С.Ганбаатар: Бараа бүтээгдэхүүн хэдэн шат дамжлагаар иргэдэд очдогийг судлуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 04

 УИХ-ын гишүүн С.Ганбаатараас дараах зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед мөнгөний бодлогын талаар их яригдаж байна. Өнөөдрийн нөхцөл байдалд бодлогын хүүг нэмэх нь хэр оновчтой юм бэ? 
-Мөнгөний бодлогоо тодорхойлж байж дараа нь төсөв ярина. Үүний дараа төсвийн хөрөнгө оруулалт яригдана. Мөн ямар үйлдвэрлэл хэрэгжүүлж, аль салбарт ямар ажлын байр бий болгох тухай ярих ёстой. Хамгийн гол нь манай улсад мөнгөний бодлого алдагдсан. Төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх үүднээс Монголын жирийн иргэдийг доллароор биш төгрөгөөр цалинжуулдаг. Тиймээс манай улсад зөвхөн төгрөгөөр бараа, бүтээгдэхүүний худалдан авалтын үйлчилгээ явуулдаг болох шаардлагатай байна. Мөнгөний нийлүүлэлтийг багасгах үндсэн арга нь хадгаламжийн хүүг нэмэх байдаг. Өөрөөр хэлбэл, Монголбанк бодлогын хүүгээ нэмдэг гэсэн үг. Одоогийн байдлаар бодлогын хүү 13.25-аас давчихлаа. Энэ нь цаад утгаараа иргэддээ Монголын төр 100 төгрөгийг 113 төгрөгөөр шахаж байна гэсэн үг. Энэ бол ноцтой асуудал. Хүмүүсийн гар дээр байгаа мөнгийг яаж хөрөнгө оруулалт руу татаж, гангийн үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалт руу оруулах вэ. Мөн бараа, бүтээгдэхүүний үнийг зохиомлоор өсгөхгүй байх вэ. Тиймээс мөнгөний бодлогыг иргэдийн амьжиргааны өртөгтэй уялдуулж мөнгийг индексжүүлж, нэмэгдүүлэн зохицуулалт хийх бодлогыг хатуу баримтална. Банкны хүүг буулгаснаар бизнесмэнүүд, үйлдвэрлэгчдийг дэмжинэ. Үүний үр дүнд ажлын байр бий болж, хүмүүсийн орлоготой сайжирч, худалдан авах чадвар нэмэгдэнэ. Мөнгөний бодлого бол хөвөгч хүү гэж яригддаг Монголбанкны бодлогын хүү юм. Цаашид Монголын зах зээлд байгаа илүүдэл мөнгийг яаж хөрөнгө оруулалт, ажлын байр уруу оруулах вэ гэдэг асуудлыг ярина.

-Инфляц, зээлийн хүүг зэрэг бууруулах боломжтой юу?
-Бүрэн боломжтой. Гол арга нь инфляцийг бууруулахад бараа, бүтээгдэхүүний үнийг нэмж хөөрөгдүүлж буй хууль тогтоомжоо хянах хэрэгтэй байна. Өнөөдөр Монголд цагаан будаа, сахар, ургамлын тос гээд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн хилээр хэдэн төгрөгөөр орж ирдэг юм. Хэдэн шат дамжлагын дараа иргэдийн гарт хүрдэг талаарх статистик судалгааг мэргэжлийн хяналтын байгууллагууд нь хийж тодорхой болгох хэрэгтэй. Үүн дээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ажиллах ёстой. Эдгээр байгууллага ажиллахгүй байхад хадгаламж руу их хэмжээний мөнгө татаж бараа, бүтээгдэхүүний үнийг буулгадаг байж болохгүй. Мөнгөний бодлого дээр энэ бүхнийг ярих ёстой.
-Инфляц өсөлттэй, төсөв алдагдалтай гарчихсан байдаг. Одоо яах вэ?
-Төсвийн орлого тасалдаад байгаад задлан шинжилгээ хийх ёстой. Өнөөдөр ноолууранд өгсөн 300, хадгаламж зээлийн хоршоонд өгсөн 50, “Анод”, “Зоос” банкны өрөнд өгсөн 100, “Алтан дорнод”-ын арбитрийн шүүхээр авна гэсэн 97 тэрбум төгрөг хаана байна. Энэ бүх мөнгийг оруулаагүй байж бид ард иргэдээс мөнгөө сайн авч байгаа. Орлого талдаа ч анхаарах ёстой. Төсвийн урсгал зардалд ч задлан шинжлэл хийж, төсвийн хөрөнгө оруулалтад онцгой анхаарах шаардлагатай. Гангийн үйлдвэр, төмөр зам, боловсруулах үйлдвэрүүдээ барьж байж төсөв бүрдэнэ.

www.UNEN.m

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top