Монголын Үндэсний Бөхийн Холбоо М.Лхагва, Л.Чимид, С.Шагж, О.Аюур, Б.Банзар нарыг яагаад гадуурхан Аварга цолыг нь олгохгүй байна аа!!!

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 11




Монголчуудын тусгаар тогтнол,  үндэсний түүхэн соёлын томоохон дархлаа  болж явдаг уламжлалт үндэсний спорт бол Монгол бөх билээ.  Эрт дээр үеэс баяр ёслолоо “Эрийн Гурван Наадам”, түүний дотор Хүчит бөхийн барилдаанаар хөглөн хийж заншсан бидний хувьд одоогоос 90 гаран жилийн өмнөөс  буюу 1921 оноос эхлэн Ардын Хувьсгал ялсаны ойн баярыг тэмдэглэх болсноор системтэйгээр Монгол бөхийн амжилтыг үнэлж эхэлсэн нь Монгол наадам өнөөг хүртэл нэр хүндтэйгээр үндэсний соёлын томоохон хэсэг болон оршиж байгаад чухал нөлөө үзүүлж буй билээ. 

1921 оноос хойш Монгол Үндэсний бөхийн түүхэнд 20 аварга, 44 арслан цолтон тодруулаад байна. Гэхдээ энэ хугацаанд Монгол Улсын Аварга хэмээх эрхэм алдарыг хүртэх ёстой байсан нэлээд хэдэн алдартнуудыг хайхрамжгүй эрх мэдэлтнүүдийн буруугаас болж хохироосоор байна. Тухайлбал одоогоор улсын Арслан цолтой М.Лхагва, Л.Чимид, С.Шагж, О.Аюур, Б.Банзар нарт Аварга цол хүртэх үндэслэл тов тодорхой байна.  Яагаад гэвэл: 

М.Лхагва /Завхан. Идэр сум/:  Улсын Их Баяр наадамд 1 түрүүлж, 2 үзүүрлэсэн. /1933 онд 10 давж түрүүлсэн. 1931 онд 9 давж үзүүрлэсэн. 1939 онд 8 давж үзүүрлэсэн/ 

Л.Чимэд /Төв. Мөнгөнморьт  сум/:  Улсын Их Баяр наадамд 1 түрүүлж, 2 үзүүрлэсэн. /1935 онд 10 давж түрүүлсэн. 1934 онд 9 давж үзүүрлэсэн. 1936 онд 9 давж үзүүрлэсэн/ 

С.Шагж /Завхан. Тосонцэнгэл сум/:  Улсын Их Баяр наадамд 1 түрүүлж, 2 үзүүрлэсэн. /1930 онд 10 давж түрүүлсэн. 1928 онд 9 давж үзүүрлэсэн. 1929 онд 9 давж үзүүрлэсэн/

О.Аюур /Өвөрхангай. Сант сум/:  Улсын Их Баяр наадамд 1 түрүүлж, 1 үзүүрлэсэн. /1928 онд 10 давж түрүүлсэн. 1927 онд 9 давж үзүүрлэсэн/ 

Б.Банзар /Архангай. Өлзийт сум/:  Улсын Их Баяр наадамд 1 түрүүлж, 1 үзүүрлэсэн. /1929 онд 10 давж түрүүлсэн. 1930 онд 9 давж үзүүрлэсэн/ 

Эдгээр 5 бөх аварга цол авахад хангалттай үндэслэл бүхий амжилтыг үзүүлсэнийг та бүхэн харж байна. Харин одоо Дархан аварга, Даян аварга, Аварга цол хүртээд буй зарим алдарнуудын Улсын Их Баяр наадамд үзүүлсэн амжилтуудыг та бүхэнд танилцуулья.

Дархан аварга Ш. Батсуурь /Говь-Алтай. Жаргалан сум/:  Улсад 2 түрүүлж, 3 үзүүрлэсэн.  /1947, 1948 онуудад 9 даван улсад 2 удаа түрүүлсэн.  1949, 1953, 1957 онуудад 8 давж 3 удаа үзүүрлэсэн/

Улсын аварга Д. Хадбаатар /Төв. Угтаалцайдам сум/:   Улсад 2 түрүүлж, 2 үзүүрлэсэн.  /1976, 1986 онуудад 9 даван улсад 2 удаа түрүүлсэн.  1983, 1985 онуудад 8 давж 2 удаа үзүүрлэсэн/

Улсын аварга Г.Самдан /Хэнтий. Баянхутаг сум/:  Улсад 1 түрүүлж, 2 үзүүрлэсэн.  /1925 онд 10 давж түрүүлсэн. 1923, 1924 онуудад  2 удаа үзүүрлэсэн/

Улсын аварга О.Балжинням  /Увс. Наранбулаг сум/:  Улсад 1 түрүүлж, 2 үзүүрлэсэн.  /1991 онд 9 давж түрүүлсэн. 1994 онд 9 давж үзүүрлэсэн. 1989 онд 8 давж үзүүрлэсэн.

Даян аварга С.Цэрэн /Булган. Сайхан сум/:  Улсад 1 түрүүлж, 1 үзүүрлэсэн.  /1961 онд 9 давж түрүүлсэн. 1971 онд 8 давж үзүүрлэсэн/

Улсын аварга Ж.Цэвээнравдан /Хөвсгөл. Цагаан-Үүр сум/:  Улсад 1 түрүүлж, 1 үзүүрлэсэн.   /1951 онд 10 давж түрүүлсэн.  1946 онд 9 давж үзүүрлэсэн/

Улсын аварга Ч.Бээжин /Хөвсгөл. Цагаан-Үүр сум/:  Улсад 1 түрүүлж, 1 үзүүрлэсэн.  /1970 онд 9 давж түрүүлсэн.  1964 онд 8 давж үзүүрлэсэн/ 

Үнэхээр 1921 оноос хойш Улсын баяр наадамд өндөр амжилт үзүүлж байсан бөхчүүдийн амжилтыг зүй ёсоор үнэлээгүй байсан тул 1994 онд Монголын үндэсний бөхийн холбоо хуралдаж Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Г.Вандан, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Г.Самдан нарт Монгол Улсын Аварга цолыг нөхөж олгосон нь сайшаалтай боловч яагаад тэдэнтэй адил болон илүү амжилттай байсан дээр дурдсан олон алдартнуудыг гадуурхан өнөөг хүртэл таг чиг байна? 

Тухайн үед бөхчүүдэд цолыг нь нөхөн олгосноороо зөв шийдвэр болсон ч Аварга цол хүртэх ёстой 10-аад бөхөөс зөвхөн хоёрыг нь онцолж цол олгосон нь одоог хүртэл Монгол түмнийг гайхшруулсаар ирлээ. Ер нь Монгол бөхийн түүхэнд цол олгож байсан эрх мэдэлтнүүд дураараа буюу тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр асуудлыг шийдэж цол олгож байсан нь дараах баримтуудаар тодорхой байна.  1961 онд 9 даван түрүүлсэн С.Цэрэн начинд  “онцгой жил” хэмээн Улсын аварга цолыг шууд олгосон бөгөөд С.Цэрэнг 1971 онд 8 даван үзүүрлэхэд нь мөн “онцгой жил” хэмээн үзэж Улсын Даян Аварга цолыг шууд олгосон байна. Мөн 1957 онд аварга цолтой Ш.Батсуурийг 8 давж үзүүлэхэд нь /ямар шалтгаанаар нь тодорхойгүй/ Даян аварга, 1963 онд 6 давахад нь /мөн ямар шалтгаанаар нь тодорхойгүй/ Дархан аварга цолыг олгож  байжээ.  Үүнээс ганда зарим жил үзүүрлэсэн бөхчүүдэд нь Арслан цол олгоод зарим жил нь олгодоггүй сонин зарчим үйлчилж байжээ. Мөн шөвгийн 4-т үлдэхэд Арслан цол олгож байсан тохиолдлууд ч бий.  Ийнхүү өгүүлж буйгаараа  тэдгээр цол авсан алдартнуудын цолыг, амжилтыг үгүйсгэсэн хэрэг огт үгүй юм.

Харин миний дээр дурдсан авах ёстой цолоо авч чадаагүй байгаа эрхэмүүдийн цолыг нөхөн олгох нь шударга  бөгөөд бөхдөө хайртай Монгол түмний сэтгэлийг огшоосон, баярлуулсан сайхан үйл явдал болно. Мөн үүгээр зогсохгүй өдгөө арслан цолтой дараах бөхчүүдийн, тухайлбал 1934 онд 1024 бөхөөс 10 давж түрүүлсэн Х.Дэлэг /Архангай. Өлзийт сум/, 1936 онд 1024 бөхөөс  10 давж түрүүлсэн Л.Балсан /Дорнод. Чойбалсан сум/,  1938 онд 1024 бөхөөс 10 давж түрүүлсэн Б.Төрбат /Архангай. Жаргалант сум/, 1931онд 1000 бөхөөс 10 давж түрүүлсэн М.Бэх-Очир /Булган. Сэлэнгэ сум/,  1932 онд 1000 бөхөөс 10 давж түрүүлсэн П.Бат-Очир /Төв. Дэлгэрхаан сум/ нарын амжилт ч Улсын аварга С.Мөнхбатын /Увс. Баруунтуруун сум/ амжилттай ижил байгаа юм.

МҮБХ-ноос бөхчүүдийн үнэлэгдээгүй амжилтуудыг харгалзаж үзэн 1994 онд Г.Вандан, Г.Самдан нарт аварга цол, 1995 онд О.Балжиннямд аварга цол, Д.Мөнх-Эрдэнэд Арслан цолыг дүйцүүлэн олгож байсан нь урьд нь амжилт нь үнэлэгдээгүй хохирсон бөхчүүдэд цолыг нь нөхөн олгоход ямар нэгэн харшлах зүйлгүй гэдэг нь тодхоноо харагдаж байна.

Энд нэг тайлбарыг хийхэд нэгэнт бөхийн цолны тухай сөхөн ярьж байгаа бол өнөөгийн Улсын Гарьд цолтнууд буюу Арслан цолоо авч чадахгүй байгаа бөхчүүдийг яагаад дурссангүй гэж хэлж болох юм. Гэхдээ Арслан цол хүртэх магадлалтай гэгдэж буй П.Сүхбат /1 удаа 8 давж үзүүрлэсэн, 2 удаа 7 давсан/, Б.Гантогтох /3 удаа 8 давж үзүүрлэсэн/, Ц.Цэрэнпунцаг /2 удаа 8 давсан, 3 удаа 7 давсан/ нарын хувьд 9 даваагүй байгаа учир “Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль”-ийн хүрээнд боломжгүй байгаа юм.

Харин дээр дурдсан Аварга цолоо аваагүй байгаа бөхчүүдийн хувьд “Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль”-ийн болзолыг хангасан байгаа, мөн дээр нь Аварга цол авч байсан бусад бөхчүүдтэй ижил /зарим тохиолдолд бүр илүү/ амжилтыг үзүүлсэн байгаа нь эдгээр бөхчүүдэд Аварга цол олгох ёстойг илтгэж байна. Иймээс дээр дурдсан Аварга цолоо аваагүй байгаа бөхчүүдийн үзүүлсэн амжилтанд Монголын Үндэсний Бөхийн Холбоо, бөх судлаач эрдэмтэн мэргэд, бөхдөө хайртай Монгол түмнийг онцгойлон анхаарлаа хандуулж цолыг нь нөхөн олгох ажилд идэвхийлэн оролцохыг уриалж байна.

Hiimori.mn               Б.Мөнх-Эрдэнэ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(182.160.51.62) 2013 оны 04 сарын 08

Бүрэн дэмжиж байна. Бөхийн холбооны Нямдорж л гацаагаад байдаг юм шигээ.

0  |  0
Top