Хямралын хоёр дахь давалгаа: Эрсдэл, боломж, бодит байдал

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 25

Манай улсын экспортын 90 гаруй хувийг дангаар эзэлдэг БНХАУ-ын эдийн засаг сөхөрч эхэллээ. “Баяжих нь баараггүй, томрох нь тодорхой” хэмээн дээгүүр ярьж явсан бидэнд энэ нь гэнэтийн сорил болж байна. Монголын экспортын 50 орчим хувийн эзэлдэг нүүрсний үнэ буурч, нийлүүлэлт ч багасч эхэллээ. Улмаар сүүлийн гурван сард экспортын хэмжээ буурсан үзүүлэлт гарав.

Дэлхийн санхүүгийн орчин таагүй хэмнэлээр цохилж эхэлсний давалгаа нь БНХАУ гэх их гүрнээр дамжин бидэнд шууд нөлөөгөө үзүүлж байна. Улс төрийн асуудлууд ужгирч, олон нийтийн санаа бодол өөр зүгт хандаж байх зуур хямралын сүүдэр бидэн рүү чиглэн айсуй. Дэлхийн улс орнууд болзошгүй хямралаас сүрдэж, бэлтгэлээ базааж эхэлжээ. Тэгвэл Монгол Улс ямар төлөвлөгөө боловсруулах вэ. Бидэнд ямар боломж, эрсдэл байна вэ. Эдийн засгийн салбаруудын үзүүлэлт өдгөө ямар түвшинд буй бол. Энэ асуултад эдийн засагчид хэрхэн хариулсныг тандая.

Б.ТҮВШИНТӨГС (Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал)

-Нүүрсний үнэ 50 орчим хувиар буурсан гэж хүмүүс ярьж байна. Гэхдээ алт, зэсийн үнэ буураагүй. Дээрээс нь төлөвлөгдөж байсан гадаадын хөрөнгө оруулалт болоод гадаадаас босгох санхүүгийн эх үүсвэрүүд царцанги байдалд орлоо. Эндээс гадаад худалдааны нөхцөл өмнөх хямралын үе шиг муудаагүй байгаа ч, хямралд хүргэж болохуйц шинж тэмдгүүд илэрч байна. Ийм үед бодлогын орон зай маш чухал гэдгийг 2008-2009 оны хямрал харуулсан. Энэ удаа ч мөн адил. Бэлтгэл талаас нь аваад үзвэл төсөв, сангийн бодлого орон зайгүй болсон харагдаж байна. Өөрөөр хэлбэл, хямрал тохиолдоход Засгийн газар төсвийг тэлэх замаар хямралтай тэмцэх боломжгүй болжээ.

Төсвийн алдагдал өнөөгийн байдлаар бараг нэг их наяд төгрөгт хүрээд буй нь үүнийг гэрчилж байгаа юм. Харин мөнгөний бодлого харьцангуй орон зайтай харагдаж байна. Тухайлбал, хямрал боллоо гэхэд бодлогын хүү, заавал байлгах нөөц болоод зохистой харьцааны бусад үзүүлэлтийг бууруулах, сулруулах замаар эдийн засгаа дэмжих бололцоотой. Ийм орон зайтай үлдэж чадсан нь томоохон дэвшил гэж хэлж болохоор байна. Түүнчлэн бодлого боловсруулагчид өмнөх хямралаас сургамж авсан гэж найдаж байгаа. Ерөнхийдөө богино хугацаанд хямралаас сэргийлэхэд бэлдэх боломж байхгүй. Тодорхой хугацааны турш энэхүү бодлогын орон зайг төр үүсгэх ёстой. Хямрал хэлж ирэх нь юу л бол. Тийм учраас эдийн засгийн мөчлөг сөрсөн байнгын идэвхтэй бодлого баримтлах нь зүйтэй. Хямрал тохиолоо гэхэд хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй. Тийм учраас дээрх боломжууд хангалттай эсэх нь бас л тодорхойгүй. Хямрал удаан үргэлжилбэл эдийн засгийн уналт бодитоор нүүрлэх эрсдэлтэй.

Б.БОЛД (Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга)

-Хятадын төмөр, гангийн үйлдвэрүүдийн цэвэр ашиг 96 хувиар буурсан нь бидэнд аюулын харанга дэлдэх том шалтгаан боллоо. Коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнэ, экс порт буурсан нь үүнтэй холбоотой. Түүхий эдийн үнээс хэтэрхий хамааралтай манай эдийн засагт л бодит эрсдэл болохоос биш, БНХАУын үйлчилгээний салбарууд нь дээрх алдагдлыг нөхөөд явчих чадалтай. Дэлхийн эдийн засаг сайнгүй байгаа энэ үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх зэргээр хөрөнгө оруулагчдыг үргээсэн мэдэгдлүүд хийж буй нь бидэнд сөргөөр нөлөөлнө.

Ирэх жилүүдийн эдийн засаг, ДНБ-ий өсөлт Оюутолгойтой, уул уурхайн салбартай салшгүй холбоотой. Хэрвээ хөрөнгө оруулалт зогсвол гаднаас чиглэсэн мөнгөний урсгал тасарч, дотооддоо мөнгөгүй учраас хямралыг хэрхэн гэт лэх, цаашдаа эдийн засгаа хэрхэн дэмжиж тэтгэх нь бүрхэг болж ирнэ. Тиймээс хөрөнгө оруулагчдад Монгол бол тогтвортой орон гэсэн итгэл бий болгоход анхаарах хэрэгтэй.

Мөн халамжийн бодлогыг ядуу болон зорилтот түвш ний хүмүүст л чиглүүлж, хавтгайрлыг багасгах нь чухал. Уул уурхайн түүхий эдийн үнэ үргэлж өндөр байдаггүй учраас орлогын бусад эх үүсвэрийг эрэлхийлмээр байна.

Жишээ нь, баячуудаас өндөр татвар авах, Улаанбаатарын газрыг бүсчилж, үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмэх зэрэг арга бий. Би Зайсанд амьдардаг, гэхдээ энд буй үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмье гэвэл дуртай зөв шөөрнө. Мөн жилийн 12, 120 сая төгрөгийн орлоготой хүмүүсээс ижилхэн 10 хувийн татвар авдаг тогтолцоог би буруу гэж боддог.

Б.АЧБОЛД (MICC хөрөнгө оруулалтын банкны судалгааны шинжээч)

-Монгол Улсын эдийн засаг түүхий эдээс хэт хамааралтай болоод байгаа. Монголд бод лого боловсруулахдаа үргэлж “сайн цаг” байх юм шиг санаж, өөрөөр хэлбэл, тавааруудын үнэ үргэлж өндөр байхаар боддог нь буруу. Нэгдүгээрт, валютын нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэй. Одоогоор Монгол Улсын өр валютын нөөцөөсөө илүү байгаа байх шүү. Хоёрдугаарт, мөчлөг дагасан төсвийн бодлого явуулахаас зайлсхийх хэрэгтэй. Тавааруудын үнэ үргэлж өөдрөг байхгүй болохоор тэр. Зардлаа бууруулах нь зүйтэй. Энэ нь хөрөнг ө оруулалтынхыг бус, хэ рэг лээний зардлыг хэлж буй хэрэг. Компаниуд эрсдэлээс хамгаалах санхүүгийн хэрэгслийг ашигладаг. Монгол Улс ч ялгаагүй тийм арга хэмжээ авах хэрэгтэй.

Мөнгө байгаа үед хуримтлалаасаа илүү хөрөнгө оруулалт хийх нь зөв болов уу. Хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. “Эрдэнэс Тавантолгой”-д ч ялгаагүй. Нүүрсний үнэ дэлхийн зах зээлд хэр уна хаар байгаа гэсэн хэтийн төлөвийг тооцоолно гэсэн үг. Товчхондоо, хөрөнгө оруулалтын үр ашгийг сайн тооцох хэрэгтэй. АНУ, Япон зэрэг орны Засгийн газар бонд худалдан авдаг. Монголын хувьд тэгэх шаардлагагүй. Харин гаднын биржээс түүхий эдийн үнэ буурахад үнэлгээ нь өсдөг, тухайлбал опцион зэрэг санхүүгийн хэрэгслүүдийг худалдан авахад зарцуулах нь зүйтэй.

Ш.АЛТАНЦЭЦЭГ (Дэлхийн банкны эдийн засагч)

-Хямрал болбол тэгнэ, ингэнэ гэж ярих биш харин өнгөрсөн 2008-2009 онд бидэнд хямрал ямар өнцгөөс, ямархуу далайцтай туссан билээ гэдгээ мэдэж байгаа учраас тэр сул талуудаа давтахгүй байхын тулд бодлого, арга хэмжээгээ чиглүүлэх хэрэгтэй. Сайн тал гэвэл, өнгөрсөн хямра лын үетэй харьцуулахад Тогтворжуулалтын санд бага ч гэсэн нөөцөлсөн мөнгө байна. Дээр нь уян хатан хан шийн бодлого байна.

Харин өнгөрсөн хямралаар ч бидэнд муу үр дагавар авчирсан, өнөөдрийг хүртэл засаж чадахгүй байгаа сул тал бол мөнгөний бодлого төсвийн бодлого маань уялдаагүй хэвээр байгаа явдал. Төсвийн зардлаа нэмчихээд, тэлсэн зардлаас үүдсэн инфляцаа барих гэж мөнгөний бодлогоо хатууруулах биш харин энэ хоёр зорилтын хоорондын хамгийн тэнцвэртэй хувилбар ямар байхыг холбогдох газрууд хамтран сууж тохирч байж зорилтуудаа суулгаж баймаар байна.

Өнгөрсөн хямралын үед Монгол Улсын нэг авууштай тал нь гадаад өрийн хэмжээ боломжийн түвшинд байсан бол одоо гадаад, дотоод өр нэлээд нэмэгдсэн нь манай улсын эрсдэлийн хэмжээг өндөр болгож байна. Хэрвээ ямар нэгэн таагүй нөхцөл үүслээ гэхэд түүнийг даван туулах бидний хүчин чармайлтыг илүү үнэтэй болгоно гэсэн үг юм.

Л.АМАР (Азийн хөгжлийн банкны эдийн засагч)

-Монгол Улсын эдийн засаг урьд урьдынхаас илүү урд хөршийнхөө эдийн засгийн нөхцөлөөс хамааралтай болж, сүүлийн жилүүдэд Монгол Улсын экспортын 90-ээс дээш хувь БНХАУ-ыг чиглэж байгаа. Дэлхийн нөлөө бүхий эдийн засагтай орнуудад учирч буй хүндрэлүүд БНХАУ-ын экспортын орлогод сөргөөр нөлөөлснөөс тус улсын эдийн засгийн өсөлтийн хурдац бага зэрэг саарч буй байдал ажиглагдаж байна.

Монгол Улсыг бэлтгэлтэй байхыг шаардаж байгаа энэ үед төсвийн сахилга бат хамгаас чухал. Төсвийн алдагдал даамжрахаас өмнө урсгал зардлыг бууруулах арга хэмжээ авах нь зүйтэй. Түүнчлэн төсвөөс хийх хөрөнгө оруулалтыг ажлын байр олноор бий болгох, үр шимийг нь урт хугацаанд хүртэх салбарууд болох дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролд чиглүүлж, үр нөлөө, чанарыг сайжруулахад анхаарах шаардлагатай байгаа нь харагдаж байгаа.

Аливаа эдийн засгийн гадаад нөхцөл байдлаас хамаа рах хамаарлыг бууруулах гол арга нь эдийн засгийн төрөлжилт бөгөөд үүнийг дэмжихэд бизнесийн орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалт, тех нологи нутагшихыг дэмжих үйл явц юм. Засаг төр солигдож, шинэ бодлого, шинэ үзэл нэвтэрч байгаа энэ үед Монголын гадаад нүүр царай, хэтийн төлөвийг өөдрөг авч үлдэх нь онцгой чухал гэж бодож байна. Эдийн засгийн өсөлтийн үед инфляцыг хазаарлах ухаалаг бодлого хэрэгжүүлсэн нь цаашид эдийн засгийн өсөлт саарах тохиолдолд мөнгөний тэлэх бодлого явуулах орон зай бий болгосон давуу талтай. Мөн уян хатан ханшийн бодлогоо тууштай хэрэгжүүлж байгаа нь хямрал тохиолдсон үед эдийн засгийг хамгаалах гол хэрэгсэл болох юм.

Г.БОЛДБААТАР (“Frontier Securities” компанийн ахлах шинжээч)

-Дэлхийн олон оронд санх үүгийн хямрал нүүрлээд бай гаа энэ үед Монгол Улс нэгдүгээрт, төсвийн зардлаа бууруулах ёстой. 2013 оноос хэрэгжих Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа баримтлах шаардлагатай байна. Төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасраад байгаа. Тө- сөв баталж буй байдал утгагүй байна шүү дээ. Уг нь төсвийг таваарын үнэ хэрхэх талаар судалсны үндсэн дээр батлах нь зүйтэй. БНХАУ-ын эдийн засаг хямарна гэж үзэж болохгүй байх. Эдийн засгийн өсөлт нь удааширч байгаа шинж ажиглагдаж байгаа. Гэхдээ тус улсын гангийн эрэлт өсөж байгаа тухай мэдээ саяхан гарсан байна лээ.

Ц.БОЛОРМАА, Ж.ТЭГШЖАРГАЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top