ам хийхгүй байсны учир энэ байж гэж тэднийг хардах нэгэн бий л байх. Гэхдээ үүнд өнөөгийн Засгийн газрыг буруутгахаас илүүтэй С.Батболдын танхимд буруу өгөх хэрэгтэй болов уу.

"Хүний хөгжил сан"- гаас иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг өгч ард түмнээ эрхлүүлсний хар гай энэ байж болох юм. Иргэн бүрт бэлэн мөнгө тараахад 800 орчим тэрбум төгрөг шаардлагатай байсан. Даахгүй нохой булуу хураана гэгчээр улсын төсөв дийлэхгүй нь нэгэнт тодорхой байхад өгнө гэж зүтгэсний гор нь гарлаа даа гэж эдийн засагчид халаглаж сууна. 2010- 2011 онд МАН-ынханд УИХ- ын сонгуульд ямар нэг аргаар ялахаас өөр зүйл бодох сөхөө байгаагүй нь үүнээс харагдлаа. Бэлэн мөнгө тарааснаас болж улсын төсөв ийм байдалд хүрнэ гэдгийг МАН-ынхан мэдэхийн дээдээр мэдэж байсан. Гэхдээ тэдний хувьд улс нь өртэй байх, эдийн засаг хямрахаас илүүтэй УИХ-д олонхи болох нь чухаг байж л дээ. Ядаж байхад энэ жил зэс, нүүрсний үнэ унаж төсвийн орлогыг бүрдүүлэх эх үүсвэргүй баларлаа. УИХ- ын Төсвийн байнгын хорооны дарга            Ц.Даваасүрэнгийн

хэлснээр "Төсвийн орлогыг зарим барааны татварыг нэмэх замаар бүрдүүлнэ" гэв. Зарим бараа гэж яг ямар барааны татварыг нэмэхээр болсон бэ  гэсэн асуултад тэрээр "Одоогосс тодорхой болоогүй байна" гэж хариулт хэлэв. Засгийн газар төсвийн тодотголоо хараахан өргөн бариагүй байна. Өргөн барьчихвал бүх зүйл тодорхой болох нь. Ийнхүү хүндхэн байдалд орсон Монголын эдийн засгийг хамтарсан Засгийн газар хэрхэн авч явахыг харах л үлдэх нь.

Ардчилал сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top