УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Урсгал зардлыг бууруулах ёстой

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 15

Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа энэ цаг үед УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тодруулга авлаа.

-УИХ-ын гишүүдийн тэрбум төгрөгийг хассан байна. Үүнд та гишүүний хувьд хэрхэн хандаж байна вэ?

-Төсвийн хууль өөрчлөгдсөн. Орон нутагт эрх мэдэл очиж байна. Тэгэхээр орон нутгийн удирдлага иргэдэд тулгамдсан асуудлыг шийдэж чаддаг болно гэж найдаж байна. Ийм тохиолдолд гишүүдийн тэрбум төгрөг шаардлагагүй. Гэтэл орон нутгийн удирдлагууд өнөөдрийн байдлаар чадваргүй, чадавхгүй, төсвөө төлөвлөж, хэрэгжүүлж чадахгүй, хяналт тавьж чадахгүй байна. Чанаргүй төсөв гүйцэтгэдэг ийм байдалтай байвал гишүүд оролцох шаардлагатай. Бодит байдалд яагаад гишүүд тэрбум төгрөгөөр ард иргэдийн асуудлыг шийдэж байсан гэхээр орон нутгийн удирдлагууд хариуцлага хүлээх чадваргүй байсан юм. Одоо чадвартай болвол өөр. Үүнийг цааш нь холбоод ярихад сумын Засаг даргыг ард иргэд яагаад өөрсдөө сонгодог болъё гэдгийн учир нь ИТХ-аас сонгогдохоороо тэдэнд хариуцлага хүлээлгэх  хөшүүрэг байхгүй болдог. Тэгэхээр дөрвөн жил нөгөөдүүл сумын дарга хийж дураараа дургиж тоглочихоод яваад өгдөг. Орон нутгийн удирдлагын хариуцлагагүй байдлын илрэл энэ. Хэрэв ийм удирдлагатай ажиллах юм бол орон нутагт төсөв хуваарилах хэрэггүй. Цаашид төсөвт гишүүд тэрбум төгрөгөөрөө оролцохоос өөр аргагүй. Энэ өөрчлөгдөх байх гэж найдаж байна.

-Төсвийн төсөлд анзаарагдсан сул тал?

-Төсвийн төсөлд урсгал зардлыг бууруулах ёстой. Гэтэл урсгал зардлыг бууруулаагүй. Тодорхой хуваарь нэмэгдэн орж ирсэн. Өөрөөр хэлбэл, тэр хэмжээгээр хэрэглээ нэмэгдүүлж байна гэсэн үг. Инфляцийг өдөөх хүчин зүйл болно. Уг нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, урсгал зардлыг бууруулах учиртай. Нөгөө талдаа мөнгөний бодлогоор зээлийн хүүг бууруулах бодлого барьж нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн бол зөв бодлого байх байсан. Харамсалтай нь нийлүүлэлтийг бус эрэлтийг дэмжсэн бодлого хэвээрээ орж ирсэн. Урд өмнөх уламжлалт төсвөөс ялгаагүй төсвийн төсөл болсон байна. Энэ нь шинэчлэлийн Засгийн газрын шинэ төсөв биш. Уламжлалт төсөвтэй яг адилхан төсөл болсон нь сул тал  болж байна.

Түүнчлэн дэлхийн эдийн засгийн хямрал Монголд нүүрлэж байна. Европ бүсийн хямрал Хятадын эдийн засагт нөлөөлсөн. Монгол Улс БНХАУ-ын эдийн засгаас шууд хараат. Үүнээс болоод Монгол Улсын төсвийн орлого дөнгөж хямрал эхлээгүй байхад 1,2 их наяд дутаж байна. Он дуустал нэлээд асуудал бий. Бүтэн жилдээ асуудал хүндрэхээр харагдаж байгаа юм. Энэ үед хямралыг яаж хохирол багатай давах вэ гэсэн төлөвлөгөө байх ёстой. Ийм төлөвлөгөө алга. Хямралын эсрэг бодлого төсвийн төсөл дээр орж  ирсэнгүй. Хамгийн наад тал нь миний хэлэх зүйл бол хямралд хамгийн түрүүнд өртдөг нь ажилгүй, орлогогүй хүмүүс. Тэднийг хямралаас хамгаалах механизмыг ирэх жилийн төсөвт тусгах байсан юм. Иргэн бүрт олгож байсан 21 мянган төгрөгөө үргэлжлүүлж олгох асуудлыг тусгасангүй гэх мэтийн олон зүйлийг хэлж болно.

-Гэхдээ энэ саналаа байнгын хороо, чуулган дээр хэлээд оруулах боломжтой юм биш үү?

- УИХ-ын гишүүд саналаа оруулна. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх, урсгал зардлыг бууруулах, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 21,000 төгрөг олгох чиглэлээр саналаа оруулна. Хэлэлцүүлгийн хоёрт тавина Засгийн газарт хууль санаачилж оруулсан. Хэрэгжүүлэхийг шаардана. Засгийн газар зөв гэж үзэх эсэхийг мэдэхгүй байна.

- Тодруулга өгсөнд баярлалаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top