Эрхэм хүндэт профессор, багш, оюутнууд аа,
Хатагтай, ноёд оо,
Та бүхэнд Монгол Улсад дээд боловсрол олгох анхны сургууль байгуулагдсаны 70 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, амжилт бүтээл, аз хийморь, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Одоогоос 70 жилийн тэртээ 1942 онд монголчууд түүхэндээ анх удаа орчин цагийн үндэсний их сургуулийг байгуулсан билээ. Энэ нь дайны цагийн хүнд бэрхийг үл хайхран эрдэм мэдлэгт шунан тэмүүлэх, ирээдүйгээ өөдрөгөөр харах монгол түмний орь хүслийн тод илэрхийлэл байсан юм.
Эрдмийн их уурхай болсон Монгол Улсын Их сургууль өнгөрсөн хугацаанд байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр олон арван мянган дээд боловсролтой үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэж, шинжлэх ухааны сэтгэлгээг хөгжүүлэн, судалгааны тулхтай ажлуудыг туурвиж, нийгмийн амьдралд нэвтрүүлснээрээ улс орныхоо хөгжилд багагүй хувь нэмэр оруулж ирснийг зүй ёсоор бахархан тэмдэглэж байна.
МУИС байгуулагдсанаарманай улсад дээд боловсролын тогтолцооны анхдагч нэгж бий болж, багш, эмч, хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн билээ. Улмаар 1950-иад оны дунд үеэс эдийн засагч, инженер-техникийн боловсон хүчин бэлтгэж, улс орныхоо хот, хөдөөгүй эрдмийн хур буулгах болсон юм. Тус сургуулийн нөлөөгөөр улс орны шинжлэх ухааны чадамж дээшилж, эрдэмтэн мэргэдийн тоо эрс нэмэгджээ. Өнөөдөр манай улсын нийт эрдэмтдийн тэн хагасаас илүү нь энэ сургуулийг төгсөгчид байгааг хэлэхэд нэн таатай байна. Чухамдаа Монгол Улсын Их Сургууль манай нийгмийн боловсрол, соёлын болон сэтгэлгээний ерөнхий түвшинг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ .
Сургуулийн гадаад харилцаа ихээхэн өргөжин тэлж, тив дэлхийд нэр хүнд нь өсөж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс Монголын түүх, хэл, соёл иргэншлийг судлан суралцахаар зорин тэмүүлж ирэгсдийн тоо жилээс жилд нэмэгдсээр буй. Төгсөлтийн дараах ахисан түвшний магистр, докторын сургалт цэгцэрч, математик, хими, биологи, хэл шинжлэл болон түүх, нийгмийн ухааны зарим салбарт шавь сургууль хэдийнээ бий болжээ. Ийнхүү МУИС олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, судалгаанд суурилсан их сургуулийн зиндаанд хүрч эхэлсэн нь 70 жилийн түүхэн хөгжлийн гол үр дүн мөн.
Мөн сургалтын хөтөлбөрийг нэгдсэн стандартад оруулах, сургалтын агуулгыг олон улсын жишигт нийцүүлэх, эдийн засгийн хувьд үр ашигтай байхад чиглэсэн томоохон өөрчлөлтүүдийг хийж чадсан байна.
Нүд ирмэж, хуруу ичиндэх зуур мэдээлэл тарж, даяаршин буй өнөөгийн ертөнцөд их сургуулиудын үүрэг, хариуцлага улам бүр өсөн нэмэгдэж байна. Шинэ зууны дэлхий дахины үсрэнгүй хөгжил, Монгол Улсын хөгжлийн шинэ сонголт нь МУИС-ийн эрдэмтэн багш нарыг улам чамбай, далайцтай ажиллахыг шаардаж байна. Элсэлтийн чанарыг сайжруулж, сургалт, судалгааны ажлыг боловсронгуй болгох, орчин цагийн ачааны хүндийг даахуйц өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэж төгсгөх нь тус сургуулийн профессор, багш нарын төр, түмний өмнө хүлээсэн эрхэм үүрэг мөн.
Төр засгаас дээд боловсролын салбарын санхүүжилтийн механизмыг оновчтой болгож, зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг ч хэлье.
Дээд боловсролын санхүүжилтын тогтолцоог боловсронгуй болгохдоо санхүүгийн олон эх үүсвэрийг бүрдүүлж, сургалтын төлбөрөөс хамааралт байдлыг арилгахын хамт чанарын шалгарал явагдах эрүүл өрсөлдөөн үүсгэх нөхцөл бүрдүүлэх талаар олон улсын хэмжээнд нийтлэг хэрэгжүүлж буй үр дүнтэй туршлагыг ашиглах хэрэгтэй байгаа юм. Нөгөө талаас суралцагчдад олгох тэтгэлэг, тэтгэмжийн арга, хэлбэрийг олон хувилбартай болгохын зэрэгцээ оюутны сонголт хийх боломжийг дээшлүүлэх замаар дээд боловсролын үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх үр нөлөөтэй хэрэгсэл бий болгоход анхаарах шаардлагатай болсон.
Иймд дээд боловсролын санхүүжилтын механизмыг бүхэлд нь авч үзэхийн хамт суралцах үедээ орлогогүй байгаа иргэддээ үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн болон нийгмийн хамгааллын цогц зохицуулалт бүрдүүлэх бодит хэрэгцээ, шаардлагыг иш үндэс болгон Монгол Улсын Ерөнхийлөгч ”Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг санаачлан хууль тогтоох дээд байгууллагаар хэлэлцүүлж батлуулсан билээ. Одоо энэ хуулийн хэрэгжилтийг бүрэн дүүрэн хангаж ажиллах хэрэгтэй байна. Үүнд дээд боловсролын байгууллагууд, тэдгээрт ажиллагсад болон суралцагчдын үүрэг, идэвх санаачлага тун чухал болой.
Энэ түүхэн ойгоор та бүхэн өнгөрсөн хугацааны ажил үйлсээ нухацтай дүгнэж, цаашид хийх ажлынхаа чиглэлийг чамбайруулан тодорхойлсон зорилт, арга хэмжээнүүдийг авна гэдэгт итгэж байна.
Багшийн эрдэм шавьд, шавийн эрдэм бялхан цалгиж байхын ерөөлийг дахин дэвшүүлье. Монголын Улсын дээд боловсролын салбар үргэлжид өсөн дэвшиж, үр өгөөж нь үлэмж их байх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
Улаанбаатар хот
2012 оны 10 дугаар сарын 5-ны өдөр
Сэтгэгдэл ( 0 )