Оюуны спортын “дайчид” эх орондоо ирлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30

Азийн АШТ-д оролцсон даамчид эх орондоо ирлээ. Малайзын Куала Лумпур хотоос ирж буй тэд онгоцноос буусан дариудаа ССАЖЯ руу яаран очицгоосон юм. Отгон яамныхан өсвөрийн даамчдыг хүлээн авах бэлтгэлээ дутуу хангасан хүүхдүүд, эцэг, эхийн хамт яамны хаалгаар орж ирэх мөчид харагдаж байсан. Үүдний харуул, жижүүрүүд “Юун даам. Ерөөсөө сонсоогүй. 

Хэнтэй ярьсан юм” гэхчлэн “ичмээр” үгсээр угтаж байв. Удалгүй яамны нарийн бичгийн дарга тэргүүтэй хүмүүс өсвөрийн даамчид, багийн дасгалжуулагч нарыг сайдын хүлээн авах өрөөнд дагуулан ор­лоо.Тамирчдыг Соёл, спорт аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал хүлээн авсан. Тэрбээр ширээ тойрон суух хүүхэд, багш нарт “Манай тамирчид дэлхийн тавцанд оюуны спортоор цахиур хагалах цаг үе нэгэнтээ иржээ. 

Тэмцээнд оролцож медаль хүртсэн тамирчдадаа амжилт хүсэхийн сацуу зуун буудалт даамын хөгжил манай улсад ямар түвшинд байгааг дэлхийн тав­цанд таниулж чадсанд баяртай байна.Бид энэ спортыг цаашид анхааралдаа авах болно. Хилийн чанадад болох тэмцээн, уралдаанд оролцох бүхий л бололцоог яамны зүгээс шийдвэрлэж өгнө” гэсэн юм.

Тэрбээр Малайзад амжилт гар­гасан дасгалжуулагч нарт шагнал гардуулсан. Тухайлбал, зуун буудалт даамын холбооны гишүүн, дасгалжуулагч С.Бат-Эрдэнэ, Ц.Пү­рэвдорж, Г.Энхсаруул, Д.Нар­мандах, Ц.Өвгөн нарыг спортын  хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж, ССАЖЯ-ны хүндэт жуух бичгээр шагнасан. 

Харин өсвөрийн даамч­дын гаргасан амжилтыг яам­ны спортын цол олгох тухай хурлаар хэлэлцсэний дараа ОУХМ, Спортын мастер зэрэг цол гардуулна гэв. Дэд сайд М.Түмэнжаргал “Хүүхдүүдээ горь­доочихлоо, ирэх сард болох хурлаар амжилт гаргасан хүүхдүүдээ шагнана” гэсэн ч тэдний нүдэнд “хүлээлт”-ийн харц байсан юм. 

Гэхдээ бүл­тийтэл ширтэх хүүхдүүддээ баярын цэцэг, гар цайлгах “хэдэн” төгрөг бэлдчихгүй дээ гэх бодол төрснийг нуух юун. Гэхдээ тамирчдад спортын цол зэрэг олгоно гэсэн мэдээ багш, шавь нарыг юу, юунаас илүү баярлуулж байсныг онцлох нь зүйтэй. 

Шаардлагатай бүх зүйлээр хангана 

ССАЖ-ын дэд сайд М.Түмэн­жаргалаас цөөн асуултад хариулт авлаа.

Манай даамчид хилийн чанадад амжилт гаргалаа. Зуун буудалт даамын хөгжил Монгол Улсад хэдийнэ байр сууриа олсон гэж дүгнэж болох уу?

-Тамирчдадаа бүгдэд нь баяр хүргэе. Эндээс явсан тамирчид бэлтгэл дутуу явсан. Хэрэв сайн бэлтгэлтэй оролцсон бол бүх медалийг нь хүртэх ч боломжтой байсан. Бид 90 медалиас 40 гаруйг нь “түүсэн”. Тэгэхээр оюуны спортоор монголчууд олон улсын тавцанд ямар амжилт гаргаж, алдраа цуурайтуулж байгааг харж байна.

-Дасгалжуулагч, багш нарын гавьяаг дурдахгүй байхын аргагүй юм?

-Цаашид олон улсын шинж чанартай тэмцээнд яамны зүгээс багш, дасгалжуулагч нарт онцгой анхаарал хандуулж, тэдний гавьяаг зөв зүйтэй үнэлэхэд тодорхой бодлого барина.

-Зуун буудалт даамын холбооны зүгээс энэ спортыг сурталчлан таниулахад хэр анхаарч байна вэ?

-Холбооны зүгээс яаманд зуун буудалт даамын олон улсын тэмцээн зохион байгуулах хүсэлт тавьж байгаа. Үүнд бид анхаарал хандуулж, тамирчдаа сайн бэлтгэх хэрэгтэй. Манай тамирчид энэ тэмцээнд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох чадвартай гэдгийг Ма­лай­зад оролцсон тэмцээнээс дүгнэж болохоор байна.

-Энэ спортын хөгжилд шинэ үеийн залуус хүч түрэн орж ирлээ. Тэднийг амжилтаа үргэлжлүүлэхэд юу шаардлагатай вэ?

 -Яг энд байгаа өсвөр үеийнхэн эх орныхоо нэрийг цаашид олон жил  тахална. Тамирчид маань ирэх онд Узбекстанд болох Азийн АШТ-д оролцоно. Яам­ны албан тушаалтнууд зуун буу­далт даамын тамирчдын дараа, да­раагийн тэмцээнүүдэд оролцоход шаардлагатай бүх зүйлсээр тусална. 

Дэд сайд өсвөрийн даамчдын медалийг барьж үзэхийг хүсч, дэргэдээ суух бяцхан охины хослуулан зүүсэн медалийг сонир­хов. Тэрбээр “Дараагийн тэмцээ­нүүдэд бүгд алтан медаль аваарай. Чадна биз дээ” хэмээн хошигнов.

Ховор олдох боломж   
 

Дасгалжуулагч багш нар анх удаа ССАЖЯ-ны босгыг давж байгаагаа нуусангүй. Тэд спортын энэ төрөлд амжилт гаргасан шавь нараараа бахархаж, цаашид яамны зүгээс нягт харилцан ажиллаарай хэмээн дэд сайдад “аминчлан” захиж байлаа. Зуун буудалт даамын багийн бүрэлдэхүүнд Завхан, Дорноговь, Хөвсгөл, Завхан зэрэг хөдөө, орон нутгийн тамирчид нэлээд байсан юм.

Малайзад эх орон, цаашлаад нутаг, усныхаа нэрийг гаргаад ирсэн Дорноговь аймгийн зуун буудалт даамын багийн дасгалжуулагч Ц.Өвгөнтэй цөөн үг сольсон юм.

-Хилийн чанадад бахдам амжилт гаргасан та бүхэнд баяр хүргэе. Зорилгодоо хүрч чадав уу?

-Бид багаараа амжилт гаргана гэсэн зорилготой байлаа. Ямар ч тамирчин амжилтын төлөө алхдаг. Бид ч ялгаагүй тийм л зорилготой явсан.

-Дорноговийнхон дотоодын тэмцээн, уралдаанд ямар амжилт гаргаж байв. Малайз руу аймгаа төлөөлж хэдүүлээ явсан бэ?

-Бид аймгаа төлөөлж, 10-уул явсан. Манай дөрвөн тамирчин алт, хоёр тамирчин мөнгөн медаль хүртлээ. Бас хүрэл медаль хүртсэн даамчид байна. Дотоодын тэмцээнд жил бүр оролцож, тодорхой амжилт гаргадаг.

-Бэлтгэл, сургуулилт хан­галттай бүрдсэн байсан уу?

-Явахаасаа өмнө долоо хоног л бэлтгэл хийсэн. Эртнээс бэлтгэсэн бол бүх медалийг нь хүртэх байлаа.

-Монголд зуун буудалт даам хэдийнээс хөгжиж эхэлсэн бэ?

-Одоогоос 50 гаруй жилийн өмнө хойд хөршийн төмөр замчид Монголд нэвтрүүлж байсан. Анх энэ спортыг “төмөр замынхны нүүдэл” гэж нэрлэдэг байлаа. Үүнээс хойш, манай тамирчид хагас зуун жил шахам энэ спортыг эх орондоо хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан. Тэдний гавьяагаар өнөөгийн хүүхэд, багачууд маань хилийн чанадад болсон тэмцээнд анх удаа оролцоод гайхалтай амжилт гаргалаа.

Эх сурвалж: "Өглөөний Сонин"

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top