Тамхины хяналтын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 16

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж хуралдааны эхэнд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Утаат тамхи татахыг хориглосон газрын хүрээг өргөтгөж агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг, зочид буудал, цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шатанд утаат тамхи татахыг хориглосон зохицуулалтыг төсөлд тусгажээ. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор, мөн баар, цэнгээний газарт тамхи, тамхин бүтээгдэхүүнээр худалдаа хийхгүй байх, 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулахгүй байхаар холбогдох зохицуулалтын төсөл нэмсэн байна. Одоо мөрдөгдөж буй хуулиар дээрх байгууллагуудаас 100 метрийн хол зайд тамхи худалдах зохицуулалттай байгаа аж. Гишүүдийн зүгээс сургууль, сургуулийн дотуур байрнаас 500 метрийн дотор тамхин бүтээгдэхүүнээр худалдаа хийхгүй байх зохицуулалтыг төсөлд нэмсэн нь хэр оновчтой талаар нэлээдгүй маргаан үүсгэсэн юм. Тухайлбал, нийслэлд гэхэд л хот төлөвлөлт муу, шигүү суурьшсан газарт энэ заалт тохирох эсэх, түүнчлэн хөдөө орон нутагт энэ орон зайг яаж ойлгох талаар шүүмжилж байв. Мөн тамхи татахыг хориглосон газарт хэн хяналт тавих нь тодорхой бус байна. Иргэд бие биендээ шаардлага тэр бүр тавиад байхгүй. Төрийн зарим үүргийг ТББ-аар гэрээгээр гүйцэтгүүлэхээр хуулинд заасан. Иймд байцаагч гэхээр заавал төрийн албан хаагч байх бус Улсын байцаагчийн эрхийг гэрээгээр ТББ-д өгөх боломжтой гэсэн саналуудыг гишүүдийн зүгээс гаргаж байв. Насанд хүрээгүй хүүхэд тамхи татвал ямар хариуцлага тооцох талаар С.Одонтуяа гишүүний асуусан асуултад, “зөвшөөрөлгүй газарт тамхи татсан иргэнд 50 мянган төгрөгийн торгууль ногдуулах” заалтад хамрагдана гэсэн хариултыг Л.Эрдэнэчимэг гишүүн өгөв. С.Дэмбэрэл гишүүн хэлэхдээ, энд нэг нь асуулт тавьж нөгөө нь хамгаалах асуудал биш. Харин олон нийтийн оролцоог яаж тодорхой тусгах дээр анхаарах хэрэгтэй. Төрөөс зөвхөн иргэдийг тулган шаардаж шахах механизмыг яриад байхаас биш урамшууллын талаар ярихгүй байна гэсэн шүүмжлэлийг хэлэв. Харин Г.Баярсайхан гишүүн, дэлхий нийтээр тамхинаас татгалзахыг уриалж байна. Ер нь тамхи татуулахыг больё гэж байгаа бол тамхи үйлдвэрлэх, худалдаалахыг бүрмөсөн хориглох хэрэгтэй. Тамхинаас гарах иргэдийн клуб байгуулж ч болно. Үүнийг харин дэмжих хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа.

Хуралдааны дараах асуудал цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх байв. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танилцууллаа. Засгийн газраас жил бүр хүүхдийн цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт заалыг шинээр барих, өргөтгөх тоо хэмжээг нэмэгдүүлж байгаа хэдий ч сургууль, цэцэрлэгийн одоогийн суудлын хүчин чадал, багтаамж нь ялангуяа хот, суурин газарт үүсэн бий болж буй хэрэгцээг хангаж чадахгүй байгаа аж. Тиймээс салбарын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд нийт 306,1 мянган хүүхдийн хүчин чадалтай 1121 сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заалны барилгыг шинээр барихад 1,286,7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Тогтоолын төсөл батлагдсанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрны хүчин чадал сайжирч, спорт, биеийн тамирын заалны хомсдол арилж, хүүхдийн сурч боловсрох эрхийг дэмжих бодлого хэрэгжилт сайжирна гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи үзлээ.

Мөн хуралдаанаар Даатгуулагч, Ажил олгогч талуудаас Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүний талаар ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх зарыг УИХ-ын Тамгын газраас хэвлэл мэдээллээр нээлттэй, хугацаатай зарлан явуулснаар НББСШУ-ны Байнгын хороонд холбогдох байгууллагаас нийт 19 хүнийг тодорхойлж саналаа ирүүлсэн байна. Ингэснээр Байнгын хорооны гишүүд ажил олгогчийн төлөөлөл 3 гишүүн, даатгуулагчийн төлөөлөл 3 гишүүнийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэхийг дэмжиж тус бүрд нь саналын хуудсаар санал хураалгав. Саналын хуудсыг тоолсноор Ажил олгогчийг төлөөлж Шувууны хайрга ХХК-ийн захирал Ванчинхүүгийн Ганбаатар, Кассандра Монголиа ХХК-ийн ерөнхий захирал Жанчивдоржийн Батбаяр, Монголын албан бус эдийн засгийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Домбонгийн Үүрийнтуяа, Даатгуулагчийг төлөөлж Сэлэнгэ Транс ХХК-ийн гүйцэтгэх захирал Дагвадоржийн Дулмаа, Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Цэндсүрэнгийн Отгонбаяр, МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар гишүүдийн олонхийн дэмжлэг авч уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top