УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Хууль зүйн яамны харъяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт байгуулагдаж, Хууль зүйн яамны үйл ажиллагаатай танилцаад байсан билээ. Энэхүү ажлын хэсгийн гишүүд болох Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Ж.Батзандан, Д.Ганбат нар өнөөдөр /2012.10.16/ Цагдаагийн Ерөнхий газар болон Замын цагдаагийн газрын ажил байдалтай танилцлаа.
Цагдаагийн ерөнхий газраас иргэдэд нээлттэй, ил тод ажиллах бодлого барьж ажиллаж байгаа. Өнгөрөгч есдүгээр сарын 22-нд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэл, алба хаагчдын ёс зүй, харьцааны соёлыг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн санал, зөвлөмжийг сонсох "Иргэн-Цагдаагийн харилцаа, хамтын ажиллагаа" сэдэвт нээлттэй уулзалтыг зохион байгуулсан. Мөн зөвхөн иргэдээс гадна цагдаагийн алба хаагчидтай уулзаж санал хүсэлтийг сонссон. Хүн солихдоо бус сэтгэлгээний өөрчлөлт гаргаж ажиллана гэдгээ Цагдаагийн Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Ш.Ганболд гишүүдэд танилцуулсан юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, салбарын яамны шинэчлэлийн бодлогын хүрээнд цагдаагийн байгууллагыг шинэчлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах үүднээс Цагдаагийн байгууллагын эрх зүйн байдлын тухай, Цагдаагийн байгууллагын статусын тухай, Цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагааны процессийн тухай зэрэг гурван хуулийн төсөл боловсруулагдаж байгааг хууль тогтоох байгууллагын түвшинд дэмжихийг гишүүдээс хүсч байв.
Монгол Улсын цагдаагийн байгууллага 1991 онд Дэлхийн олон улсын цагдаагийн байгууллага “Интерпол”-д гишүүнээр элсэж, тус байгууллагын гишүүн 186 оронтой долоо хоногийн 24 цагаар мэдээлэл солилцдог. 2012 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд ажилчдын эрх ашгийг хамгаалах, олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх гэх мэтчилэн хэд хэдэн ажил хийхээр төлөвлөжээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар 16160 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 11,2 хувиар өссөн байна. Эдгээр хэргийн 57 хувь нийслэлд, 41,7 хувь хөдөө орон нутагт, бусад нь төмөр зам, нисэх буудал зэрэг газруудад гарчээ. Хэрэг илрүүлэлт 57,9 хувьтай байгаа аж. Гэмт хэрэг өссөн багассан тоо үзүүлэлт хөөцөлдөхөөсөө илүүтэй иргэдийн цагдаагийн байгууллагад хандах хандлага, сэтгэл ханамжаар ажлын үр дүнг тооцдог болох чиглэл баримталж буйгаа ЦЕГ-ын дэд дарга М.Ганбаатар хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат, Цагдаагийн алба хаагчдын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг анхаарах хэрэгтэй. Сайн муу бүх зүйлд хамгийн түрүүнд цагдаа л ажиллаж, тэтгэвэрт гарахдаа юу ч үгүй гардаг. Төсвийн хуулийг хэлэлцэж байх үед та бүгдийн ажил байдалтай танилцаж байгаа учраас асуудлаа илэн далангүй ярих хэрэгтэй. Бас хөдөө орон нутагт ажиллах цагдааг нэмэгдүүлж, малын хулгайтай илүү үр дүнтэй тэмцэх хэрэгтэйг онцолсон. Харин УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, Засгийн газар, Хууль зүйн яам шинэчлэлийн зоригтой бодлого барьж байгаа. Шинэчлэлийг нэр төдий биш бодитой хийх нь чухал юм. Та бүхэн маш тодорхой саналууд тавьж байна. УИХ-ын зүгээс дэмжлэг авна гэдэгт итгэлтэй байна. Хамтарч ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн.
Үүний дараа Замын цагдаагийн газарт очсон. Замын цагдаагийн газрын товч танилцуулгыг тус газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан хийв. Улсын хэмжээнд 700 орчим Замын цагдаагийн алба хаагч ажиллаж байгаагаас нийслэлд 490, орон нутагт 370 гаруй нь ажилладаг байна. Энэ орон тоо 1990 онд байснаас нэмэгдээгүй аж. Өнөөдрийн байдлаар 400 гаруй мянган авто тээврийн хэрэгсэл байгаагаас 69 хувь нь Улаанбаатарт, 31 хувь нь хөдөө орон нутагт байгаа бөгөөд сүүлийн таван жилд 1,6-2,5 дахин өсчээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь дэлхий нийтийн өмнө шийдвэрлэх асуудлын нэг болсонтой холбоотойгоор НҮБ-ын Ерөнхий Ассемблейн тогтоолоор 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны 10 жил” болгож зарласан. Манай улсад тээврийн хэрэгслийн тоо эрчимтэй өссөнөөс осол зөрчлийн дуудлага, бүртгэгдсэн осол хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргах зөрчил, илрүүлэлт, ослын улмаас үүссэн хохирлын хэмжээ, хөдөлгөөний түгжрэл нягтрал ихэсчээ. Жолооч бэлтгэх сургалтын чанар хангалтгүй, жолооч нарын хууль дүрэм биелүүлэх ухамсар хариуцлага сул, тээврийн хэрэгслийн дундаж насжилт маш өндөр, хууль эрх зүйн орчин дорой зэрэг нь голлох шалтгаан болж байгааг Замын цагдаагийн газрын удирдлагууд хэллээ. Улаанбаатар хотод өдөрт дунджаар 50 гаруй хүн согтуугаар жолоо барьж яваад саатуулагдаж, зам тээврийн ослын 90 гаруй хувь жолоочийн буруугаас болж үүсдэг байна. Тиймээс олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх шаардлагатай байгааг албаны хүмүүс мэдэгдлээ. Тухайлбал, Итали улсад согтуугаар машин барьсан иргэдийн автомашиныг улсын орлого болгодог, жолоо барих эрхийг 5-20 жил хүртэлх хугацаагаар хасах, улсын дугаарыг лацддаг, кодлодог байх зэргээр хариуцлага нэмэгдүүлэх жишиг байгаа аж.
Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, "Өмнө нь ийм тийм байсан гэж шалтаг тоочмооргүй байна. Төсвийн хууль хэлэлцэж байгаа үед санаандгүйгээр ажлын хэсэг гаргаагүй. Аль болох боломжит хувилбараар төсөвт мөнгө суулгах талаар харилцан санал солилцох гэж байгаа юм. Бид батлагдсан хууль тогтоомжийн хүрээнд маневерлах, хөрвөх, хурдтай ажиллах шаардлагатай байна. Асуудлаа байнгын хороонд тавих боломж нээлттэй байгаа"-г тодотголоо. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Хэдэн хүн торгосон, хичнээн машин журамласнаар үнэлдэг цаг өнгөрсөн. Хичнээн хүнд үйлчилгээ үзүүлж, авто ослоос урьдчилан сэргийлж, эрхийг хамгаалснаар дүгнэнэ. Шинэчлэлийн Засгийн газраас өмнө баримталж байсан концевцийг эрс өөрчилж байгаа. Тиймээс Замын цагдаагийн удирдлагууд ч сэтгэлгээгээ сууриар нь өөрчлөх ёстой хэмээлээ. УИХ-ын гишүүн Р.Бурмаа замын тэмдэг тэмдэглэгээний талаар асууж тодруулсан. Тогтсон стандарт байдаг ч чанарын шаардлага хангадаггүй байна. Тэмдэглэгээнээс осол мөн шалтгаална. Зам тээврийн хөдөлгөөнд зар сурталчилгааны самбарууд ихээхэн саад учруулдаг. Тиймээс 972 самбарыг буулгах талаар саналаа холбогдох газар хүргүүлээд байгаа гэж албаны хүмүүс мэдээллээ. Цагдаагийн Ерөнхий газар болон Замын цагдаагийн газар иргэдтэй ойр байж, мэдээлэл авахын тулд цахим хуудсуудыг ашиглаж, Facebook, Twitter ажиллуулж эхэлсэн байна.
Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, санал солилцсон. Нийслэлийн томоохон дүүргийн нэг Баянзүрх нь 12,4 мянган га талбай, нутаг дэвсгэртэй, 28 хороо, 283,289 хүн амтай юм. 2012 оны эхний 9 сард дүүргийн нутаг дэвсгэрт эрүүгийн 1916 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15,9 хувиар өсчээ. Гарч байгаа хэргийн дийлэнхийг танхай, дээрэм, хулгайн хэрэг эзэлдэг байна. Харин хэргийн илрүүлэлт 2009 онд 52,6 хувь, 2010 онд 53,7 хувь, 2011 онд 57,1 хувьтай үзүүлэлт гарч, 2012,2011 онд гарсан онц ноцтой гэмт хэргийг 100 хувь илрүүлжээ. Тус цагдаагийн хэлтсийн алба хаагчдын дийлэнх нь орон сууцтай бөгөөд энэ онд 100 айлын орон сууц ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна. Гэвч илүү цагаар ажилласан цагийн нэмэгдэл олгогддоггүй аж.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )