Өнөөдөр “Талх чихэр” ХК “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа.
Учир нь 1974 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн, 38 жилийн туршид Нийслэлчүүдийн хүнсний хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүн болсон “Атар” талх 630 төгрөгөөр зарагддаг байсан бол ирэх есдүгээр сарын 1-н буюу бямба гаригаас эхлэн 840 төгрөгөөр худалдаалахаар болжээ. Учир нь тус компанид “Атар” талхаа ууталж зараач гэсэн гомдол, санал байнга ирдэг аж. Өөрөөр хэлбэл өдөрт 25 мянган ширхэг үйлдвэрлэгдэж, дэлгүүрийн лангуун дээр ууталж зардаггүй ганцхан талх бол “Атар” юм. Иймээс иргэд ирээд удсан удаагүйг нь шалган барьж, дарж үздэг. Мөн Нийслэлд тоосжилт, агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн энэ цаг үед ууталж зарах нь эрүүл ахуйн талаасаа зүйтэй хэмээн үзжээ. Өнгөрсөн зургаадугаар сард МХЕГ-аас “Атар” талхыг ууталж зарах тухай шаардлага иржээ. Ингээд тус компани үнээ 210 төгрөгөөр нэмж, ууталж зардаг болж байна. Энэ уут нь агаар солилцдог, эрүүл ахуйн чанарын шаардлагад нийцсэн, Монголд одоогоор ийм баглаа бүхий талх байхгүй хэмээн компанийн зүгээс мэдэгдээд байгаа юм. Мөн нийслэлийн 3000 орчим дэлгүүрт түгээлт хийдэг 50 гаруй машинаас сүүлийн дугаараас хамаараад замын хөдөлгөөнд оролцохгүй өдөрт доод тал нь ес, дээд тал нь 14 машин борлуулалтдаа гарахгүй байгаа тул хүсэлт хүргүүлээд байгаа юм байна.
Ингээд “Атар өргөө” ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Батцоожоос цөөн зүйл тодрууллаа.
-Талхны үнийг яагаад нэмэх болсон талаар тодруулахгүй юу?
-Юун түрүүн иргэдээс байнгын гомдол, санал ирдэг байсан. Талхаа ууталж зараач гэж. Сая зургадугаар сард МХЕГ-аас савлагаатай худалдаанд гаргах албан шаардлага бичиг ирсэн юм. Үүний үндсэн дээр ямар нэг түүхий эдийн нэмэгдэлгүй, зөвхөн баглаа боодлын хүрээнд үнээ 210 төгрөгөөр нэмэхээр боллоо. “Атар” талх уутлахад эмзэг технологи бүхий бүтээгдэхүүн юм.
-Нэг талхны өөрийнх нь өртөг хэдэн төгрөг байдаг юм бэ?
-Ер нь талхны үнийн 50-60 хувь нь талхны өөрийнх нь өртөг байдаг. “Атар” талхны хувьд зөвхөн түүхий эд нь 400 гаруй төгрөг. Энэ үнэ дээр тоног төхөөрөмж, ажилчдын хөлс нэмэгдээд 630 төгрөгөөр худалдаанд гаргадаг байсан.
-Нэг удаа 210 төгрөгөөр нэмнэ гэдэг өндөр байна? Ямар учраас ийн нэмж байгаа вэ?
-Бүхий л бүтээгдэхүүн бараа сав, баглаатай болсон. Энэ бүгдийн сав баглаа өндөр өртөгтэй байдаг. 210 төгрөг гэхээр зөвхөн баглаа, боодлын үнэ гэж ойлгож байгаа байх. Уг уут нь өөрөө хүнсний зориулалттай, анхдагч бүтээгдэхүүнээр хийсэн, стандарт хэмжээ, зузаантай, амьсгалдаг уут юм. Уутны өөрийн өртөг 210 төгрөгний 50 хувь нь юм. Зах зээлд борлуудлагдаж байгаа бусад талхны уутны өртөг 50-60 төгрөг байдаг л даа. Харин манай талх тийм уутанд уутлах боломжгүй технологитой юм л даа. Мөн уутлаж, савлахад тоног төхөөрөмж ажиллаж байгаа учраас үлдсэн 50 хувийн үнэ орж байгаа гэсэн үг. Уут нь агаар солилцдог ч гэсэн гадны ямар ч бохир орон боломжгүй юм.
-Цаашид уутны үнэнээс өөр үнэ нэмэгдэх үү?
-Нэмэгдэх байх аа. Одоо шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн. Эрчим хүчний үнэ нэмэгдэх тухай мэдээлж байсан. Энэ бүрт үнэд өөрчлөлт орох магадлалтай.
-Гэнэт 210 төгрөгөөр худалдаална гэдэг иргэдэд хүнд тусах биш үү?
-Манай талхыг эмзэг бүлгийнхнийх гэдэг. Зөвхөн гэр хорооллынхон иддэг талх биш ээ. Орон сууцныханд ч түгээгддэг. Ингэж үнээ нэмлээ гээд тухайн айл дампуурахгүй ээ. Дэлхийн жишгээр ийм хямд талх байдаггүй. Энэ үнээ доллараар харьцуулахад 50-60 цент байгаа. Ийм үнэтэй талх бусад улсад байхгүй. Солонгост гэхэд хямд нь 2 мянган вон байдаг. Европт нэг еврогоос доош үнэтэй талх байхгүй байна шүү дээ. Атар талх харин ч стратегийн ач холбогдолтой гэдэг утгаараа тэгж их үнээ нэмдэггүй шүү дээ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )