100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн дагуу жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгох асуудал зогсонги байдалд орчихоод байгаа нь байранд орохын тулд хашаа байшингаа зарж 30 хувийн урьдчилгаагаа төлсөн цөөнгүй иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа. Ийм ч учраас 100 мянган айлын орон сууцны зээлийг хүлээж байгаа иргэд хэвлэлийн хурал хийлгэж "Төр засаг ямар нэг арга хэмжээ авч өгөөч ээ" хэмээн удаа дараа мэдэгдсэн билээ.
100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг Засгийн газраас анх 2010 онд зарлаж байв. 2010 онд 341, 2012 онд 82, 206 гэсэн гурван тогтоол гаргаж, энэ хөтөлбөрт багтах орон сууцуудыг зарласан. Тодруулбал, Нийслэлд 110 мянган айлын орон сууц, орон нутагт 21 мянга, нийтдээ 128 мянган айлын орон сууцыг 100 мянган айлын орон сууц энэ хөтөлбөрт хамрагдана гэсэн юм.
Энэ хөтөлбөр хэрэгжих явцад буюу өнгөрсөн жилийн цагаан сарын өмнөхөн С.Батболдын тэргүүлсэн Засгийн газар зургаан хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрт “56 метр квадратаас доошгүй, анх удаа байр авахыг хүссэн иргэдийг зургаан хувийн хүүтэй орон сууцын зээлд хамруулна” гэсэн нь олон хүний анхаарлыг татсан ч барианд орсон нь цөөхөн байв. Засгийн газар Хөгжлийн банкнаас эх үүсвэрийн бонд гаргах маягаар 50 тэрбум төгрөгийг тус банкнаас олгох шийдвэр гаргасан билээ. Энэхүү зээлд хамрагдахаар 4083 иргэн хүсэлт гаргаснаас шаардлага хангасан 3965 иргэний хүсэлтийг Төрийн банкинд шилжүүлжээ. Үүнээс 1081 иргэнд 47,83 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн бол 705 иргэний өргөдлийг дахин судлахаар хойшлуулсан байна. Харин эдгээр иргэдийн асуудлыг энэ бямба гаригийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна. 705 иргэнд зээл олгохын тулд нийт 30 тэрбум төгрөгийн төсөв хэрэгтэй байгаа бөгөөд эхний ээлжинд эдгээр иргэдийн асуудлыг шийдвэрлэнэ.
Зургаан хувийн хүүтэй зээл нь өөрөө тооцоо судалгаа муутай, УИХ-ын сонгуулийн өмнө зарласан учраас энэ тогтолцоогоор үргэлжлүүлэхэд асуудалтай байгаа гэнэ. Засгийн газар таван жилийн дараа Хөгжлийн банкинд зээлийг эргүүлж төлнө. Өөрөөр хэлбэл энэ зээл нь таван жилийн хугацаатай ам.доллараар 5.75 хувийн хүүтэй зээл аж. Гэтэл олгож байгаа зээл зургаан хувийн хүүтэй 20-иос доошгүй жилийн хугацаатай болоод эхлэхээр энэ зөрүү эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөр байгаа юм байна.
Өнөөгийн төр засгийн удирдлагууд орон сууцжуулах өөр бодлого хэрэгтэй хэмээн үзэж Засгийн газраас орон сууцны зээлийн тогтолцоог боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулсан байна. Энэ ажлын хэсгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахалж байгаа аж. Иргэдийг орон сууцаар хангах Үндэсний хороо нь дотроо гурван ажлын хэсэгтэй юм байна. Нэгдүгээрт орон сууцны шинэ хотхон хороолол барих, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцыг дахин төлөвлөх үүрэгтэй ажлын хэсэг. Хоёрдугаарт, орон сууцны санхүүжилтийн механизм, зээлийн тогтолцоог сайжруулах санал боловсруулах ажлын хэсэг байна. Гуравдугаарт гэр хорооллыг барилгажуулах ажлын хэсгийг Э.Бат-Үүл даргаар ахлуулаад ажил нь эхэлчихсэн байгаа ажээ. Ажлын хэсэг судалгаа, дүгнэлтийг хийгээд дараа нь иргэдээ орон сууцжуулах ямар боломж, нөхцөл байгааг судлан аль болох олон иргэнийг байртай болгохын төлөө ажиллах юм байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )