А.Бакей: Орон нутгийн сонгуульд эвсэх эсэх нь намын тактик

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 11


 Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа. Тэрбээр “Нэг нам, хүнд зориулж хууль батална гэдэг зүйл яавч байж таарахгүй. УИХ-ын 76 гишүүн Үндсэн хуулийн дагуу, төрд өргөсөн тангарагтаа шударгаар хандах ёс зүйн зарчимтай. УИХ-ын сонгууль шударга болсон гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд, УИХ-ын гишүүнийхээ зүгээс хаана ч хариуцлагатай хэлнэ” гэсэн юм. 


-Орон нутгийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх ажил хэр явж байна?
-Орон нутгийн сонгуулийн тухай хууль батлагдан, СЕХ холбогдох хуулийн дагуу график гаргаж, аймаг дүүргийн ИТХ, холбогдох төрийн байгууллагад хүргүүлсэн байгаа. Цаг хугацааны хуваарийн дагуу холбогдох ажлууд явагдаж байна. Хамгийн эхний ажил нам, эвслүүд сонгуульд оролцох эсэхээ илэрхийлэх байдаг. Энэ ажил цаг хугацааны хувьд болоод өнгөрсөн. Намууд оролцох эсэхээ илэрхийлээд, асуудал шийдэгдээд явж байна. Мөрийн хөтөлбөр, бусад зүйлээ орон нутгийн намын байгууллага нэр дэвшигчид бэлтгэж эхэлсэн байна. Чуулган завсарлах хугацаанд Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллаад ирлээ. Тэгэхэд энэ хууль орон нутагт хүрчихсэн, иргэд ч хуулийн талаар тодорхой мэдээлэлтэй байгаа нь харагдлаа. Нэр дэвшигчид ч бэлтгэлээ хангаж, хуулийн дагуу ажиллаад эхэлсэн байна. Энэ бүгдийг би нүдээрээ хараад ирлээ.


-МАН-ын зүгээс “Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг нэг намын эрх ашигт нийцүүлсэн хууль боллоо” хэмээн шүүмжилж буй. Гэтэл АН “Хангалттай зөвшилцсөн” гэж мэдэгдэж байна. Та бүхэн сөрөг хүчнийхээ санал хүсэлтийг Орон нутгийн сонгуулийн тухай хуульд хэр тусгасан бэ?
-УИХ гэдэг хууль тогтоох дээд байгууллага. Нэг нам, хүнд зориулан хууль батална гэдэг зүйл яавч байж таарахгүй. Яагаад гэвэл УИХ-ын 76 гишүүн Үндсэн хуулийн дагуу нэг хэсэг нь ард түмнээс, нөгөө хэсэг нь намын жагсаалтаар гарч ирсэн учраас хууль боловсруулж батлах явцдаа төрд өргөсөн тангарагтаа шударгаар хандах ёс зүйн зарчимтай. Нэг намд үйлчлэх, эрх ашигт нь нийцэх хууль болсон гэж би үзэхгүй байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд ч, УИХ-ын бүрэлдэхүүний нэг эд эсийн хувьд үүнийг хаана ч хариуцлагатайгаар хэлнэ. Харин МАН-ын дээрх мэдэгдлийг сонгуулийн өмнө хийж байгаа улс төр л гэж хэлмээр байна. Ер нь Орон нутгийн сонгуулийн тухай хуульд хангалттай зөвшилцсөн шүү дээ. Хэлэлцэх явцад иргэд, олон нийтийн саналыг авсан. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт МАН-аас гурван ч гишүүн орж ажилласан шүү дээ. Тэд хэлэлцэх шатандаа энэ мэт асуудлаа хэлж байхгүй яасан юм бэ. “Болохгүй байна, нэг намд зориулагдаад байна” гэж бодож байсан юм бол тухайн үедээ хэлэх л ёстой. Боломжоо өнгөрүүлчихээд ийм юм ярьж байгааг сонгуулийн өмнөх улс төр гэхээс өөрөөр яаж тайлбарлах билээ.


-Засгийн газрыг бүрдүүлж буй намууд орон нутгийн сонгуульд хамтарч ажиллахаа тунхагласан. Гэвч өнөөдөр тус тусдаа орохоор мэдүүлгээ өгсөн байна. Өмнө нь ярьж тохирсон зүйлээсээ яагаад буцах болов?
-Ардчилсан намын хувьд тухайн орон нутгийн онцлогийг харгалзан үзэж байгаа. Зарим газраа эвсч орно. Түүнийг намаас хорьж, цагдахгүй. Харин эвсэх шаардлагагүй гэж үзсэн нь дангаараа л орог. Гэхдээ ямар ч тохиолдолд сонгуулийн дараа ялалт байгуулбал хамтарч ажиллах зарчмыг баримтална. Сонгуулийн үр дүн гарахад УИХ-ын сонгуулийн дараах шиг хамтарч ажиллах нөхцөл бүрдэж болно шүү дээ. Нэг нь олон суудал аваад, нөгөөх нь зохих хэмжээний суудал авлаа гэхэд хамтарч орон нутгийн засаг захиргааг бүрдүүлэх асуудал байж болно.


-“Та нарыг багтаах зай байхгүй” гэж АН-ын орон нутаг дахь намын байгууллагууд ИЗНН, “Шударга ёс” эвслийнхэнд хэлсэн юм биш үү?
-Нэг нь эвсье гээд нөгөөх нь татгалзаад байгаа зүйл огт байхгүй. Орон нутгийн сонгуульд эвсч ороод, ялалт байгуулах сонирхол хэн хэнд маань байсан. Гэхдээ орон нутгийн намын байгууллагын онцлогт нь тааруулж шийдвэр гаргах шаардлага байна. Тэгэхгүйгээр дээрээс нь шууд эвсэхийг тулгаж болохгүй. Тиймээс орон нутгийн нөхцөл байдлыг харгалзаж үзээд, эвсэх асуудлыг нээлттэй орхиж байгаа.


-Парламент дахь эмэгтэй гишүүд “Орон нутгийн сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг оруулна” хэмээн мэдэгдэж байна. Нэгэнт батлагдсан, дээрээс нь хоёр хүрэхгүй сарын дараа болох гэж байгаа ийм нөхцөлд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломж бий юу?
-Хуулийг хэлэлцэх явцад тэдэнд зарчмын зөрүүтэй санал гаргах, хуулийн төсөлд тусгуулах боломж байсан. Төсөл санаачлаад хэлэлцүүлэх боломж нь ч нээлттэй байв. Тэр үед анзаараагүй юу, эсвэл цаг зав нь амжаагүй юм уу эмэгтэйчүүдийн квотын талаарх ямар ч саналыг гаргаагүй. Хууль нэгэнт батлагдаад гарчихсан, хэрэгжээд эхэлчихсэн байхад ийм хууль өргөн барьж байгааг нь сайн ойлгохгүй байна. Гэхдээ төсөл өргөн баривал энэ удаагийн орон нутгийн сонгуульд биш ч цаашид болох сонгуульд мөрдөөд явах боломж бий гэж үзэж байна. Удахгүй болох орон нутгийн сонгуульд мөрдөнө гэхээр цаг хугацааны хувьд амжих уу гэдэг нь эргэлзээтэй. Боломж тун бага гэж харж байна. Уг нь орон нутгийн сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн нэр дэвших боломжийг олгох заалт орсон шүү дээ. Тодруулбал, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнаас бусад албан хаагч буюу эмч, багш нарын сонгуульд нэр дэвших боломжийг нээж өгсөн. Багш, эмч нарын дийлэнх нь эмэгтэйчүүд. Тэгэхээр эмэгтэйчүүдэд боломж нээлттэй гэсэн үг. Намууд нь өөрсдөө бодлогоороо нийт нэр дэвшигчдийнхээ 30-аас доошгүй хувийг эмэгтэйчүүд байлгая гэдэг чиглэлийг намынхаа орон нутаг дахь байгууллагуудад өгч болно. Энэ тохиолдолд Орон нутгийн сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квот байсан байгаагүй хэрэгжүүлж болно.


-Ингэснээр төрийн албан хаагч намын харьяалал бус байна гэсэн хуулийг зөрчихгүй юу?
-Намын хөтөлбөрийг биш зөвхөн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сурталчлаад явна шүү дээ. Иргэн хүн учраас сонгох сонгогдох эрхтэй. Тэр эрхийг нь нээлттэй болгож байгаа гэж үзэж болно.


-Орон нутгийн сонгуульд эвсч оролцохгүй байгаа нь Засгийн газрын задралын эхлэл гэж олон нийт дүгнэж байна?
-Хүмүүс ямар ч өнцгөөр харж, юу ч гэж хэлж болно. Гэхдээ 100 хувь үнэн гэж хэлэхэд хэцүү. Ямар зорилгоор юу гэж хэлэх нь тухайн хүний асуудал. Орон нутгийн сонгуульд эвсч ороогүйгээс болж Засгийн газар задарчихна гэж юу байх вэ. Бодит байдал шал өөр байж болно шүү дээ. Сонгуульд эвсэх, дангаараа орох нь тухайн намын өөрийнх нь тактикийн асуудал. Дангаараа орвол намд ашигтай байвал тэгж л орно шүү дээ. Энэ бол аль ч намын бодох л хэрэг. Магадгүй эвсч орсноос дангаараа орсон нь АН, МАХН-ын хэн хэнд нь ашигтай байж болно. Тиймээс Засгийн газрын талаар ярих нь арай эртэднэ. Шууд автоматаар тэгж ойлгож болохгүй.

-МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар сонгогдсон Ц.Оюунбаатар өнөөдрийг хүртэл тангаргаа өргөөгүй байна?
-Энэ асуултад хариулахад бэлэн биш байна. СЕХ-нд анх бүртгүүлэхдээ хэн нь хуулийн дагуу байсан яаж бүртгүүлсэн, одоо болтол яагаад саатсан, нэр дэвшүүлсэн нам нь хууль дүрэм барьж байна уу, үгүй юу гэдгийг СЕХ эцэслэн шийдвэрлэнэ.


Ч.Батмаа

 Эх сурвалж: Ардчилсан нам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top