Шинэчлэлийн Засгийн газар анхныхаа шийдвэрээр Төрийн ордныг түмэн олондоо нээлттэй болгосон нь ард нийтийн талархлыг хүлээн, хөдөө орон нутгаас зорин ирж төрийн хүндэтгэлийн өргөөнд анх удаа орж үзэж байгаадаа баяртай байна хэмээн өгүүлэх хүмүүс ч цөөнгүй байна.
Саяхан Шинэчлэлийн Засгийн газар бас нэгэн олны талархлыг хүлээсэн зүйлийг санаачилсан нь ард иргэдийнхээ санал бодлыг сонсох, хүлээж авах 11 11 төвийг нээсэн явдал юм. Иргэддээ нээлттэй, “амьд” харилцааг бүрдүүлэн, хүнд суртлыг халж, хурдан шуурхай үйлчилгээг эрхэмлэн, иргэдийн саналыг боломжит 10 сувгаар хүлээн авч, түүнд тодорхой хариулт өгөхөөр тус төвийг байгуулжээ.
Бүрэн автоматжсан системийг ашигласнаар иргэдээс ирэх санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархал нэг бүрийг алдахгүй хүлээн авч холбогдох байгууллагад шилжүүлэн түүний хяналт, хэрэгжилтэнд үнэлэлт дүгнэлт өгөх юм.
Иргэдээс ирсэн давхардсан санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархлыг “11 11 Төв” ангилан ялгаж, давхардсан асуудлыг нэг асуудал болгон нэгтгээд холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлнэ.Тус төв дээр байрлах санал бичих машин (Киоск) ашиглан иргэд өөрийн санал хүсэлтээ хурдан шуурхай оруулах боломжтой юм байна.
Иргэн хэнд хандаж ямар санал хэлсэн, санал нь яг одоо аль шатанд яваа, ямар мэргэжилтэн хариу өгөх ёстой, хэдий хугацааны дараа саналын хариуг өгч байгаа зэргийг Засгийн газрын тэргүүн болон холбогдох бусад албаны хүмүүс хянах самбарыг тэдний гар утас, IPAD-д суулгаж өгсөн нь ихээхэн ач холбогдолтой юм.
Энэхүү төвийн http://11-11.mn/ вебсайт руу орон, аль хэдийнээс хойш хэнээс асуухаа сайн мэдэхгүй явсан нэгэн асуудлаар санал бичиж үзлээ, нэг их удалгүй “Саналууд” гэсэн жагсаалт дотор ороод ирж байна. Одоо харин хариуг хэрхэн, хэзээ өгөхийг л хүлээх үлдлээ. Үүнээс харахад, үнэхээр дажгүй төвийг санаачлаад байгуулчихжээ ардчиллынхан.
Одоо бол ямар ч асуудал тулгарсан хандах бэлэн газартай болж, амар. Харин юу ч хамаагүй асууж, хэнийг ч хамаагүй ховлож болох юм болов уу? Ямар нэгэн зарчмын хязгаарлалт байгаа эсэхийг хайгаад олсонгүй, тэгэхээр бүгд болно гэж ойлгов.
Эндээс үзвэл, энэ төв нэг талаараа хүмүүсийн бухимдлыг тайлах төв байж болохоор. Жишээ нь, хэн нэгэн ажилтан хэлтсийн даргатайгаа санал зөрөлдөн зад хэрэлдчихээд энэ төвд хандан “ховлож” санаа нь амран, уур нь гарахаар. Үүний дараа гомдлыг хүлээн авсан газар нь хэний буруу, хэний зөвийг тогтоохоор ямар нэгэн үйлдэл хийж таарна. Энэ өнцгөөс нь харвал, ямар нэгэн зарчмын хязгаарлалт тавихгүй бол зах хязгааргүй хов живний араас хөөцөлдсөн замбараагүй их ажил ундрах вий дээ...
Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 0 )