Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөл “зэмлэл” дагуулав

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 04

 

Дөнгөж сая  УИХ-ын чуулганаар Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Манай улсын хувьд хүнсний аюулгүй байдалд алдагсан гэж яригддаг.  Өөрөөр хэлбэл манай улсын хувьд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, боловсруулах, тээвэрлэх, хадгалах, худалдаалахад хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлыг цогцоор нь шийдээгүйгээс 2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн эрсдэлд суурилсан хяналт шалгалтын дүнгээр сүүний 60 үйлдвэрээс 42 нь буюу 72 хувь нь эрсдэлтэй, мах, махан бүтээгдэхүүний 139 аж ахуйн нэгжээс 79 үйлдвэр буюу 57 хувь нь өндөр эрсдэлтэй,  гурилын 32 үйлдвэрийн 47 хувь нь эрсдэлтэй, нарийн боов, гоймон, хэрчсэн гурил, талх үйлдвэрлэдэг 300 гаруй аж ахуй нэгжийн  80 хувь нь хүнсний аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй гэж гарсан байна.

Тиймээс дээрх хуулиар Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортолсон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хүнсний сүлжээний бүх үе шатанд хангах харилцааг зохицуулах юм. Хуулийн төсөл зургаан бүлэг, 24 зүйлтэй. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад баримтлах гол зарчим нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь тухайн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хариуцна. Өөрөөр хэлбэл, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь чанаргүй, баталгаагүй бүтээгдэхүүн нийлүүлснээс хэрэглэгчид учирсан хохирлыг  бүрэн хариуцах аж.
Өөр нэг зарчим нь төрийн хяналт шалгалт эрсдэлд суурилна. Тодруулбал, хяналтын байгууллага нь хүнс үйлдвэрлэгч бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхийг нягталж шалгана. Түүнээс биш хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байгаа эсэхэд хяналт тавихгүй.

Тэгвэл хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч гэж хэн бэ? Хуулийн төсөлд тусгаснаар энэ нь бүртгэлд хамрагдсан, хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээд юм. Мэргэжлийн хяналтын байгууллага хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийг цахим хэлбэрээр эсвэл маягт бөглөх байдлаар үнэ төлбөргүй бүртгэнэ.
Гэхдээ мах, сүү боловсруулах, нярай, бага насны хүүхдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх тохиолдолд зөвшөөрөл авах ёстой бөгөөд мөн давхар бүртгүүлэхээр хуульд заажээ. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь дотоод хяналтын тогтолцоогоо сайжруулах, бүтээгдэхүүн нь аюулгүй байдал хангаагүйгээс хордлого, халдварт өвчин гарсан бол хохирлыг хариуцах, баталгаагүй бүтээгдэхүүнээ буцааж татсан бол нийтэд мэдээлэл үүргийг хуулиар хүлээлгэсэн байгаа.

Хэрэв зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн сурталчилгаа хийсэн, ажилтан нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, хүнсний бүтээгдэхүүний орц найрлагыг дур мэдэх хассан, жинг нэмж, хассан, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц түүхий эд ашигласан, шаардлага хангахгүй сав баглаа, боодолтой бол мэргэжлийн хяналтын байцаагч хариуцлага тооцно. Ингэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох, үйл ажиллагааг нь зогсоох хариуцлага тооцох юм.

Ер нь энэ хуулиар хүнсний үйлдвэрлэл, боловсруулалт, борлуулалтын бүх шатанд аюулгүй байдлыг хангах, олон улсын стандартыг нэвтрүүлэх, хяналтыг сайжруулах,  хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн аж ахуйн нэгжээр дамжуулан импортолдог байх тогтолцоог бүрдүүлэх зорилготой. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “бэлчээрталбайгаас ширээн дээр” хэмээх зарчмыг хэрэгжүүлнэ гэж ойлгож болно.

 Харин энэ асуудалд С.Баярцогт: Энэ бол өөрөө өргөн хүрээтэй том асуудал.  Тэгэхээр энэ асуудлыг эхлээд Засгийн газраар хэлэлцээд явсан нь зүйтэй.  Хуулийн төслөө татаж авах боломжтой юу? Гэв

Шадар сайд Д.Тэрбишдагва: Энэ хуулийн төслийг боловсоруулахад  олон жил ажилласан.  Харин Хүнсний болон бусад хуультай давхардсан зүйл байгаа гэв.  

Улмаар гишүүний асуулт дуусав.  УИХ-ын дэд даргаас өөр асуулт асух хүн байсангүй.  Тиймээс санал хэлж эхлэв. Тухайлбал:

УИХ-ын гишүүн С.Баярцогт: Энэ хуулийн төслийг Засгийн газар санаачлах ёстой.  Хэрвээ энэ чигээр нь явуулбал  хүнс, эмийн хуулийг давхар оруулж ирэх ёстой. Ер нь шинэ зүйл багатай хууль болсон байна.  Бүтэн бүлэг нь ЭМЯ-тай холбоотой байсан. Үүний оронд хүнс, эмийн агентлагтай холбоотой  нарийвчилсан бүлэг оруулах стой.  Тэрнээс ийм тунхаглалын чанртай олон байгуулагад хамааралтай хууль байж болохгүй.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Хуулийн ач холбогдол их. Чамбай бэлдсэн нь ажиглагдаж байна. Гэхдээ С.Баярцогтын хэлж байгаа органик хүнс гэсэн зарим заалтыг оруулах нь зүйтэй.  Хуулийг татаж ав гэдгийг зөвшөөрөхгүй байна.

Г.Баярсайхан: Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн манай зах зээлд ороод ирчихсэн.  Дэлхий нийт үүнийг биед хортой эсэхийг тогтоогоогүй  байгаа. Тэгэхээр үүнд болон нано бүтээгдэхүүний талаар нэмж тусгах тал дээр анхаарах ёстой.

Л.Эрдэнэчимэг: С.Баярцогт гишүүний бүлэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэснийг дэмжиж байна.  Нэмж хэлэхэд энэ хуулиар хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг  зохицуулах ёстой.  Өөрөөр хэлбэл хилээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж орж ирсэн бүтээгдэхүүн манай зах зээлд  эм гэж зарагддаг. Тэгэхээр үүнийг  зохицуулах нь зүйтэй.  

Үүгээр гишүүд саналаа хэлж дуусав.  Улмаар энэхүү хуулийн төслийг байнгын хороогоор  хэлэлцэх эсэхийг  70.2 хувийн саналаар дэмжлээ.

Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top