Бондын доллар бэлэг биш

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 03

Саяхан Монгол улсын Засгийн газар олон улсын зах зээл дээр 1.5 тэрбум ам.долларын бонд амжилттай арилжааллаа хэмээн “Wall Street Journal”-аас авахуулаад манай бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр баяр бахдалтай зарласан билээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, таван жилийн хугацаатай 500 сая ам.долларын бондыг 4.125 хувийн хүүтэй, арван жилийн хугацаатай нэг тэрбум ам.долларын бондыг 5.125 хувийн хүүтэйгээр худалдаалсан байна. Арилжааг Их Британийн “Ashmore Investment” компани хариуцаж явуулсан аж.

Ингээд юуны өмнө бонд гэж юу болох талаар товчхон танилцуулахыг зорилоо.  Монгол улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуульд бондыг ингэж тодорхойлжээ: “Өрийн бичиг гэж тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүг мөнгөн, эсвэл эд хөрөнгө,эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр эргүүлэн төлөхийг гэрчилсэн үнэт цаас” гэжээ. Өөрөөр хэлбэл, “өрийн бичиг” буюу бонд гэдэг нь бусдаас тодорхой нөхцлөөр мөнгө зээлж буйг гэрчилсэн үнэт цаас юм. Хуульд “өрийн бичиг” гэсэн нэр томьёо хэрэглэгдэж байгаа боловч олон улсын түвшинд “бонд” нэрээр түгээмэл хэрэглэдэг.

Тэгвэл бондын буянаар Засгийн газрын дансанд орж ирсэн 1,5 тэрбум ам. долларт тэгтлээ яаран баярлаад байхаар биш харагдана. Бидний хар ухааны ойлголтоор бол бөгжөө ломбарданд тавиад мөнгө зээлсэнтэй ойролцоо мөн чанартай эд аж. Үнэхээр зөв “бизнест” сайн эргэлдүүлж чадвал ашиг олно, харин хайш яйш “цацвал” өрөнд орно!

Ихэнх улс орнууд эдийн засгийн үр ашиг бүхий бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлэх дотоод эх үүсвэр хомс, хандивлагч орон, байгууллагуудаас авч буй зээл, тусламжийн хэмжээ нь томоохон төсөл санхүүжүүлэхэд хангалттай бус, гадны зээл, тусламж, хөтөлбөрийн санхүүжилт нь  ихэвчлэн нэмэлт нөхцөл, шаардлага дагалдуулдаг, мөн хандивлагч орнуудын зээл, тусламж нь тухайн орны экспортыг дэмжсэн шинж чанартай байдаг зэргээс шалтгаалан олон улсын зах зээл дээр бондоо арилжаалан мөнгө босгодог. Жишээ нь, Японы “Самурай”, Австралийн “Кенгеру”, Их Британийн “Буллдог”, АНУ-ын “Янкее”, Өмнөд Солонгосын “Ариранг” гэсэн нэр бүхий бондууд сонсогдож байсан. Манайх ч мөн бонддоо “Чингис” хэмээн Их хааныхаа нэрийг хайрлан, арилжаалсан билээ.

Ийнхүү манай ДНБ-ний тавны нэгтэй тэнцэхүйц хэмжээний их мөнгийг босгож чадсан бондыг арилжаалснаар дараах ач холбогдолтой хэмээн мэргэжлийн хүмүүс үзэж байна. Үүнд:

  •   Олон улсын санхүүгийн зах зээлд Монгол Улсын жишиг хүү тогтоно
  •   Дотоодын банкууд болон компаниуд олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох боломж нэмэгдэнэ
  •  Гадны зах зээлд Монгол Улсын бизнесийн орчны нэр хүнд дээшилнэ
  •  Гадаадын хөрөнгө оруулагчид нэмэгдэнэ
  •  Үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжтой болно

Эдгээрээс харахад, энэхүү бондын арилжаа нь зөвөөр ашиглаж чадвал өгөөжийг нь хүртэж болохуйц оновчтой хөрөнгө оруулалт байж болохоор.

Одоо харин, цаашид яах вэ гэсэн асуулт тулгарна. Их мөнгөтэй боллоо, юунд зарцуулах вэ?  Энэ мөнгө маань гудамжнаас зүгээр олдсон биш, хүү нь хоногоор урсаж байгаа зээлийн мөнгө. Тэгэхээр буцаагаад мөнгө үйлдвэрлэх үр ашигтай салбарт, хугацаа алдалгүй хөрөнгө оруулалт хийх шаардлагатай нь харагдаж байна.

 Энэ удаагийн болон дараагийн ээлжинд арилжаалах бондоор орж ирсэн мөнгийг ямар ч халамж, тэтгэлэгт зарцуулалгүйгээр, дэд бүтцийн хөгжил, төмөр зам, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд хөрөнгө оруулалт хийнэ хэмээн яригдаж байна. Эдгээр салбарууд нь зөв зүйтэй боловч дотор нь чухам ямар төслийг сонгож хэрэгжүүлэх вэ гэдэг нь чухал юм. Жишээ нь, төмөр замд гэхэд, хаанаас хаа хүртэл зам тавибал илүү үр өгөөжтэй, импортоос илүүтэй экспортын урсгалаа харгалзан тооцоолж үзэх, үндэсний үйлдвэрлэлд гэхэд ямар чиглэлийг түлхүү дэмжих гэх мэт. Авто замын хувьд, аймгуудын төвөө нийслэлтэй хатуу хучилттай замаар холбочихдог бол үнэхээр гайхамшигтай төсөл болохоор. Зам, эрчим хүчний хөгжлөөс маш олон зүйл хамаардгийг хүн бүр мэднэ. 

Зарим эх сурвалжийн мэдээллээр, энэ удаагийн бондын арилжааны 1 тэрбум долларыг төмөр замын их бүтээн байгуулалтад зориулаад, үлдсэн мөнгийг нь өмнөх Засгийн газрын үед арилжаалсан 580 сая долларын бондын өрөнд өгч “шархаа нөхөхөд” ашиглана гэжээ. Эндээс харахад бондын мөнгөө буруу зарцуулбал хойч үедээ өр болж үлддэг нь тод харагдаж байна.

Дараагийн бондын арилжаагаар олох мөнгө үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулагдах бололтой. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих асуудал зөвхөн Засгийн газрын төдийгүй, бүх ард иргэдийн эх оронч сэтгэлгээгээр илэрдэг бол хичнээн сайхан. Идэж уух, өмсөж зүүхээ үндэсний үйлдвэрлэгчдээсээ худалдаж авдаг болчихвол улс орныхоо хөгжил дэвшилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байна гэж үзэж болохоор.

Хэдий болтол бид харь улсын, ялангуяа Хятадын эдийн засгийг дэмжсээр байх юм бэ?  90-ээд оны эхээр хил нээгдэх үед Эрээн хот ямархуу байсан, одоо ямар болсныг санацгаая! Навтгар шавар оромжуудтай “гахайн хорооноос”, нил шил толь болсон “супер” хот болоод байна. Энэ бол бидний, монголчуудын “ач гавьяа”.

 Иймээс бүгдээрээ эх орон гэж худлаа цээжээ дэлдэж, орилж байхаар, бодитоор амьдрал дээр хэрэгжүүлье. Элдэв гадаад брэнд гэж “маяглаж хэлбэрдэлгүйгээр”, эх орныхоо бүтээгдэхүүнийг эдэлж хэрэглэцгээе.  Мөн ирээдүйгээ “барьцаалж” олсон их мөнгөө хамтын хүчээр зөв зүйтэй “эргүүлж”, улсаа хөгжүүлцгээе!

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top