Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 05

Хууль зүйн байнгын хорооны 10 дугаар сарын 5-ны Баасан гарагийн хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/ энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын дээд шүүх /УДШ/-ийн шүүгчийн албан тушаалд хоёр хүнийг томилуулах саналыг УИХ-д танилцуулан, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. Хээмчигийн Сонинбаяр, Хөхийсүрэнгийн Батсүрэн хэмээх хоёр нэр дэвшигчийг УДШ-ийн ерөнхий шүүгч, ШЕЗ-ийн дарга Ц.Зориг танилцуулсны дараа ШЕЗ-ийн дарга болон нэр дэвшигчдэд гишүүд асуулт тавьж, хэд хэдэн санал хэллээ. Тухайлбал, Ж.Батзандан гишүүн ШЕЗ шинэчлэгдэж, нэр төртэй, ур чадвартай хүмүүс орж ирж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд “Долдугаар сарын нэгний асуудал өнөө хэр нь шийдэгдээгүй, шидсэн чулуунаас үүдсэн хохирлыг тогтоогоогүй атлаа 200 гаруй залуусыг хоморголон яллаж, олон хүний эрхийг зөрчин хилсээр хэлмэгдүүлсэн явдлыг цагаатгах ёстой тул үүнд анхаарч ажиллах”-ыг захилаа. Харин С.Эрдэнэ гишүүн “Шүүхийн салбарт тодохой хугацаанд нэр дэвштэлээ ажилласан хашир, туршлагатай хүмүүс УДШ-д орж ирж байгаа байх. Өнөөдөр Монгол Улсад шүүхээр зөвхөн үнэнийг тогтоодог. Дээд шүүхийн хувьд зөвхөн ээдрээ, маргаантай хэргийн эцсийн шийдвэр гаргадаг, шүүх дотроо хамгийн дээд шатны шүүх тул ихээхэн үүрэг хариуцлага хүлээдэг”-ийг сануулаад энэ талаар нэр дэвшигчид ямар байр сууринаас ханддаг болохыг асуув.  

Нэр дэвшигч Х.Барсүрэн энэ асуултанд хариулахдаа:

-Шүүхийн байгууллага бүтцээрээ анхан, давж заалдах, хяналтын шатны хэмээн ангилагддаг. Давж заалдах шатны шүүхэд гарсан алдаа завхралыг Дээд шүүх залруулдаг. Тиймээс хуулийн хүрээнд түүнийг дээдэлж ажиллана гэдэгтээ итгэлтэй байна гэсэн бол нэр дэвшигч Х.Сонинбаяр "Аливаа хэргийг Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэх үүргээ чин шударгаар биелүүлж ажиллана" гэлээ.

С.Эрдэнэ гишүүн бас нийгэмд шударга ёс тогтооход УДШ-ийн үүрэг, хариуцлага улам нэмэгдэж байгааг тэмдэглээд “Анхан болон дунд шатны шүүх хэргийг 100 хувь шударга шийдвэрлэж байгаа гэдэгт итгэхгүй, нийгмийн шилжилт ид явж байгаа, өмнөх, өөр тогтолцооны үед бэлтгэгдсэн олон хүн энэ шилжилтийн явцад хуучин арга барилаасаа салаагүй байгаа тул дээд шүүхийн үйл ажиллагааг эрч хүчтэй, шударга байлгахын төлөө хэн нэгний нөлөөнд авталгүй, бие даасан байдлаар ажиллах”-ыг нэр дэвшигчдээс хүсэв.

Мөн УИХ-ын гишүүн Л.Цог нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлээд “Ардчилал, зах зээл гэдэг бие даасан, хараат бус шүүхгүй бол юу ч болдоггүй, өнөөдөр шүүхийн хараат бус байдал тэр бүр хэрэгжихгүй, "Дээрээс тэг гэсэн" гэдэг үгээр халхавчлаад улс төржсөн шийдвэр олныг гаргаж буйг анхаарууллаа.      

Эцэст нь байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан цаазаар авахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа нэр дэвшигчдэд илэрхийлээд "Гүйцэтгэх засаглалын байгууллагуудаас УИХ-д хандан олон асуудлаар тайлбар хүсдэг, тухайлбал, төрийн байгууллагын байранд түрээсээр байрлаж буй аж ахуйн нэгжүүдийн асуудал болон орон нутгийн сонгуулийн хуультай холбоотой зарим асуудлыг нэг мөр болгон тайлбарлах зэрэг олон ажил хүлээгдэж байгаа"-г нэр дэвшигчдэд сануулав.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top