Х.Тэмүүжин: Зургаан том хорих анги, хоёр том шүүхийн цогцолбортой болно

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 11

Өнөөдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сэтгүүлчдэд тайлбар хийлээ. Тэрээр хийсэн мэдээлэлдээ шүүхийн шинэчлэл хийгээд одоогийн шүүх, прокурорын байгууллагын байшин барилга дэлхийн хэмжээнд хүрэхгүй байна. Өнөөдрийг хүртэл шүүхийн байгууллага хуучин нийгмийн умгар байшинд үйл ажиллагаа явуулж ирлээ. Үнэндээ хуулийн байгууллагын шинэчлэлийг цогцоор хийхийн тулд эхлээд дэд бүтцийн асуудлыг нь шийдэх хэрэгтэйг тэрээр дурьдаж танилцуулсан юм.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин: “Хууль зүйн яамны 2012-2013 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл гээд шүүх болон хууль сахиулах байгууллагуудын томоохон төслүүдийг хэлэлцүүлэх гэж байгаа юм. Өнгөрөгч сонгуулийн дараа Хууль зүйн яам үндсэн чиглэлээ юу гэж гаргасан бэ гэхлээр Хууль зүй дотоод хэргийн яам гэсэн энэ чиг үүргийг салгасан. Үндсэндээ дотоод хэргийн чиг үүрэг Хэрэг эрхлэх газар луу шилжиж ирж байгаа.

Төрийн албаны шинэтгэл, засаг захиргааны шинэтгэл гээд энэ улс орны дотоодтой холбоотой асуудлууд бол Хэрэг эрхлэх газарт илүүтэй хамаарах юм байна. Одоогоор Хууль зүйн яам тусдаа чиг үүрэгтэй болсон болохоор шүүх, хуулийн байгууллагад томоохон шинэтгэлийг хийнэ. Өнгөрсөн хавар шүүхийн багц хуулиуд батлагдсан. Энэ хуулиудын хэрэгжилтийг харахын тулд Хууль зүйн яам бол мэргэжлийнхээ түвшинд оролцохоос өөр аргагүй болсон. Иргэний үндсэн эрхийг баталгаажуулах чиглэлээр эрхзүйн томоохон шинэтгэлийг эхлүүлэх гэж байна. Хууль зүйн нэгдсэн бодлогыг бүрдүүлэх чиглэлээр хууль тогтоомжуудыг өөр өөрийнхөөрөө дураараа бичдэг, нэр томъёо, хэллэг ойлголтууд зөрүүтэй байдаг энэ бүх байдлуудыг манай улс халах ёстой юм байна. Тэгэхгүй бол энэ хуулийн хийдэл, давхардал арилахгүй гэсэн утгаар Монгол Улсын Хууль зүйн яам нэгдсэн байдлаар хуулийн тухай өргөдлийг бичиж байгаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэмт хэрэгтэй тэмцэх механизмыг сайжруулах зорилгоор томоохон дэд бүтцийг бий болгоно. Үүн дотроо авилга, хүний наймаа, хар тамхи, мөнгө угаах, экологийн гэмт хэрэгтэй тэмцэх дэд бүтцийг тусгайд нь байгуулна. Гэх мэтчилэн жилийн дотор шийдэх маш олон асуудлууд бидэнд хүлээгдэж байгаа. Энэ хүрээнд бид тодорхой бодлого боловсруулсан. Хавар батлагдсан шүүхийн шинэтгэлийн хуультай холбогдуулан олон дэд бүтцийг бид хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, Улаанбаатар хотын газар нутаг дээр шүүх, прокуроруудын газрууд байж байгаа. Хотын хэмжээнд 16 шүүх хурлын заал танхим байна. Энэ шүүх хурлын заал нь дотроо эрүүгийн болон иргэний гэсэн хоёр салангид байх ёстой. Өнөөдөр наймхан шүүх хурлын заалаар сая гаруй иргэн үйлчлүүлж байна. Иргэний хэрэг дээр аваад үзэхэд жилд дунджаар 20000, эрүүгийнх нь 13000 шүүх хурал болж байна. Ойролцоогоор 400 мянган иргэн энэ шүүхийн байраар үйлчлүүлэн гарч орж явна. Гэтэл өнөөгийн шүүхийн байшин барилгуудыг иргэд мэдэж байгаа байх үнэндээ тэнд иргэний орон зай алга.

Шүүхэд дуудагдсан юм уу, шүүхтэй холбоотой иргэд бол гадна нь хөөгдөөд л хүлээгээд зогсож байгаа юм. Иргэний стандарт орон зай, олон нийтэд үйлчилдэг хэсэг, мэдээлэл өгөх хэсэг байхгүй ямар ч журам байхгүй. Байгаа нь зөвхөн хэдэн шүүх хуралдааны танхим шүүхийн оффис бий. Ийм байдалтай гэсэн мөртлөө зардал нь бол үнэхээр хүчирхэг байгаа юм. 6 дүүрэг дээр шүүх, прокурорын гэсэн 18 газарт урсгал зардал, төсөв мөнгийг үрэлгэн байдлаар зарж байгаа. Энэ газруудтай холбоотойгоор тодорхой Тамгын газар дарга нар зэргийн албан тушаалтнууд байна. Зөвхөн энэ газрууд руу зарж байгаа төсөв зардлыг зөв зохистой зохион байгуулах юм бол үүнээс бага зардлаар энэ Улаанбаатар хотын шүүхийн газруудыг барууны хэмжээнд хүргэх бололцоотой. Тийм мөнгө зүгээр сул гоожиж байна. Гэхдээ дэд бүтэц, зохион байгуулалт нь муу маш үрэлгэн систем манай хуулийн байгууллагад байгаа шүү.

Шүүх одоо засаг захиргааны хэмжээнд дүүрэг дүүрэг дээр биш тойргийн зохион байгуулалтанд орно. Тойргын зохион байгуулалтанд орохоор шинэчлэл дээр би дахиад л ярна. 6 дүүрэгт 6 том шүүхийн байгууллага тэжээх биш хоёр том шүүхийн байгууллага шүүхийн хэмжээнд байгуулъя. Дан ганц шүүх биш хуулийн бүхэл бүтэн цогцолбор хийх ёстой юм. Өнөөдөр 7000 гаруй хоригдлыг 200-300-гаар нь 23 хорих байранд хорьж байгаа. Энэ хорих ангиудын тус бүрийн зардал яг л шүүрэн шанагаар гоожих ус адил дууслаа. Хоригдлуудаа хорихын тулд хэтэрхий их хүн хүч шаардаж байна. Хорих газар болгонд дарга, нягтлан гээд бүгд бий. Энэ бүхний зардлыг үзэхээр аймшгийн үрэлгэн тогтолцоо байгаа юм. Энэ тогтолцоог үр ашигтай тогтолцоо болгоход л асуудлууд шийдэгдэх бололцоотой.

Жишээ нь хянагчийн тоо хүрэлцэхгүй байна гэнэ. Хянагчийн тоо хүрэлцэхгүйгээс болоод хоригдол оргоод байна гэх юм. Стандартаар бол нэг хянагчид 20 ялтан оногддог бол одоо нэг хянагчид 80-иад хоригдол оногдож байна. Ийм л буруу системээр яваад байна. Тиймээс энэ олон шоронг багасгаад 6 том хорих байр бариад тэр хяналт, камержуулалтаа сайжруулах хэрэгтэй. Монголын бүх шоронг бүрэн камержуулна гэвэл их тоо, мөнгө гарна. Харин хорих газруудаа багасгаад цөөхөн тооны газруудаа тэрнээс гарах зардлаар нь дэлхийн жишигт хүрсэн тоног төхөөрөмжөөр тоноглосон газар болгох нь чухал” гэж тэрээр онцоллоо.

Ийнхүү шүүхийн салбарт хийх шинэтгэлээсээ хэзээ ч ухрахгүй гэдгээ сайд уулзалтын үеэр дахин дахин ярьж байсан юм.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top