Чуулганы тойм: Төсвийн хэлэлцүүлэг сунжирлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 11

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитор Чойжамцын Раднааг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Аюурын Зангадыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилох тухай тогтоолын төслийг баталлаа. Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр гишүүд Монгол Улсын Ерөнхий Аудиторт томилогдож байгаа А.Зангадаас асуулт асууж, саналаа хэлсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр энэхүү томилгоо нь Сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчиж байгаа эсэх талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тодрууллаа. Үүнд УИХ-ын дарга З.Энхболд “Сонирхлын зөрчлийн тухай хуульд тодруулах зүйл байгаа. Гэхдээ УИХ-ын дарга Өвөрхангайнх байна гээд энэ нутгийнхан хохирох ёсгүй. А.Зангадыг томилуулах санал оруулж байгаа нь хууль зөрчөөгүй” гэсэн юм.

Асуулт асууж, үг хэлсэн гишүүд УИХ-ын хяналт шалгалтыг хийх үүрэг бүхий энэ байгууллага маш том хариуцлага хүлээж байдаг. Хяналт шалгалт нь хэт ерөнхий, толгойг илээд өнгөрдөг, хангалтгүй, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байгаа талаар анхаарч ажиллахыг санууллаа. Мөн гадаад харилцаагаа өргөжүүлэн Норвегийн Аудитын байгууллагатай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, бусад орнуудын туршлагыг судлах, шаардлагатай бол эрхзүйн орчинд өөрчлөлт оруулах талаар УИХ-ын гишүүд саналаа хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Аудитын байгууллага нь УИХ-ын холбогдох байгууллагатай хамтран ажиллах уялдаа хангалтгүй байна. Төсвийн гүйцэтгэл хэлэлцэх болон төсөв батлах үед Аудитын газраас төсөөллийн аудит хийж УИХ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэдээллээр хангах чадвараа сайжруулах талаар анхаарах хэрэгтэй” хэмээн сануулсан бол УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ”Аудитын газрын бүтцийг өөрчлөх, боловсон хүчний бодлогод анхаарах, ажилдаа хариуцлагатай хандах, улс төрийн захиалгаар асуудлыг шийдэх биш хуулийн хүрээнд ажиллах хэрэгтэй байгаа” талаар хөндлөө. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Төсвийн үр дүнтэй зарцуулалтын талаар байнга нээлттэй ажиллах хэрэгтэй” гэсэн юм.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын тэргүүн шадар сайд Д.Тэрбишдагва шинэ аудитор ажлаа аваад Засгийн газарт бүрэн аудитын шалгалт хийн дүгнэлт гаргаж өгөх хүсэлтийг мөн тавьсан юм. Ингэсээр шинэчлэлийн Засгийн газар ямар нөхцлөөс ажлаа эхлэж байгааг тоон үзүүлэлтээр баримтжуулах болно гэсэн юм. Мөн гишүүн О.Баасанхүү Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын гүйцэтгэлд аудит хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Ийнхүү Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай тогтоолын төслийг баталсны дараа Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны  байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар танилцууллаа.

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл нь Засгийн газрын төлөөлөл гурав, даатгуулагчдын төлөөлөл гурав, ажил олгогчдын төлөөлөл гурав, нийт есөн гишүүнтэй бөгөөд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдэд Засгийн газрын талаас Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд, Хууль зүйн сайд нар байх талаар тогтоолын төслийг өргөн барьсан юм. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд ингэж сайд нар орж ирэх нь Засгийн газрын эрх мэдлийг давамгайлуулан нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг алдагдуулах учраас Сангийн сайд, Хууль зүйн сайд нар биш харин Төрийн нарийн бичгийн дарга нар нь ороход болно гэсэн саналтай байлаа.

Харин даатгуулагчид болон ажил олгогчдын төлөөллийг Засгийн газраас хараат бусаар нээлттэй зарлах ажлыг УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооноос зохион байгуулж байгаа бөгөөд ирэх долоо хоногт байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм байна. Өнөөдрийн байдлаар 18 хүний нэр дэвшүүлсэн материал ирээд байгаа тухай Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ энэ үеэр мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж МҮЭНХ-ны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар ажиллаж, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн болох юм бол Үндсэн хууль зөрчсөн асуудал үүсэх болно хэмээн анхааруулсан юм. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр хэнийг нэр дэвшүүлэн ажиллуулахаа МҮЭНХ-ны хурлаараа шийдэх болно хэмээсэн юм. Ингээд Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай тогтоолыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 58 гишүүний 29 нь буюу 50 хувь нь татгалзаж олонхийн санал авч чадаагүй тул энэхүү тогтоолын төслийг хэлэлцэхээргүй боллоо. УИХ-ын дарга Засгийн газарт өөрийн талаас Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд багтах хүмүүсийн асуудлыг шийдэж оруулж ирэхийг даалгалаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байлаа. Хуулийн 27-р зүйлийн 2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Засгийн газрыг төлөөлж сангийн, хууль зүйн, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг хүн” гэж заасан бөгөөд “хөдөлмөрийн” гэснийг “нийгмийн хамгааллын” гэж өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй учраас Байнгын хорооноос анхны хэлэлцүүлгээр батлах санал оруулсныг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнээр хууль батлагдлаа.

Үүний дараа Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулсан юм. Ирэх оны төсвийн орлого 7 их наяд төгрөг байх бөгөөд энэ жилийн төсвөөс 1,8 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ хэмээн төсөвлөсөн байна. Энэ удаа татвар нэмэгдүүлэхгүй харин зарим хөнгөлөлтүүд, тухайлбал газрын тос боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн татварын хөнгөлөлт, зуун сая төгрөгөөс дээш хадгаламж эзэмшигчдэд үзүүлэх хөнгөлөлтийг зогсоох тухай санал оруулж байгаа юм байна. Төсвийн урсгал зардал дөрвөн их наяд найман зуун тэрбум төгрөг бөгөөд хөрөнгө оруулалт 1,4 их наяд төгрөг байхаар төсөвлөжээ. Энэ хөрөнгө оруулалтын 1,1 их наяд нь өнгөрсөн жилийн бүтээн байгуулалтыг гүйцээхэд зориулах юм байна. Шинэ хөрөнгө оруулалтын зардалд 300 тэрбум төгрөгийг тусгасан байна. Төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас хэтрүүлэхгүй, эдийн засгийн бодит өсөлт 13,5 хувьтай байна гэсэн төсөөлөлтэй төсвийн төслийг боловсруулжээ. Ер нь төсөв баталдаг арга барилд өөрчлөлт оруулан урт хугацаанд буюу дөрвөн жилээр хөрөнгө оруулалтаа төлөвлөж байхаар болж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаад байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж эхэлснээр энэ өдрийн үдээс өмнөх хуралдаан завсарлаж 15 цагаас үргэлжлэн хуралдаж гишүүд санал, дүгнэлтээ хэлж эхэлснээр төсвийн хэлэлцүүлэг сунжирч эхэллээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top